УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дууслаа.
Тогтоолын төслийн талаар тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 40, найруулгын шинжтэй 12 санал гаргасныг дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилан нэг бүрчлэн санал хураасан юм. тухайлбал төслийн хавсралтын 4.2.1.2 дахь дэд заалтыг "монгол гарал үүсэлтэй, үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих;" гэж өөрчлөн найруулах саналаа ажлын хэсэг татаж авснаар төслийн энэ заалт Засгийн газраас оруулж ирсэн анхны хувилбараар үлдээсэн. Мөн “соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд “….соёлын бүтээлч аж үйлдвэрийг улс орны угсаатны зүй, соёлын онцлог, соёлын өв, дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлан дэвшилтэт техник, технологи, инновацийн үндэсний тогтолцоонд тулгуурлан цогц хэлбэрээр үүсгэж хөгжүүлэх, тус салбарт мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүн бий болгох; олон улсын соёлын статистикийн хүрээг нэвтрүүлэх;" гэсэн агуулга бүхий заалт нэмэх санал гаргажээ. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллууд нь хэл найруулгын хувьд ойлгомжгүй, нэр томьёо нь оновчгүйгээс хэлэлцүүлгийн явц сунжирч их цаг алдаж байгааг шүүмжилсэн. Харин байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Ажлын хэсэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд багагүй цаг зарж, сайн ажилласан гэж үзэж байгаа. Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэр томьёо, найруулгыг дахин нягтлах үүргийг ажлын хэсэгт өгсөн. Гэхдээ хуралдаанаас хойших богино хугацаанд зарчмын зөрүүтэй энэ олон саналыг агуулга, хэл найруулга, нэр томьёоны хувьд сайтар нягтлах боломж ажлын хэсэгт бага байсан” гэсэн юм.
Ингээд 40 гаруй саналааар нэгбүрчлэн санал хураалт явуулж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Харин одоо Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
С.ОТГОН