Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар өнөөдөр Дархан-Уул аймгийн бохир усны менежмэнтийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Төслийн зээлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар Монгол Улс Азийн Хөгжлийн банкнаас 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болж байна. Ингэхдээ 9.05 сая ам.долларын зээлийг жилийн 2 хувийн хүүтэй авах бол 9.45 сая ам.долларын зээлийг Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүүнд үндэслэн тогтоосноор авах аж. Лондонгийн банк хоорондын хүү +0.5 хувь, ханшийн зөрүү нь -0.1 хувь, хугацааны төлбөр ба хариуцлагын төлбөр жилийн 0.15 хувь байх юм байна. Дээрх 2 эх үүсвэрийн зээл нь 5 жилийн хөнгөлөлтийн хугацаа бүхий нийт 25 жилийн хугацаатай олгогджээ.
2016 оноос зээлийн хөрөнгө зарцуулалт хийгдэж эхэлтэл улсын өрийн хэмжээнд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
Дархан-Уул аймгийн төв цэвэрлэх байгууламж нь хуучирч элэгдсэн, инженерүүдийн тодорхойлсноор эвдрэх магадлал өндөр юм байна. Төсөл хэрэгжсэнээр төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ, зарим шинэ бүрдэл хэсгүүдийг талбай дээр шинээр барьж, шинэ тоног төхөөрөмж суурилуулах аж.
Шинэ төв цэвэрлэх байгууламжтай болсноор Дархан-Уул аймагт аж үйлдвэрүүд хөгжих, хот болон хөгжих, Хараа голын сав газрын усны болон байгаль орчны чанарыг сайжруулах, хил дамнасан усны бохирдлын хяналтыг сайжруулах бололцоо бүрдэх юм байна.
Г.ДАРЬ