“Энэхүү тэмцээн Монгол Улсынхаа төлөө тангараг өргөсөн мөрдэс нэгтнүүдийн мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болж байна”
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр оролцож үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Эрхэм хүндэт цэрэгжлийн спортын мастерууд, баг, тамирчид аа,
Эх орондоо тангараг өргөсөн мянга, мянган цэргийн албан хаагчдаас эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараараа шалгаран Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцох эрхээ ханган биелүүлсэн баг тамирчид Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө зүрх, сэтгэлээрээ тангараг өргөсөн цэргүүд маань улсынхаа нэрийг даян дэлхийд сайнаар дуурсгаж явна. Манай Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэн, тэсвэр хатуужил, цэргийн эрдэм, сахилга зохион байгуулалтаараа гайхагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжжээнд цэргүүдтэйгээ хамт оролцож, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, түүхэн гавъяаг дэлхий дахинд дахин сануулж, дуурсгалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэнд нэмэлт урамшуулал олгох, нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэж шийдвэрлэх, цэргийн алба хаах хугацааг мэргэжлийн боловсрол олгох, цэргийн алба хаагчид амьдрал, ажлын гараанд бэлтгэгдэж чадваржих хугацаа болгон чанаржуулж, цэргийн боловсрол, цэргийн албаны нэр хүндийг өргөх бодлого, үйл ажиллагааг дэмжих чиглэлд анхаараан ажиллаж байна. Их дээд сургуульд суралцаж байгаа цэргийн насны залуусыг цэргийн алба хаах нөхцөл боломжоор хангах зорилгоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг санаачилж, холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлж байна. Мөн “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ.
Мөн 2014 оноос эхлэн анх удаа Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг цэрэг, хүчний байгууллагын нийт алба хаагчдад биеийн жингийн индексийн судалгаа явуулж эхэлсэн билээ. Энэ үйл ажиллагаа цаашид нийт цэрэг, хүчний байгуулагуудад хэвшинэ гэдэгт итгэж байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа энэхүү марш тактикийн тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд улам бүр өсөн нэмэгдэж, Монгол Улсынхаа төлөө тангараг өргөсөн мөрдэс нэгтнүүдийн мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болж байна. Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар төрийн цэргийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо улам сайжирч, мэдлэг, туршлагаа харилцан шуурхай солилцох нөхцөл бүрдэх ба бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадамж, ачаалал даах чадвар, алба хаагчдынхаа бэлтгэлжилтийн түвшинг үнэлж дүгнэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд бие бүрэлдэхүүнээ бэлтгэн оролцуулж байгаа Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлэхийн ялдамд баг тамирчдад спортын их амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн цог жавхаа мандан бадрах болтугай” гэлээ.
Эх сурвалж: www.president.mn