УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайдын мэдээлснээр орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хүрээнд 67 мянга 612 иргэнд 2 их наяд 957 тэрбум төгрөгийн зээл, 1657 иргэн, ахмад дайчдад орон сууцны буцалтгүй тусламж үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн орон сууцны зээлийн 70.2 хувийг 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж байгаа бол 24.2 хувийг банкны эх үүсвэрийн зээл эзэлж байна.
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, намуудын мөрийн хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх асуудал тодорхой тусгагдсан. Барилга ба түүнтэй холбоотой салбарын үйлдвэрлэл ДНБ-ий 10-аас доошгүй хувийг тогтмол эзэлж байдаг. Тус салбарын банкуудын нийт зээл багцад эзлэх хувийн жин нь тасралтгүй өссөн нь тухайн салбарын эдийн засагт эзлэх байр суурь өргөжсөний дээр эдийн засгийн өсөлтөд улам нөлөөлснийг харуулж байгааг дурдлаа. Тиймээс өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс барилгын салбарыг дэмжих шаардлага байгааг онцолсон. Засгийн газар энэхүү арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжүүлэхийн тулд нийгмийн даатгалын сангийн тухай хуулинд нийгмийн даатгалын санг дотоодын хөрөнгө оруулагч боолгон ашиглах талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хүн амыг орон сууцжуулах барилга болон дагалдах салбаруудыг дэмжихэд олон талт төрийн бодлого, шийдэмгий үйл ажиллагаа хэрэгтэй байна. Зайлшгүй гарч болох сөрөг үр дагаврыг хүлээх бус сөрж, урьдчилан харж ажиллах нь бидний үүрэг билээ. Манай улсын хувьд барилга нь уул уухайн салбарын дараа орох эдийн засагт чухал нөлөөтэй салбар болсон. 2015 онд барилгын салбарын үйлдвэрийн түвшин 30-50 хувь буурах төлөв байдал ажиглагдаж байна. Хэрэв барилгын салбарын бүтээн байгуулалт дурдсан хэмжээгээр буурвал тухайн салбарын ажилчдын орлого, компаниудын гүйцэтгэх ажлын хэмжээ, төлөх татварын хэмжээ тэр хэрээр буурна. Барилгын салбарын бүтээн байгуулалт огцом буурснаас хамаарч, ДНБ-ий өсөлт 1.5-2 хувиар багасах, эдийн засгийн нийт өсөлт ¼-ээр буурах тооцоолол харагдаж байна. 2013-2014 онд барилгын салбар нь ДНБ-ий өсөлтийг хангах чухал салбар болж, уул уурхайн уналтыг зөөллөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан боловч энэ өсөлт нь үндсэндээ төрийн хөнгөлөлттэй зээл ба ипотекийн зээлээр хангадсан билээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэддээ бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал чухал байна. Иймд ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 20 хүртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй, мөн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 20 хувийг урт хугацаанд төлөх боломж бүрдэх юм. Ингэснээр зээлийн тогтолцоонд эрсдэл гарахгүй. Хэрэв УИХ бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар энэ талаар бололцоотой бүхий л хэлбэрээр ажиллахад бэлэн байна" гэсэн юм.
Ерөнхий сайдыг товч мэдээлэл хийсний дараа гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
-О.Баасанхүү: Зах зээл дээр зарагдахгүй байгаа олон мянган барилга байна гэсэн. Гэтэл ИБШХЕГ хашаандаа ажилчдын орон сууц бариад 21 сая төгрөг аваад байх юм. Зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцыг агентлагууд нь худалдаж авч болдоггүй юмуу?
Хоёрт, Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой өргөдлүүд их ирж байна л даа. Сүүлдээ газраа чөлөөлчихөөд гэр гуйсан өргөдөл бичиж байна. 30 хувийн урьдчилгааг 10 хувь болгосон. Банкны салбар эрсдэлд орох уу. Барилгын үнийг бууруулах ямар бололцоо байна вэ?
-Ч.Сайханбилэг: Бүх яамд ажилчдын орон сууц барьдаг моод дэлгэрсэн. Таны шүүмжлэлтэй санал нэг байна. Тиймээс засгийн газраас нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Одоо Батлан хамгаалах яам, салбарын яамтайгаа хамтран ажиллах зарчим руу орж байна. Ипотекийн зээлийн хүрээнд 30 хувийн урьдчилгааг бууруулахгүй гэдэг зарчмаа хатуу барина. Энэ жилийн хувьд өнгөрсөн жил баригдсан 10-аад мянган барилгад дэмжлэг үзүүлэх асуудлыг ярьж байна. 30 хувиа хэвээр хадгална. Гэхдээ Засгийн газар 20 хувьд нь дэмжлэг үзүүлээд явах боломжтой байгаа.
-Д.Ганхуяг: 2004-2008, 8008-2012, 2012-2015 оны хооронд гэр хорооллыг орон сууцжуулсан байдлыг гаргаж өгөөч. Эдгээр төслийг санхүүжүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээг хэлж өгөөч. Гэр хорооллын дэд бүтэцтэй, дэд бүтэцгүй байршлын хооронд ялгаа их байна. 20 сая, 300 сая гээд 10 дахин зөрүүтэй байна. Иргэдтэй уулзахаар компаниуд газрыг хэт хямд үнэлж байна гэдэг. Хот болохоор олон компани оруулахаар ашиггүй болоод байгаа учраас шалгаруулж байгаа гэдэг. Үүн дээр ямар нэг зохицуулалт байна уу?
-Ч.Сайханбилэг: 2003 оноос эхлээд 2013, 2014 онд энэ чиглэлээр дорвитой ажил хийсэн. Харьцуулсан тоог нэн даруй гаргаж өгье.
-Д.Цогтбаатар: Дахин төлөвлөлтийн хүрээнд хоттой хамтарч ажиллаж байгаа. Газрын үнийн зөрүүний асуудал одоо яригдаж байна. Яамны зүгээс газрын суурь үнэлгээгээ өсгөх хэрэгтэй гэдэг байр суурь баримталж байгаа. Газрын суурь үнэлгээ 1997 оны байдлаар яваад байгаа. Гэтэл зах зээлийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Тиймээс шинэчлэл хийх ёстой. Үүнийг дагаад тодорхой өөрчлөлт орох байх. Засгийн газар дээр эргэж ярих шаардлагатай.
-А.Тлейхан: Баригдсан, дутуу хаягдсан барилгыг яах вэ. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ипотекийн зээлд шилжүүлэх асуудлыг ямар хууль өөрчилж хийх вэ. Өнөөдөр зах зээлд зарагдахгүй байгаа хэдэн барилга байна вэ. Нийгэмд 10 хувь болно гэсэн хүлээлт байна. УИХ-аар шийдэх ёстой юм бол хурдан шийдэх хэрэгтэй. ТОСК-ын барьж байгаа барилга хямд байгаа нь юутай холбоотой вэ. Барилгын үнэд хөөс, хөөрөгдөл байна уу?
-Д.Цогтбаатар: Хоёр жилийн хугацаанд 32-36 мянган айлын орон сууц борлогдоогүй байна.
-Д.Сумъяабазар: Хийж байгаа ажлыг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ иргэдийн эрх ашиг, Үндсэн хуульд нийцсэн байх учиртай. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа газар санхүүгийн баталгаа гаргах шаардлагатай байна.
-ТОСК-ийн захирал А.Гантулга: Хүний эрхийг зөрчиж байгаа асуудал дээр анхаарч байгаа. хүний эрх зөрчигдсөн шүүхэд хандсан асуудал байхгүй. Компаниудаас тайлбар авахад иргэдийг хохироосон асуудал байхгүй, тэнд амьдардаггүй иргэд хэвлэлийн бага хурал хийсэн байсан.
-А.Бакей: Эрэлт тал болохгүй байна. иргэдийн худалдан авах чадвар муу байна. орон сууцны үнэ буурахгүй байна. явж явж орон сууцны борлуулалт чухал гэдэг нь харагдаж байна. банкийг дэмжих замаар эрэлтийг дэмжих талаар ямар нэг бодлого байж болох уу. Төрийн оролцоо хязгаартай байх ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой явсан төслүүдийн үр дүнгийн талаар судалгаа байна уу?
Хоёрт, төр оролцохдоо дэд бүтцийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм биш үү.
Гуравт, төрөөс дэмжиж байгаа орон сууцны хөтөлбөрт 8 аймаг хамрагдсан байна. бусад аймгийг жигд хамруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ч.Сайханбилэг: 30 гаруй мянган айлын орон сууцны борлуултад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газар баталгаа гаргах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй уялдуулах ажлууд хийхээр зорьж байна.
-А.Гантулга: ТОСК үйл ажиллагаа явуулснаас хойш орон сууцны үнэ 400-500 мянган төгрөгөөр буурсан. 21 аймагт судалгаа хийж, дэд бүтэц, хүн амын орлого, худалдан авах чадварыг судалж, 8 аймгийг сонгосон. Энэ жил Хөвсгөл, Говь-Алтай аймаг нэмэгдэж байгаа. Баян-Өлгий аймгийн хувьд дэд бүтцийн асуудал хүнд юм билээ. Үүнийгээ шийдвэл 1000 айлын орон сууц барих боломжтой.
-С.Оюун: Барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 он хүртэл бууруулах зорилтыг Ногоон хөгжлийн бодлогодоо тусгаж өгсөн. Ногоон хөгжлийн бодлогыг хэр анхаарч байгаа вэ. дөрөвдүгээр сарын дундуур 10 хувийн сураг гарсан. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?
-Д.Цогтбаатар: Ногоон хөгжлийн бодлогыг бүрэн дэмжиж байгаа. Дулаан алдагдлыг бууруулахад барилгын материалын сонголт чухал. Эхний ээлжинд барилгын стандартаа шинэчлэх чиглэлд ажиллаж байна. Хот төлөвлөлтөөсөө эхлээд л ногоон бодлогыг хэрэгжүүлж явах хэрэгтэй. Эхнээсээ зарим компаниуд оруулж ирээд сурталчлаад явж байна. жишээ нь нүүрсийг хий болгоод хийгээр нь дулааны асуудлыг шийдэх технологи бүхий төсөл байна.
Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг хөндөхгүй. Харин засгаас 20 хувьд нь баталгаа гаргаж өгөөд иргэд 10 хувиа төлөөд зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй байдаг. Тиймээс эргэн төлөлтөөс хуримталсан орлогыг эргээд зээл олгоход зарцуулаад явна.
-Баталгаа гаргаж өгнө гэдгийг тайлбарлаач. Эрсдэл үүсвэл Засгийн газар мөнгийг нь гаргаж өгөх юмуу?
-Компани, зээл авагч, банк гэсэн гурван харилцаатай. Компани мөнгөө 100 хувь аваад энэ харилцаанаас гараад явчихна. Үүний дараа банк иргэн, байшин гурвын хооронд ипотекийн зээл үргэлжилнэ гэсэн үг.
-Ц.Нямдорж: Ийм асуудал ярьж байхад хотоос хүн байхгүй нь ямар учиртай юм. Мөнгө нэхэх болохоороо Э.Бат-Үүл энд орж ирээд толгойгоо сэжээд суучихдаг. Дахин төлөвлөлт гэж бантан хийчихээд асуудал ярихаар яагаад ирдэггүй юм. Э.Бат-Үүл хотын иргэдийг хаусанд суулгаж жаргаана гэж хуурснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэзээ оруулж ирэх гэж байна. Нураана гээд орхисон барилгуудыг яах гэж байна вэ?
-Ч.Сайханбилэг: Э.Бат-Үүл дарга ирж байгаа гэсэн. Ирээд хариулах байх. УИХ-аас зах зээлд өгч байгаа мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 10-аад мянга, энэ жил баригдахыг нь тооцвол 30 гаруй мянган айлын орон сууц болно гэсэн үг. Түүнээс 30 гаруй мянган айлын орон сууц борлогдохгүй байна гэж ярих нь өрөөсгөл. Хот өөрийнхөө гаргасан журмыг хоёргүй утгаар тайлбарлаад өгөөч.
-Хот: 24 байршилд дахин төлөвлөлтийн бэлтгэл ажил хийсэн. Өнөөдрийн байдлаар 1189 айлын 63 га газрыг чөлөөлөөд байна. Одоогоор 690 айлд түрээсийн төлбөрт дунджаар 500 мянган төгрөг олгож байгаа. Дахин төлөвлөлтийн хүрээнд 588 айлын орон сууц ашиглалтад орсон. Одоо 6000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Орон сууц эхнээсээ ашиглалтад орвол газар чөлөөлөх ажил эрчимжинэ.
-Д.Цогтбаатар: Зогсоод удсан барилгыг яах вэ гэдэг асуудлыг холбогдох газрууд нь гаргах ёстой. Хот, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран гаргана.
Ийнхүү гишүүд асуулт асууж үгээ хэлж дууссаны дараа Ерөнхий сайдын мэдээлэл өндөрлөлөө. Харин одоо Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд байнгын хороо, Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.
С.ОТГОН