Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Ардчилсан нам өчигдөр Сүхбаатарын талбайд бүх ард түмний жагсаалыг зохион байгуулсан. Тэнд та явж байгаа харагдсан?
-МАН ард түмнээ сайхан амьдруулж, ажил орлоготой, аз жаргалтай болгоно гэж амлаад 65 суудал авсан. Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал улам дордсон. Үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтрээд эхэллээ. Эрүүл мэндийн салбар нь дампуурчихсан, сургуулиуд халдварт өвчний үүр уурхай болсон. Тиймээс би жагсаалд оролцож, Д.Сарангэрэл сайдыг бодлогын дуэльд дуудсан юм.
-Д.Сарангэрэл сайдыг та албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байгаа. Эсрэгээрээ Д.Сарангэрэл сайд таныг дайрч, доромжиллоо гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ?
-Мэдэгдлийг нь уншсан. Миний хувьд Д.Сарангэрэл сайдыг дайрч доромжилсон юм огт байхгүй. Би эмэгтэй хүнийг элдвээр хэлж, харааж зүхээгүй. Хариуцлага л нэхсэн. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг юм л даа. Иргэдийн дундах өвчлөл ямар байна. Нас баралтын төвшин хэр байна. Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого үр дүнгээ өгч чадаж байна уу, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэх зэргээр сайдын ажил дүгнэгддэг.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн дүгнэлт дээр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ёстой 22 арга хэмжээний 17-д нь Д.Сарангэрэл сайд “муу” дүн авсан байна лээ. Энэ бол Д.Сарангэрэл сайдын огцрох нэгдэх шалтгаан. Хоёрт, сүрьеэгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэтэл сайдаас ажлын хариуцлага нэхэхээр дайрч доромжилсон асуудал болдог юм байна л даа.
Уг нь ажлыг нь хийж чадна, эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж сайд болсон байлгүй. Улс төрд явж байгаа хүний хувьд сайн, муу үг сонсож л таарна. Эмзэг, турьхан хүмүүсээс илүү энэ салбарыг мэддэг, зангиддаг, бодлого боловсрууллаг хүн хэрэгтэй байна. Гуравт Эрүүл мэндийн яам авилгал хээл хахуульд идэгдэж, олон хүн баривчлагдлаа. Тэр дотор сайдын дотны хүн, туслахаар ажиллаж байсан хүн нь хүртэл хууль, цагдаагаар шалгагдаж байгаа.
-Сүрьеэгийн асуудал бол Монголын нийгмийн айдас болсон нь үнэн. Гэхдээ Д.Сарангэрэл сайдын үед гэнэт л сүрьеэгийн өвчлөл дэгдчихээгүй. Эрүүл мэндийн үе, үеийн удирдлагууд, Засгийн газрын сайдууд бүгд буруутай биш үү?
-Сүрьеэ дэгдэлт өнөөдөр үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Нийгмийн халдвартай, ноцтой өвчин. Гурван сургуульд зэрэг дэгдэлт гарна гэдэг сүрьеэгийн тархалт газар авсны илрэл. Сайд ажлаа хийхгүй, эсвэл мэдэхгүй, тэнцэхгүй байна гэсэн үг. Бодлого нь болохгүй, удирдаж байгаа хүний онолын мэдлэг чадвар дутагдаж байгаа нь илт харагдаж байна.
-Уг нь сэтгэл, зүтгэлтэй л ажиллаж байгаа харагддаг шүү дээ?
-Салбарынх нь үзүүлэлт хийсэн ажил, төрийн бодлогын, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтээр үнэлэгдэх болохоос мянган сайхан сэтгэлээр явагдахгүй. Би ч хувь хүний хувьд сайдыг муу хүн гэж огт боддоггүй. Д.Сарангэрэл сайдыг анх ажлаа авахад нь би цахим хуудсаараа дамжуулж, 21 зөвлөмж өгсөн. Эмч хүнийхээ хувиар, энэ яаманд ажиллаж байсны хувьд онцгой анхаарах ёстой асуудлуудыг жагсаагаад бичсэн зөвлөмж байсан юм. Түүн дотор сайдаас нийслэлийн сурагчдын дунд байгаа далд сүрьеэгийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн. Харамсалтай нь миний өгсөн зөвлөмжийг тусгаж аваагүй бололтой. Далд халдварыг эртхэн илрүүлэх, эмчлэх тал дээр юу ч хийхгүй байсаар хот хөдөөгийн гурван сургуульд маш том дэгдэлт гарлаа. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой л ил болж байна. Д.Сарангэрэл сайд огцорсноос юу өөрчлөгдөх юм бэ гэж зарим хүмүүс асууж байна лээ. Үнэхээр салбарын байдал ноцтой байгаа учраас л түүнийг огцруулах шаардлага тавьж байгаа юм. Би улс төрөөс, эрх баригчдаас хариуцлагын тогтолцоог нэхсэн. Түүнээс Д.Сарангэрэлтэй хувийн болон хувьсгалын ямар нэгэн зөрчил байхгүй ээ. Түүнийг ажлаа аваад өнөөг хүртэл хэр ажиллахыг нь маш тэвчээртэйгээр ажигласан. Өнөөдөр Монголд эрх ямба эдлэх болохоороо “би чадна, би хийнэ, би үүрнэ” гэдэг. Гэтэл хариуцлага хүлээх болохоор улстөржлөө гэх юм. Зөвхөн Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаад байгаа юм биш. Сүрьеэтэй ингэж тэмцээч гэсэн хүсэлт ч бас тавьж байна.
-Ямар хүсэлт?
-Нийслэлийн бүх сурагчдыг сүрьеэгийн шинжилгээнд яаралтай хамруулж, далд халдваруудыг илрүүлээд, эмчлээд өгөөч ээ гэж. Гэтэл ажил явахгүй байна. Өнөөдрөөс бага ангийн сурагчид амарна. Дунд ангийнхан удахгүй тарлаа. Уг нь сургууль тарахаас өмнө сүрьеэгийн шинжилгээ хийгээд урин дулаан цагийг ашиглаад халдвартай өвчтөнүүдээ эмчлээд авах ёстой байсан. Сүрьеэгийн халдвартай хүүхдүүдийг Монголд хоцрогдсон аргаар буюу 6-9 сарын курсээр эмчилж байгаа. Харин дэлхийн анагаах ухаанд гурван сарын богиносгосон курс эмчилгээг ашиглах болсон. Энэ богиносгосон эмчилгээг хэрэглээд, зуны нар, агаарт, цагаан идээнд халдвартай хүүхдүүдээ эмчлээд есдүгээр сарын 1 гэхэд эрүүл сурагчидтай хичээлийн шинэ жилийг угтъя гэсэн санаа. Хүлээж авах үгүйг мэдэхгүй байна.
-Та энэ салбарт дэд сайдаар ажиллаж байсан. Тэр үедээ энэ бүх саналаа ажил хэрэг болгож болоогүй юм уу. АН засаг барьж байхдаа, Ж.Амарсанаа өөрөө дэд сайд хийх үедээ сүрьеэг илрүүлээд эмчлээд явахгүй, одоо яагаад улстөржөөд байгаа юм бэ гэж МАН-ынхан танаас асуух байх ?
-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байх үедээ би сүрьеэгийн тандалт судалгааг эхлүүлсэн юм. 2012-2014 оны үед шүү дээ. Намайг дэд сайд байх үед манай улс сүрьеэгийн тандалт судалгааг огт хийгээгүй, олон жилийн өмнөх хуучин судалгаатайгаа сууж байсан. Тэр үед салбарын мэргэжилтнүүдтэйгээ хамтраад “Глобаль” сангаас хөрөнгө мөнгө гаргуулж, ДЭМБ тай хавсраад санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Сүрьеэгийн тандалт судалгаа хоёр жил үргэлжилсэн. Маш их цаг, хөрөнгө мөнгө ч орсон.
Энэ тархалтын судалгааны ачаар сүрьеэгийн халдвар болохоо байсныг 2016 онд олж мэдсэн. 100,000 хүнд 428 халдвартай нь тогтоогдсон. Зарим насны бүлэгт 100,000 д 560 гаруй хүн халдвартай байсан. Энэ нь бидний төсөөлж байснаас гурав дахин их тоо л доо. 428 хүнийг гурван сая хүн амдаа тооцохоор дор хаяж 12800 гаруй хүн жилдээ сүрьеэгийн идэвхитэй халдвар авч байна гэсэн үг. Гэтэл бид тэндээс жилдээ ердөө 4000-ыг буюу гуравны нэгийг нь илрүүлж, эмчилж чадаж байна.
Тун хангалтгүй тоо. Бид номхон далайн баруун бүсийн 37 орны дотроос сүрьеэгийн өвчлөлөөр дээрээсээ 4-т жагсаж байна. Мөн Харвардын их сургууль, Монгол судлаачидтай хамтраад (MHI) сургуулийн насны 9000 хүүхдэд тархалтын судалгаа хийсэн. Тэр судалгааны дүнд сургуулийн хүүхдүүдийн сүрьеэгийн далд халдвар 10 хувьтай байна гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 9000 мянган хүүхдийн 910 нь далд сүрьеэтэй, үүний 13 хувь буюу 100 гаруй нь идэвхтэй сүрьеэтэй байсан. Тийм сүрхий юм бол дэд сайд байхдаа сүрьеэгээ эмчлэхгүй яасан юм бэ гэж нүүр номоор шүүмжлэх хүмүүс байгаа. Тандалт судалгааны дүн гарах үед би аль хэдийн дэд сайдын суудлаа өгчихсөн байсан. 2014 онд би ажлаа өгсөн хүн шүү дээ. Харин 2016 оноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байхад Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам юу хийв. Д.Сарангэрэл сайдыг ажлаа авангуут 2017 оны аравдугаар сарын 20 нд би халдварт өвчин дотроос сүрьеэд илүү анхаарч ажиллахыг хүссэн. Миний постын дор би таны зөвлөмжийг харлаа, анхааралдаа авъя гэж хариу өгч байсан. Д.Сарангэрэл сайд энэ асуудлыг огт мэдээгүй явж байгаад гэнэт саяхан л мэдсэн юм биш. Мэдэж байсан ч шийдвэр гаргахгүй явсаар ийм ноцтой байдалд хүргэсэнд хариуцлага түүнээс нэхэж байна. Хариуцлага тооцож чаддаг, өндөр ёс зүйтэй улс оронд байсан бол огцрох байтугай асуудал үүсчихлээ.
-Сүрьеэгийн тархалтыг Д.Сарангэрэл сайдаас гадна ҮАБЗ-ийн гишүүд ч анхаарах ёстой асуудал байх, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд оччихсон. Та зөвлөхийнх нь хувьд Ерөнхийлөгчид хандсан уу?
-Энэ бол Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил биш салбарын сайдын үүрэг. Гэхдээ төрийн тэргүүн маань маш их анхаарал хандуулж байгаа. Эрүүл мэндийн салбарт бодлогыг нь боловсруулж, зангидаж, удирдаж ажиллана гээд сайд болсон байх. Тэгэхээр улс орны үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойчийн эрүүл мэндийн асуудал дээр улстөржлөө гэх хэрэггүй. Ер нь эрүүл мэндийн салбарыг хэн дуртай нь ирж удирдаад, мэдэж чадаад явчихдаггүй. Сайдын маш сайн мэддэг сэтгүүлзүйгээс тэс өөр, эмзэг салбар шүү дээ. Сүрьеэ ноцтой халдварт өвчин. Шүлс, ам, агаараар дамжин халдварладаг. Хэдийгээр эмэнд мэдрэг өвчин боловч эмэнд тэсвэртэй болж мэднэ. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бол эдгэршгүй өвчин болж хувирдаг. Жилдээ манай оронд 230-250 аад хүн сүрьеэгээр нас барж байна. Сүрьеэгийн гаралтай нас бaралт цаашид ихсэх тал руугаа орчлоо. Өнөөдөр бид дэгдэлт гарсан гурван сургуулийн асуудлыг ярьж байна. Гэтэл цаана нь дэлбэрэхэд бэлэн хэчнээн сургууль байгааг хэн ч ярихгүй байна. Сүрьеэгийн халдвартай нэг сурагч аль нэг ангид байхад цаашаагаа халдварлаад явах боломжтой. Эрүүл мэндийн салбар сүрьеэгээс өөр маш олон асуудал хуримтлагдсан байгаа.
-Монголын эрүүл мэндийн салбар дампуурсан гэдэгтээ санал нэг байна. Сүрьеэ, хавдар, бэлгийн замын халдварт өвчин нийгмийн асуудал болсон. Энэ бүхэн юунаас болж байна вэ. Хөрөнгө мөнгөнөөс үү, бодлогын алдаанаас уу, эсвэл мэргэжлийн бус хүмүүстэй холбоотой юу. Бүр иргэдээс өөрсдөөс нь үү. эмч мэргэжилтнүүдийн чадавхаас болов уу?
-Мөнгөнөөс л лав биш шүү. Бид бүх асуудлаа мөнгө рүү чихэх дуртай ард түмэн болжээ. Өнөөдөр Монгол улс эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дэлхийд 145 орж байна. Гэтэл манай улсаас мөнгө багатай Морокко улс эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дэлхийд 29-д явж байна. Тэгэхээр асуудал мөнгөндөө биш, бодлого, манлайлал, менежментдээ байгаа хэрэг. Манай эрүүл мэндийн салбар урагшаа биш арагшаа яваад байна. Хэдхэн статистик хэлье. Элэгний өвчний нас баралтаар Монгол дэлхийд нэгд ордог, ходоодны хавдрын нас баралтаар дэлхийд мөн л нэгд бичигдэж байна. Цус харвалтын гаралтай нас баралтаар нэг, хааяа хоёрт орж байна. Монгол хүний амьд явах эрх улам бүр алдагдаж байна. Өнөөдөр гэхэд Монголын сурагчдын 10-ны нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна. Та эрүүл мэндийн дэд сайд байхдаа юу хийсэн бэ гэж та дахиад асуух байх. Би зүрх судасны болон элэгний өвчинд анхаарч ажилласан. Монголд зүрх судасны, элэгний өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаанууд. Зүрх судасны өвчин хөдөлгөөний дутагдал, транс тосны болон бусад өөх тосны замбараагүй хэрэглээтэй холбоотой. Транс тосны импортыг уг нь хязгаарлах ёстой юм. Тийм ч учраас Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрт транс тосны хэрэглээг бууруулахаар тусгаж өгсөн. Даанч хөтөлбөр хэрэгжүүлээд ч хууль нь батлагдаагүй бол нэмэргүй юм билээ. Тиймээс одоо транс тосны хэрэглээг бууруулах хуулийн төсөл боловсруулж байна. АН-ын зөвлөлийн гишүүд юм уу Ерөнхийлөгчөөс уг төслөө УИХ-д өргөн барихыг гуйна даа. Эрүүл мэндийн салбарын уналт олон шалтгаантай. Гэхдээ сүрьеэгийн хувьд манай эмч нар огт буруугүй. Тэд чадлаараа ажиллаж байгаа. Эмч нар ачааллаа дийлэхгүй байна. Өнөөдөр Монголд сүрьеэгийн эсрэг маш том бүтэц, шинэ арга барил хэрэгтэй болжээ. Үүнийг л сайд санаачилж, хийх ёстой юм.
-Тэгвэл сүрьеэгийн дэгдэлтийн шалтгаан юу вэ. Яагаад ийм том асуудал болчихов оо. Агаар, хөрсний бохирдлоос болсон уу. Сүрьеэг ядууралтай шууд холбоотой өвчин гэгддэг шүү дээ?
-Сүрьеэгийн халдварын гол шалтгаан бол халдвартай хүн. Халдвартай хүнийг эмчилж байж л сүрьеэгийн тархалтыг зогсооно. Бидний хамгийн том алдаа нь 16 оноос хойш ийм өндөр тархалттай далд сүрьеэ байгааг мэдсээр байж юу ч хийгээгүй явдал. Сүрьеэг эмчлэхгүй бол халдвар тараагаад л яваад байна. Тиймээс эртхэн илрүүлээд, эртхэн эрүүл болгоод авъя гээд сануулаад байна. Уржигдар сайд тавин рентген аппарат нэмж авахаар болсноо мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Рентген аппарат дутсандаа сүрьеэ тархаад байгаа юм биш. Тандалтаа муу хийсэнтэй холбоотой. Үнэндээ сүрьеэгийн эмч нарын тоо хүрэлцэхгүй байна. Гэтэл эрүүл мэндийн салбар нь эмч, боловсон хүчний илүүдэлд орчихсон. Илүү гараад байгаа эмч нараа дахин сургаад мэргэшүүлээд сүрьеэгээ эмчилж, дарж авах ёстой.
-Д.Сарангэрэл сайдыг эсэргүүцээд байгаагийн ард танд ямар хувийн эрх ашиг байхгүй гэж үү. Үнэхээр улс орныхоо эрүүл мэндийн төлөө улстөржөөд байгаа хэрэг үү?
-Д.Сарангэрэлийг огцруулаад Амарсанаа өөрөө сайд болох нь гэж зарим хүмүүс ойлгоод байх шиг. Тийм зүйл огт байхгүй, боломжгүй асуудал шүү дээ. Би Ардчилсан намын гишүүн. Ардын нам өнөөдөр засаг барьж байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна.
МАН засаг барьж байхад би ямар юмных нь сайд болох вэ. Мэргэжилтэн ч хийх боломжгүй. Би түрүүнд хэлсэн дээ. Д.Сарангэрэл сайдтай муудалцах ямар нэгэн хувийн шалтгаан надад байхгүй гэж. МАН-ын засаг барих хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ, энэ үлдсэн нэг жилд эрүүл мэндийн салбарт дорвитойхон өөрчлөлт хийх зоригтой, мэдлэг чадвартай хүн МАН-д байдаг бол түүнийгээ яаралтай тавих хэрэгтэй болж.
Бүгдийг нь хийх хугацаа угаасаа үлдээгүй, тиймээс чухлыг нь хийх ёстой. Харин шинээр тавигдсан сайд нь ажлаа олигтой хийхгүй бол дахиад хариуцлага ярина.
-Элэгний С вирусын өвчлөл өнөөдөр ямар байгаа вэ. Та энэ асуудалд дэд сайд байхдаа багагүй анхаарал хандуулсан?
-Өнгөрсөн хугацаанд Монголд 40 гаруй мянган хүн элэгний С вирусын эсрэг эмчилгээ хийлгүүлсэн. Энэ 40 гаруй мянган хүн нийт элэгний С вирустэй монголчуудын дөнгөж 20 хувь. Гэтэл МАН-ынхан 2020 хүртэл С вирусээ бүрэн устгана гээд амлачихсан байдаг. Цаана нь олон хүн эмчилгээндээ орохгүй сууж байна. Тиймээс “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг эрчимжүүлмээр байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөр элэгний В,С вирусын эсрэг эмчилгээнээс гадна хатуурал, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх зорилготой байсан. Харамсалтай нь, бас олигтой явсангүй. Элэгний Д вирусын ажил бас явахгүй байна.
-Та Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга. Тэгэхээр таны шаардлага улс төрийн, бүр тодруулбал, Ардчилсан намын нэг акц гэж харагдаж байгаа нь бас худлаа биш?
-Улстөржихгүй бол миний үгийг Д.Сарангэрэл сайд сонсох уу. Тэгээд ч сайд бол улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтнаас улс төрийн аргаар нь хариуцлага нэхэх ёстой. Сүүлийн тавь, жаран жилд сүрьэегийн ийм том дэгдэлт гарч байгаагүй. Гэтэл энэ өвчин эмчилгээгээ сайн хийлгэвэл эдгэрдэг, тандалт хийж өвчтөнөө далд, эрт үед нь илрүүлж болдог өвчин. Вирусээр биш бактериэр үүсгэгддэг өвчин. Ийм өвчнийг том дэгдэлт үүстэл хяналтаас алдана гэдэг хариуцлага яригдахаас өөр аргагүй.
-Эрүүл мэндийн сайд мэдэгдэлдээ “Ж.Амарсанаа хуурамч баримтаар 758 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх магадлалтай байна” гэсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Хэвлэлээр намайг гүтгэж, харлуулж эхэлж байна л даа. Хэрвээ би наад мөнгийг чинь идэж уусан бол МАН-ынхан намайг аль хэзээний гавлаад ачаад явах байсан байлгүй дээ. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хамгаалалт дор хүнийг гүтгэж болохгүй. Тэгээд бас “авсан байж магадгүй” гэсэн байгаа юм аа. Надад анхаараад, намайг хэвлэлээр бичүүлээд байгаа энэ их мөнгөө сүрьеэдээ зарцуулаач,сүрьеэгээ эмчлээч ээ. Энэ зуны 3 сар алтнаас илүү үнэтэй байна.
Холбоотой мэдээ