"Хар зайрмаг хүүхдийн гэдсийг өвтгөж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

"Хар зайрмаг хүүхдийн гэдсийг өвтгөж болзошгүй"

"Хар зайрмаг хүүхдийн гэдсийг өвтгөж болзошгүй"

“Батос” зайрмагийн үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн “хар зайрмаг” олны сонирхлыг татаж эхлээд байсан. Идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулан бүтээсэн эрүүл мэндэд тустай гэх тодотголтой энэхүү зайрмаг худалдаанд гараад удаагүй ч хэрэглэгчдээ аль хэдийн татсан юм. Ялангуяа хүүхэд багачуудын дунд тренд болсон энэхүү зайрмагийн орц найрлагад ашиглаж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн  /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон тул гурван тонныг устгасан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас дараах зүйлийг тодрууллаа.


-Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван тонн хар зайрмагийг устгалд орууллаа. Энэхүү бүтээгдэхүүнийг цаашид худалдаанд гаргахыг хориглож байна гэсэн үг үү?

-Энэхүү зайрмагийг үйлдвэрт нь худалдаанд гарч амжаагүй байхад нь шалгаж, устгалд оруулсан. Худалдаанд гарсан зайрмагийг тухайн аж ахуй нэгж компанид таталт хийх үүрэг чиглэл өгсөн байгаа. Таталт хийсний дараа устгалын ажлыг үргэлжлүүлнэ. Ер нь Монгол Улсад мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS стандартад хар зайрмаг тусгагдаагүй.

-Хар зайрмагийг идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулж хийсэн гэдэг нь монголчуудын мэдэх хар нүүрсэн эм мөн гэж ихэнх хүмүүс ойлгож байгаа. Энэхүү зайрмагийн орц найрлагад ашиглаж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг нь тогтоосон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хар зайрмагийн орц найрлагад ашигласан vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153  гэх хүнсний нэмэлт бодис нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS стандартад тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, энэ бодисыг хүнсний нэмэлтээр ашиглахад баталгаатай бус гэсэн үг. Энэ нь  хулсны нүүрснээс гаргаж авсан идэвхжүүлээгүй бодисыг зайрмагт өнгө оруулах байдлаар ашигласан. Уг бодис эрүүл мэндэд тустай биш. Ер нь идэвхжүүлсэн нүүрс гэхээр монголчуудын мэдэх нүүрсэн эм юм. Үүнийг эмийн зориулалтаар ашиглах ёстой. Харин хүнсний зориулалтаар өнгө оруулах байдлаар ашиглаж байсныг үгүйсгэхгүй. Энэ бодисыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ашигласнаар  хүүхэд гэдэс нь гүйлгэж өвдөх эрсдэлтэй. Гэхдээ одоогоор ямар нэгэн хордлого гараагүй.

-Батос компанийн шинэ бүтээгдэхүүндээ ашиглаж байсан Уголь растительный Е-153 бодис нь импортоор орж ирдэг юм уу. Үүнд ямар хяналт тавьдаг вэ. Уг нь худалдаанд гарахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж шалгах ёстой биш үү?

-Монгол Улсад мөрдөгдөж буй Хүнсний тухай хуулиар импортоор орж ирж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн заавал бүртгэгдсэний дараа олон нийтэд худалдаанд гарахаар заасан журмыг Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам батлах ёстой. Гэвч одоог хүртэл энэ журам батлагдаагүй учраас Монгол Улсад бүртгэлгүй Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж компаниуд бүтээгдэхүүндээ ашиглаж байна. "Батос" компанийн шинэ бүтээгдэхүүн хар зайрмагийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд эрүүл мэндэд тустай гэж сурталчилсны дагуу бид уг бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд тустай эсэхийг тогтоохоор тандалт судалгааг хийж, дээрх арга хэмжээг авч ажиллалаа. Одоогоор зайрмагийн орц найрлагад ашиглаж байсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хураасан байгаа.

-Зайрмагийн үйлдвэрээс хэр их хэмжээтэй зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигласан бэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид энэ тухай олон нийтэд албан ёсоор мэдэгдэнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.05.31/ хар зайрмагийг устгалд оруулж, бүтээгдэхүүний дээжээс нянгийн бохирдол илэрсэн асуудлаар мэдээлэл хийх бол “Батос” зайрмагийн үйлдвэрээс ч  бас тун удахгүй албан ёсны тайлбар хийх аж. Тус компанийн ажилтнаас /нэрээ хэлэхийг хүсээгүй/ хар зайрмагийн тухай тодруулахад “Уголь растительный Е-153 бодис нь олон улсад мөрдөгдөж буй стандартад нийцсэн. Харин Монгол Улсад бүртгэлгүй болохыг нь мэдээгүй. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ийм арга хэмжээг авсан болов уу. Худалдаанд гаргасан зайрмагууддаа таталт хийж байна. Зайрмагаас илэрсэн нянгийн бохирдолд хүүхэд хордох боломжгүй. Хадгалалтын явцад л бага зэрэг нян илэрсэн байх. Бид энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийх учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

“Батос” зайрмагийн үйлдвэрээс хар зайрмагийг худалдаанд гаргахдаа идэвхжүүлсэн нүүрсээр өнгө оруулсан, будагч бодисгүй, эрүүл мэндэд тустай гэж тодотгож байсан. Одоогоор тус зайрмагийн тухай мэдээллийг интернет орчинд устгасан байв. Тус компанийнхан зайрмагаа өөрсдөө үйлдвэрлэдэг хэмээсэн ч хоногт үйлдвэрлэх зайрмагийн хүчин чадлыг нууцлав. Устгалд оруулсан хар зайрмагийн асуудлаар ирэх даваа гаригт Батос компанийнхан мэдээлэл  хийхээр төлөвлөжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж