Төр зөвшөөрөл өгсөн газраа дээрэмдэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Төр зөвшөөрөл өгсөн газраа дээрэмдэж болохгүй

Төр зөвшөөрөл өгсөн газраа дээрэмдэж  болохгүй

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас  уржигдар /2019.05.29/ гаргалаа. Олон нийтэд ч таалагдав. Зарим нэг нь “Барилгыг нь буулгаад өг, буулгалцаад өгье” гэж дэмнэв.

Анх 5220 га газартай байсан “Найрамдал” зуслан өдгөө 1200 га газартай үлдсэн нь дөрөвний гурав нь бусдын эзэмшилд очсон гэсэн үг юм.  Гэхдээ хэвлэлүүдийн гаргаж тавьсан жагсаалт баталгаатай бол нэг ч аж ахуй нэгж, иргэн хууль зөрчиж “Найрамдал”-аас газар аваагүйг харж болно. Нийт 90 гаруй хуулийн этгээдэд  Нийслэл болон Сонгинохайрхан дүүргээс захирамж гарч, газар эзэмших зөвшөөрөл олгожээ.

Тэр бүү хэл өөрсдөө хүсэлт гаргаагүй ч олимпийн аваргуудаа ногоон бүсэд бусад улсын аваргууд шиг амьдруулах ёстой гээд хотын даргадаа үүрэг өгч шийдвэр гаргуулан "Найрамдал"-д зуслантай болгосон тохиолдол ч бий. Тэднийгээ одоо "яллаж" газрыг нь хураан, байшинг нь нураах юмдаг уу даа?.

Хэдэн улстөрч газар эзэмшиж байна, тэднийг танил тал, албан тушаалын эрх мэдлээ ашиглаж газартай болсон гээд шууд хардан, эзэмших эрхийг нь цуцлах юм уу, хаашаа юм.

Нийт газар эзэмшигчдийн зөвшөөрлийг он дарааллаар хөөвөл анхны зөвшөөрөл 2007 онд олгогдсон бол хамгийн сүүлд 2016 онд иргэн Ц.Даваасүрэн , “Пиэрл” ХХК-д  тус, тус газрын зөвшөөрөл олгожээ.

Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ гаргаад газар эзэмших зөвшөөрөл авсан, жил бүр газрын төлбөрөө төлж ирсэн бол хууль зөрчсөн үйлдэлд  тооцогдохгүй.  Харин хууль ёсоор эзэмшиж байгаа газартаа барьсан барилгыг төр буулгавал хууль зөрчөөд зогсохгүй нөхөн төлбөр төлөх шаардлага үүснэ.  Хувийн өмч хуулиар хамгаалагдана гэдгийг Үндсэн хуульдаа тунхагласан улс.

Иймээс Засгийн газрын хувьд “Найрамдал” зуслангийн эзэмшилд байсан газраас бусад хуулийн этгээдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрөл хэдэн жилийн хугацаатай  бэ гэдэгт л анхаарал хандуулж ажиллах шаардлага тулгарч байна.

Эзэмшлийн газрыг ихэнх тохиолдолд 15 жилээр олгосон байх нь олонтаа. Энэ хугацаагаар хөөж үзвэл эхэлж олгогдсон эзэмшил газрын хугацаа 2022 онд дуусах бол сүүлийнх нь 2031 оноос нааш дуусахгүй. Тэр болтол хэдэн ч Засгийн газар солигдож мэднэ. Сонгуулийн циклээр хөөвөл дөрвөн ч парламентын нүүр үзэж байж, “Найрамдал” зуслангийн газрыг 5220 га-д хүргэх нь.

Нөгөөтэйгүүр, Засгийн газар шийдвэрээ ажил хэрэг болгоно гэвэл дээрх 90 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших хугацааг сунгах боломжгүй байхаар эрх зүйн орчныг нь баталгаажуулдаггүй л юм бол эзэмшил газрыг сунгаад явах боломжтой. Эзэмшиж байгаа газраа өмчилж ч болно.  Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж байгаа иргэдэд газраа өмчлөх эрх нээлттэй хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн хүрээнд газар эзэмших, өмчлөх эрх зүйн маш тодорхой зохицуулалт үйлчилж байхад хүүхдийн байгууллагын газраас сэтгэлгүй хулгайч  хулгайлсан гэдэг өнцгөөр хандаж, байшин барилгыг нь нураана гээд бульдозер оруулаад дайруулбал төр дээрэмчин болж хувирна. Шүүхэд маргаан очиход хуулийн дагуу газар эзэмшсэн хуулийн этгээд ялж, хохирлоо барагдуулахаас биш хүүхдийнх ч байна уу, ардаа төрийн шийдвэртэй байлаа ч ялагдана.

Шүүх хууль барьж шийдвэр гаргадаг болохоос биш Засгийн газрын зорилгыг зөвтгөхийн тулд шийдвэр гаргадаггүй юм.

Хууль зөрчсөн хэнбугайг ч төр өмөөрч, ивээлдээ авах ёсгүй ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэнийг ч буруутгаж, чичлэх ёсгүй. Тэр тусмаа төр нь зөвшөөрөл өгчихөөд буцаагаад түүнийгээ дээрмийн аргаар авч болохгүй.

"Найрамдал" зусланд хэн, хэн газар эзэмшиж байна вэ? 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж