Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

Ялагдахаа мэдэрсэн МАН хаяагаа манаж эхлэв үү?

МАН 2020 оны сонгууль болтол ард түмнээ хошгоруулах нь ээ. Засгийн газраас саяхан 150 мянган өрхийг тохилог орон сууцаар хангана, хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлнэ гэж хошгоруулсан бол УИХ-аас өнөөдөр ерөнхий боловсролын  сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах хууль батлав.

“Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болох нь гэж бодохоор нүдний нулимс гарахаар… Гэтэл хэрэгжих хугацаа, нэг хүүхдэд ногдох зардал хоёрыг нь харахаар ёстой гутрах, гуних зэрэгцэх.  Учир нь нэг хүүхдэд 600 төгрөгт багтаан үдийн хоол бэлтгэх бол хөтөлбөрийг 2020 оны есдүгээр сарын 1-ээс  хэрэгжүүлэхээр заажээ. Жил гаруйн дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаанаа төрийн өмчит ерөнхий боловсролын  600 орчим сургуулийг дэргэдээ гал тогоотой болгох ажлыг хийхэд хугацаа хэрэгтэй гэж тайлбарлав.

Сургууль, цэцэрлэгийн барилгыг  жилийн дотор барьж, ашиглалтад оруулж байхад гал тогоотой болгоход түүнээс их хугацаа шаардана гэж тооцоолсон нь бүр сонин.  Гал тогоо байгуулах төсөв дээрээ гар татаж буй юм уу, эсвэл угаасаа хэрэгжихэд хэцүү гэж бодоод ингэж зохицуулалт хийв үү мэдэхгүй.

Яаж ч чардайгаад “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр тооцоход л хүрэлцэхгүй, ганц печень, аяг аарц зэргээр аргалж ирсэн атал халуун хоол болохоор хүрэх үү. Үнэндээ бол 600 төгрөгөөр өнөөдөр  иштэй чихэр ч авч чадахгүй.

Хоол хийхэд мах хэрэгтэй. Гэтэл махны үнэ хэд билээ. Үхэр, адуу, хонь ямааныхаасаа хамаарч нэг кг мах 15000-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй.  Ийм байхад 2020 оны есдүгээр сарын 1-ээс нэг хүүхдэд 600 төгрөгт багтаан үдийн хоол бэлтгэх хууль баталсан нь дараагийн эрх барих намд л том ачаа үүрүүлсэн хэрэг болж хувираад байна.

Ингэхэд эрх баригч хүчин ирэх оны сонгуульд ялагдахаа хүлээн зөвшөөрч УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдээ ихэвчлэн ирээдүй цаг дээр, ирэх 2020 оны сонгуулийн дараагаас хэрэгжихээр болгож, хаяагаа манаад эхэлсэн шиг ээ. Хийхийг нь чи хийгээдэх, аахилахыг нь би аахилаадхая гэмээр шийдвэр, санаачлага ч олонтаа гарах боллоо. Зарим санаачилга нь амьдралаас хол тасарсан. Жишээ татвал, иргэдэд 20 сая хүртэл төгрөгийн “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл санаачлах болсноо 20-иод хоногийн өмнө бүлгээс нь зарласан. Ажилгүй, орлогогүй иргэд яаж зээл авч чадах вэ дээ.  Монголбанкнаас гаргасан мэдээгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард чанаргүй зээлийн хэмжээ 80 гаруй тэрбум төгрөгөөр өссөн.

Ажлын байр бий болгохгүй л бол зээл авах шаардлага хангах хүн олдохгүй болно. Дээр нь ажлын байр хумигдах тусам зээл цаг хугацаандаа төлөгдөхгүйд хүрч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Нэг л их зээл олгож, ард түмэндээ боломж олгох тухай ярих ч ачир дээрээ “Итгэлийн зээл”-ийг ямар эх үүсвэрээс хаанаас гаргах вэ гэдгээ ч тооцоологгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс нь 20 сая хүртэлх зээл олгох хуулийн төсөл санаачилна гэж попорч байхад Сангийн сайд нь “Би мэдэхгүй, тийм боломж байхгүй” гэдэг эсрэг тайлбар хийж байх жишээний.

Нам дотроо ч ойлголцож, юуг санаачлах, юуг санаачилж болохгүй вэ гэдэг дээрээ ч ярилцдаггүй, судалдаггүй. Шууд л сэтгэл хөдлөлөөр ханддаг.

Ер нь УИХ Сонгуулийн тухай хуулиа өөрчлөхөөр шийдсэн бол сонгуульд зориулж хэрэгжүүлж чадахааргүй амлалт өгч, дараагийн Засгийн газартаа ачаа үүрүүлдэг  буруу жишгийг халах чиглэлээр хаалт тавьж өгөхгүй бол эцсийн дүндээ улстөрчдийн шоудалтаас улс орон, ард түмэн л хохироод үлдэх нь байна шүү.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж