"NEWS" агентлаг Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор бяцхан мисс охиныг онцолж байна. Түүнийг Энхмэндийн Энхсарнай гэдэг. Бяцхан зочин маань одоо долоохон настай ч жаахан биедээ баймгүй авьяаслаг нэгэн.
Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртжээ. Мөн Хүүхдийн ордны “Эрдэм” медаль, “Бяцхан мисс” алтан медаль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медаль гэх мэт олон шагналын эзэн болсон мундаг хүүхэд билээ.
ЭНХМЭНД ЭНХСАРНАЙ 2012.01.19
Суралцаж буй сургууль:
Хан-Уул дүүргийн 130 дугаар дунд сургууль
Нас:
Долоо
Хобби:
Дуу дуулах, бүжиг бүжиглэх дуртай
Биеийн өндөр:
135 см
Хэлэх дуртай үг:
“Бүгдэд нь амжилт хүсье”
Хайртай амьтан:
Гөлөг, туулай
Сошиал хуудас:
enkhsarnai enkhsarnai /фэйсбүүк/
АНХНЫ АМЖИЛТ
-Би дөрвөн настайгаасаа загварын сургалтанд сурч, таван настайдаа миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Анх Монголдоо зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд оролцож, “Загварлаг бяцхан мисс”-ээр шалгарч байсан юм. Үүний дараагаар 2017 оны есдүгээр сард анхны Олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Турк улс руу явж байсан юм. Би анх тэмцээнд орохдоо жаахан сандарсан. Тайзан дээр гоё хувцас өмсөөд алхах их таалагддаг. Аав, ээж, багш, найзууд маань надад баяр хүргээд, гоё санагдсан.
Дараагаар нь Турк улс руу хоёр удаа тэмцээнд оролцож, 2018 онд “Гран при” цомын шагнал хүртсэн. Бас БНСУ руу "LBMA" загварын долоо хоногт "ЭМИ-ЖИ" бүжгийн хамтлагаараа оролцож гранпри шагнал авсан. Нэг тэмцээнд оролцохдоо л үндэсний дээл, гоё даашинз, чөлөөт хувцас гээд олон зүйл бэлддэг. Хамгийн сүүлд 2018 онд Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртсэн.
БЯЦХАН МИСС МААНЬ ХЭЧНЭЭН ТИТЭМ, ДААШИНЗТАЙ ВЭ?
-Надад одоо дөрвөн үндэсний дээл бий. Бас гоёлын олон даашинз байгаа. Бараг 10 гаруй байгаа. Шагналын титэм гэвэл найм байдаг.
БЯЦХАН ЗАГВАР ӨМСӨГЧ, МИССЭЭС ГАДНА КИНОНД ТОГЛОДОГ ГЭСЭН ҮҮ?
–Сүүлийн үед уран сайхны кинонд тоглох сонирхолтой болсон. Одоогоор нэг кинонд тоглох санал ирээд байгаа. Өнгөрсөн хугацаанд би дөрвөн уран сайхны кинонд тоглосон байдаг. Анх “love” гэдэг уран сайхны кинонд тоглосноос хойш “48 цаг”, “Girls 2” олон ангит кинонд тоглосон байгаа. Миний хувьд хамгийн сүүлд зургадугаар сарын 7-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа “Могул пикчерс”-ийн “DEJA VU” сэтгэхүйн аймшгийн кинонд тоглосон.
Анх удаа аймшгийн кинонд тоглоход сонирхолтой байсан. Жүжиглээд, уйлаад л…Нэг удаа зураг авалтын үеэр харанхуй шөнө ууланд нимгэн тирко, даашинзтай гүйсэн. Тэгэхэд би айгаагүй ч бага зэрэг даарсан шүү. Тэгээд бас шатнаас бууж байхдаа алчуурчинд буудуулж үхдэг хэсэг гардаг. Би алуурчны ярианаас нь айсан.
ХҮҮХДИЙН БАЯРААР ЯМАР БЭЛЭГ АВАХ ДУРТАЙ ВЭ?
-Би Олон улсын хүүхдийн баярт их дуртай. Миний хувьд энэ баярын өдөр янз бүрийн арга хэмжээнд оролцон дуу дуулж, бүжиглэдэг. Ойрд их завгүй байгаа. Хүүхдийн баяраар үеийнхээ олон найзуудыг баярлуулдаг учраас надад сайхан санагддаг. Хүүхдийн баяр болгоноор боодолтой бэлгэнд дарагддаг. Энэ жилийн хүүхдийн баяраар хөөрхөн шаргал үстэй барби хүүхэлдэйтэй болохыг хүсэж байна.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Би миссийн тэмцээнд оролцох үеэр маш завгүй болчихдог. Харин бусад үед хичээлдээ явж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Амралтын өдөр гэртээ тоглоно. Дуу дуулж, бүжиг бүжиглэнэ. Бас гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Саяхнаас усан бассейнд хичээллэж байгаа. Мөн хичээлийнхээ хажуугаар Монголын хүүхдийн ордны дууны дугуйлан болон “Miss and Gentelmen” академид суралцаж байна.
ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?
-Манай ам бүл 11-үүлээ. Яагаад гэвэл би дээрээ гурван ахтай. Айлын ганц охин л доо. Хоёр эгч маань ах нарын маань эхнэрүүд. Том ах маань нэг хүүхэд, дунд ах хоёр ихэр хүүхэдтэй. Тэгээд би гурван дүүтэй гэсэн үг. Бас аав, ээж хоёр маань хамт амьдардаг. Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж, мундаг хүн болоосой гэж хүсдэг.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Би өнгөрсөн жил гадаадад зохион байгуулсан миссийн тэмцээнүүдэд амжилт гаргасан болохоор энд тэндээс тэмцээнд оролцох олон санал ирдэг. Хамгийн сүүлд Португал, Киев улсад болох миссийн тэмцээн, загварын шоуны урилга хүлээн авлаа. Миний хувьд хүлээн авсан урилгуудаасаа харж байгаад явах боломжтой тэмцээнд нь оролцох төлөвлөгөөтэй байна. Би олон улсын тэмцээний үеэр Израил, Украин, Казах, Турк орны олон сайхан найзуудтай болсон.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Би том болоод бүжигчин, жүжигчин, дуучин бас эмч болохыг хүсдэг. Энэ бүх мэргэжлийг эзэмших боломжтой гэж бодож байна.
НАЙЗУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Найзуудаа гар утас оролдохгүй, хичээлээ сайн хийгээд мундаг хүн болоорой гэж хэлмээр байна. Аль болох зурагт, гар утас, компьютер бага хэрэглэж, өөрийнхөө авьяасыг хөгжүүлээрэй. Бас ном сайн унших хэрэгтэй. Манай ангид сахилгагүй хүүхэд байдаггүй ээ. Ангийнхан маань хичээлээ сайн хийгээд, цэвэрхэн бичиж, тоогоо сайн боддог.
Гэрэл зургийг Э.Энхбат
Холбоотой мэдээ