Иргэний нисэхийн ерөнхий газрын /ИНЕГ/ цахилгааны инженер энэ сарын 25-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой энэхүү золгүй явдлаас нэг хоногийн өмнө буюу тавдугаар сарын 24-ний өдөр тохиожээ. Тус өдөр ИНЕГ-ын зүгээс албан ёсны баярын арга хэмжээг зохион байгуулаагүй ч хамт ажилладаг 20 гаруй залуус Гачууртын шар хоолойн аманд байрлах "Оршил" ресорт амралтын газарт ойгоо тэмдэглэсэн байна. Харамсалтай нь, энэ үеэр инженер 40 настай Т нь амралтын газрын өргөтгөл болох хоёр метрийн өндрөөс толгойгоороо унаж нас барсан байдаг. Талийгаач нь Америкт олон жил амьдарч байгаад таван жилийн өмнө Монголд ирж, ИНЕГ-т ажилд оржээ.
Хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст тавдугаар сарын 25-ны өглөөний 07.46 минутад иржээ. Харин хэрэг гарсан амралтын газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэтэл тус амралтын газар албан ёсны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.
Амрагч нь золгүй байдлаар амиа алдсан шалтгаан, тэнд чухам юу болсон, амралт, жуулчны баазуудад ямар бэрхшээл хүндрэл учирдаг болох зэргийг тодруулахаар өчигдөр /2019.05.30/ 18.00 цагийн үед "Оршил"-д очиход ажилчид нь "захирал байхгүй" гэх хоёр үгээр ам таглав.
Амралтын хаалгаар ороход нүдэнд тусахуйц хэсэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээг байршуулжээ. Амралтын газрын өргөтгөлийн хэсэг буюу талийгаачийн унасан газарт шороо асгаж, эргэн тойрныг мяндсан утсаар тусгаарласан байна.
Урин дулааны үед нийслэлчүүд амралт, жуулчны баазыг зорих нь ихэсдэг. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлж эдийн засгаа солонгоруулна гэж төрөөс төлөвлөж, тэрбум доллар олно гэсэн "мөрөөдлийн тооцоо" гаргачихсан. Гэтэл гадаадын жуулчин бүү хэл дотоодын амрагчид ая тухтай, аюулгүй амрах боломжийг амралтын газрууд хэр хангаж чадахгүй байгаа нь дээрх золгүй байдлаас харагдаж буй. Тиймээс нийслэлийн ойр орчим үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газрууд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар оролцоотой байдаг, албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэдэг үү, үйл ажиллагаа нь нь үйлчлүүлэгчдээ таалагддаг уу, эрүүл аюулгүй байдлыг нь хангаж чадах уу зэрэг олон асуулт тавихад хүргэж буй юм.
АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 30-ХАН АМРАЛТЫН ГАЗАР БАЙНА
Нийслэлийн аялал жуулчлалын газарт /НАЖГ/ 2019 онд 182 амралтын газар, жуулчны бааз бүртгэгджээ. Амралтын газар, жуулчны баазууд НАЖГ-аас албан ёсны тусгай зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэдэнд MNS 6043:2009 ерөнхий шаардлага тавигддаг бөгөөд шаардлагыг 90 хувьтай хангасан газруудад НАЖГ-аас тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог талаар албаны хүн ярив. Ингэхдээ жил бүр тусгай зөвшөөрлийг сунгаад явдаг аж.
Нийслэлийн ойр орчим үйл ажиллагаа явуулж, НАЖГ-т бүртгэлтэй 182 амралтын газар байдаг ч албан ёсны зөвшөөрөл авсан нь ердөө 30. Үлдсэн 152 амралт, жуулчны бааз ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Хэрэг гарсан “Оршил” ресорт амралтын газар албан ёсны зөвшөөрөлгүйг албаны хүн тодотгов.
НАЖГ-ын албаны хүний хэлснээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан амралтын газарт хэрэг, зөрчил илэрлээ гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Цагдаагийн байгууллага, НАЖГ-аас үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг ч онцолж байв. Цаашид хуульд өөрчлөлт оруулах санал яригдаж байгаа юм байна.
ЗУРГАДУГААР САРД НМХГ-ААС “ОРШИЛ РЕСОРТ” АМРАЛТЫН ГАЗРЫГ ШАЛГАЛТААР ОРУУЛНА
НМХГ-ын зүгээс 2017-2018 онд "Оршил" амралтын газрын рестораныг эрүүл ахуйн чиглэлээр шалгаад бага эрсдэлтэй, хөдөлмөрийн чиглэлээр дунд эрсдэлтэй үнэлэгджээ. “Оршил” ресорт амралтын газар нь хоёр салбартай бөгөөд тухайн үед шалгалт хийхэд хэрэг гардаг амралтын газар нь ашиглалтад орж амжаагүй байсан байна. Уг нь тус амралтын газарт НМХГ-ын төлөвлөгөөт шалгалт өнгөрсөн дөрөвдүгээр сард орох байсан ч үйл ажиллагаа нь эхлээгүй байжээ. Ирэх зургадугаар сард НМХГ-аас “Оршил ресорт” амралтын газрыг шалгана гэдгийг албаныхан хэллээ.
Журамд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн санкц байхгүй хэмээн эрх бүхий байгууллагууд нь хариуцлагаас зугтаж, харин амралтын газрууд тэрхүү хуулийн цоорхойг ашиглаж хөлжсөөр байна. Хэрэвзээ гэмт хэрэгтэй тэмцэхийг хүсвэл шалтгаантай нь, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн газартай нь хариуцлага тооцох ёстой.
Холбоотой мэдээ