УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийтдээ найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч ердөө эхний хоёр асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Чуулганы хуралдаан сунжирсан нь Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг цаг нилээд авсантай холбоотой.
Уг асуудлыг хэлэлцэж дуусалгүй үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаг гаруйн хугацаанд гишүүдийн асуултад хариулсан.
Ингээд үргэлжлүүлэн үдээс өмнө дутуу орхисон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийж, 40 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураан, байнгын хороонд шилжүүлсэн юм.
Харин хамгийн сүүлд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан 17.30 цагт өндөрлөлөө.
Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааны хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Галын аюулгүй байдлын тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч ажлын цагт багтсангүй хойшиллоо.
АЖ ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Тогтоолын төслийн талаар тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 40, найруулгын шинжтэй 12 санал гаргасныг дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилан нэг бүрчлэн санал хураасан юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллууд нь хэл найруулгын хувьд ойлгомжгүй, нэр томьёо нь оновчгүйгээс хэлэлцүүлгийн явц сунжирч их цаг алдаж байгааг шүүмжилсэн. Харин байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Ажлын хэсэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд багагүй цаг зарж, сайн ажилласан гэж үзэж байгаа. Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэр томьёо, найруулгыг дахин нягтлах үүргийг ажлын хэсэгт өгсөн. Гэхдээ хуралдаанаас хойших богино хугацаанд зарчмын зөрүүтэй энэ олон саналыг агуулга, хэл найруулга, нэр томьёоны хувьд сайтар нягтлах боломж ажлын хэсэгт бага байсан” гэсэн юм.
УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОХОД УИХ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайдын мэдээлснээр орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хүрээнд 67 мянга 612 иргэнд 2 их наяд 957 тэрбум төгрөгийн зээл, 1657 иргэн, ахмад дайчдад орон сууцны буцалтгүй тусламж үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн орон сууцны зээлийн 70.2 хувийг 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж байгаа бол 24.2 хувийг банкны эх үүсвэрийн зээл эзэлж байна.
Тэрбээр “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэддээ бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал чухал байна. Иймд ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 20 хүртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй, мөн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 20 хувийг урт хугацаанд төлөх боломж бүрдэх юм. Ингэснээр зээлийн тогтолцоонд эрсдэл гарахгүй. Хэрэв УИХ бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар энэ талаар бололцоотой бүхий л хэлбэрээр ажиллахад бэлэн байна" гэсэн юм.
НИСЭХ БУУДЛЫН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
УИХ-ын чуулганаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв. Тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжсэнээр нисэх буудлын нэмэлт санхүүжилтын асуудал шийдэгдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн Зээлийн гэрээг 2008 оны тавдугаар сард байгуулж байжээ. Хоёр тал Бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй. Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Засгийн газраас дэмжээд, холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх шийдвэрийг гаргасан юм.
Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан, зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоожээ. Төслийн захирал н.Энхбатын хэлснээр төслийн санхүүжилт гурван үндсэн хүчин зүйлээс болж нэмэгдсэн байна. Үүнд нисэх буудлыг анхны зураг төслөөс өргөтгөсөн, барилгын талбайг нэмсэн , ТЭЗҮ-г 2006 онд хийж, ажлаа найман жилийн дараа эхэлсэн, Монголын талын хариуцах ёстой зардлыг зээлд авахаар болсон зэрэг нь нөлөөлжээ.
Хуулийн төслийг баталснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
С.ОТГОН
Холбоотой мэдээ