Монголын барилгын үндэсний ассоциацийн 4 дүгээр чуулган болов

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Монголын барилгын үндэсний ассоциацийн 4 дүгээр чуулган болов

Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлж, хамт олныхоо ашиг сонирхлын илэрхийлэл, дуу хоолой болж байгаа МБҮА-ийн гишүүн байгууллагууд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд эв нэгдэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтын олон чухал томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн амжилтаар саяхан 10 жилийнхээ ойгоо тэмдэглэсэн МБҮА нь ээлжит 4 дүгээр чуулганаа 2019 оны 5-р сарын 29-ны өдөр “Холидэй Инн” зочид буудал амжилттай зохион байгууллаа.

Чуулганаар МБҮА-ийн 2016-2018 онд хэрэгжүүлсэн Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, МБҮА-ийн 2018-2022 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж дүрэмдээ өөрчлөлт орууллаа.

Мөн 3 жил тутамд удирдах бүрэлдэхүүнээ шинээр сонгодог дүрмийнхээ дагуу зохион байгуулалтын асуудыг хэлэлцэж 35 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл болон 5 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлийг сонгож, шинээр сонгогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн анхдугаар хуралдаануудаар удирдлагуудаа сонголоо.

Чуулганы хэлэлцсэн асуудлуудаар санал хураах сонгуулийн үйл ажиллагааг МБҮА анх удаагаа “Добу Технологи”  ХХК-ийн дэмжлэгтэйгээр цахимаар явуулсан нь цаг хэмнэсэн, санал хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгосон шинэлэг ажил болов.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар МБҮА-ийг 2018-2022 онд удирдаж ажиллахаар МБҮА-ийн Ерөнхийлөгч, “Макс өргөө” ХХК-ийн захирал Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Цаст групп” ХХК-ийн захирал Н.Баярсайхан нарыг удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар улираан сонгосон бол “Заг групп” ХХК-ийн Захирал Б.Нэмэхбаатар, “Эко Констракшн” ХХК-ийн Захирал С.Нямдаваа, “Роял Нью Кэстл” ХХК-ийн Захирал Д.Өнөрболор, “Номин Констракшн Девелопмент Групп”-ийн Захирал Б.Хүрэлхүү, “Монгол  Базальт” ХК-ийн ТУЗ-ын Дарга Л.Ариунболд, “Ультрасоник” ХХК-ийн Захирал Б.Чимэгцэцэг, “Гэрэгэ Групп” ХХК-ийн Захирал Д.Цэнд нарыг тус тус Дэд ерөнхийлөгчөөр сонголоо.

МБҮА-ийн Хяналтын зөвлөлийн Гишүүдээр “Үлэмж” ХХК-н Захирал С.Ганзориг,  “Энх Ариун Чулуун” ХХК-н Захирал Д.Одгэрэл, Монгол Банкны Дотоод  аудитын газрын Дарга Д.Аюуш, “Эрдэс Плазм” ХХК-н Санхүүгийн зөвлөх Х.Бямбасүрэн, СЭЗИС-ийн Багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нарыг улираан сонголоо.

МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд Чуулганд тавьсан илтгэлдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд МБҮА-ийн гишүүн байгууллагууд өөрсдөө болон хамтран ажиллагч гэрээт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагуудтайгаа хамтран нийт 30 гаруй мянган  ажлын байрыг бий болгож, Монгол Улсад өнөөдөр хийгдэж байгаа нийт бүтээн байгуулалтын 80 орчим хувийг хийж гүйцэтгэж байгаад бид бахархаж байна.

МБҮА нь “Барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхыг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах” эрхэм зорилгынхоо хүрээнд гадаад, дотоодод олон шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэсний дотор Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний дагуу түншлэгч Төрийн бус байгууллагуудтайгаа хамтран “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” урьдчилсан дүгнэлтийг гаргах ажлыг түргэн, шуурхай зохион байгуулж, цахим системийг нэвтрүүлэн амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.

Өнгөрсөн 3 жилд МБҮА-ийн бий болгосон ололт, амжилтуудын нэг бол гадаад харилцаагаа өргөжүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадсан явдал юм. Үүний тодорхой жишээ нь дэлхийн тавцанд нэр хүндтэй олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөж, хамтарч ажиллах гэрээ хэлцэл байгуулсан, олон улсын арга хэмжээнүүдэд хамтарч оролцож, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явдал юм.

Ассоциацийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж БНСУ-ын Барилгын Ассоциацитай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав. Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA), БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINCA)-той уламжлалт харилцаагаа өргөжүүлсний зэрэгцээ, АНУ, БНХАУ, БНСУ, Канад, Малайзи зэрэг орнуудад зохион байгуулагдсан олон улсын барилгын салбарын чуулга-уулзалт, үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарыг төлөөлөн амжилттай оролцсон.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны хэрэгжүүлсэн “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах – Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”, Европын Холбооны санхүүжилттэй “Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх” төслийг Франц Улсын ЖЭРЭС ТББ-тай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухайгаа онцлон тэмдэглэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж