Америкийн Боловсон хүчний албын системд нэвтэрч одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан 4 сая төрийн албан хаагчдын мэдээллийг хулгайлсан тухай АНУ-ын засгийн газраас мэдэгджээ. Албаныхан шалгалт хийж байх үеэр хүмүүсийн санхүүгийн байдал болон зээлийн төлбөр гэх мэт мэдээллүүдийн тоо нь өөрчлөгдөж байсан гэжээ. Энэ зөрчил нь зөвхөн боловсон хүчний менежментийн албаар дууссангүй бараг бүх засгийн газрын агентлагууд хакерт өртсөн гэжээ. Одоогоор нийт алдагдсан мэдээллийн үнэлгээг хийж байгаа бөгөөд одоо олж тогтоогоод байгаа дээр ахиад 1 сая гаран хүний мэдээлэл алдагдсан байх магадлалтай гэсэн байна. АНУ-ын мөрдөн байцаагчид энэ хэргийн ард Хятадууд байгаа гэж үзэж байна. Ямар мэдээллийг авах гэсэн зорилго нь тодорхойгүй бөгөөд хууль тогтоох болон шүүхийн салбарын ажилтнууд, цэргийн албан хаагчдын мэдээлэл рүү халдаагүй гэжээ. Харин Вашингтонд байрлах Хятадын элчин сайдын хэвлэлийн албаны төлөөлөгч “Энэ хэрэгт Хятад улс огт холбоогүй. Улс дамнасан кибер халдлагыг олж тогтооход хэцүү. Зөвхөн таамаг төдийгөөр хэн нэгнийг зохиомлоор буруутгаж болохгүй” гэж мэдэгдэл хийсэн байна.
Т.БИЛГҮҮН