Цагаан тоосны цаадах учир

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Цагаан тоосны цаадах учир

Цагаан тоосны цаадах учир

Орхончуудын нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудын тоонд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал буюу  элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосны асуудал багтдаг болсоор багагүй хугацааг үдэж буй. Тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн үүсмэл ордод бий болсон цагаан тоос гэнэт л нэг өдөр харагдаж, утаа манан мэт татчихаагүй. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглаж эхэлсэн цагаас зэс молибенийг ялган авч, бусад эрдэс агуулсан хаягдал зузаарсаар эдүгээ цагаан тоосны дэгдэлт үүсгэх элсний хуримтлал бий болсон хэрэг. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан  салхи шуурганы хурдаар дэгдэлт нь “ширүүсдэг” цагаан тоос үнэхээр тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр цаг үргэлжид цагаан тоос гэгч “гайхал”-ын  эсрэг тэмцэж, нэг хором ч зүгээр суулгүй тоос дарах ажлыг олон удаагийн туршилтаар хийж ирсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй “толгойны өвчин” болсоор буй нь бас үнэн. Гэвч үүний цаана учир холбогдол, хүндрэл бэрхшээл нэлээд бий гэдгийг шалтаг тоочихгүйгээр мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээн дээр түшиглэн гаргасан баримт мэдээллээр тайлбарлахыг зорив. Цагаан тоосны цаана олон хүчин зүйл бий.

ЦАГААН ТООС БҮРЭН ДАРАГДАХ УУ?

Цагаан тоос бүрэн дарагдах уу? Дарагдана. Энэ үгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх  бидэнд итгэлтэй хэлсэн. Тэрээр 41 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ 30 жилд нь жирийн уурхайчнаас захирал хүртэл албанд дэвшин ажиллахдаа  20 жилийн хугацаанд нь цагаан тоосны чиглэлээрх бүхий л ажилд гар бие оролцож яваа нэгэн. Тиймээс ч түүний толгойд цагаан тоостой холбоотой ажлын бүхий л тайлан, цаашдаа хийх арга зам бүгд бий гэхэд хилсдэхгүй. Т.Батмөнх захирал цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадна гэж хэлэхдээ хэд хэдэн үндэслэлийг нотоллоо. Хамгийн түрүүний үндэслэл нь өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс цагаан тоос бууруулах чиглэлээр хийж ирсэн ажлын туршлага, олон удаагийн оролдлого гэдгийг онцлов. Үүн дээр тулгуурлаад, аргачлалаа сайжруулах замаар өнөөдрийн ажлаа үргэлжлүүлж буйг бас нэмж хэлсэн. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан, цагаан тоосыг  дарах, дэгдэлтийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөө нь аймгийн ИТХ-аар батлагдан, хэрэгжилтэд нь иргэд болон иргэдийн хурлын төлөөлөгчид хяналт тавих нөхцөл бүрджээ. Цагаан тоос дарах ажлаа илүү хүчтэй, урагштай явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр Цагаан тоос дарах ажил хариуцсан алба бий болголоо. Энэ алба цагаан тоостой тэмцэх ажлыг дагнан хийнэ. Мөн техник технологийн шинэчлэл, шаардлагатай бодис урвалж авахад 1 тэрбум 300 сая төгрөгийг зардалд нь зориулжээ.

Өнөөдрийн байдлаар,  Эрдэнэт үйлдвэр цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис нь нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар  560 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Ингэснээр тоос дэгдэлт үүсгэдэг 800 га талбайн 560 га буюу 60 гаруй хувийг нь  дарж чаджээ. Одоогийн энэхүү үр дүнгээс харахад ирэх жилийн хавар гэхэд  цагаан тоосны дэгдэлтийг 100 хувь дарах боломжтой гэж мэргэжлийн багийнхан тайлбарлалаа. Тэгэхээр цагаан тоос бүрэн дарагдаж, түүнд “ баяртай” гэж хэлэх нөхцөл хэдийнэ бүрдсэнийг олон арван уурхайчдын урт хугацааны уйгагүй зүтгэл, оролдлого туршилтын үр дүн батална.

ЦАГААН ТООС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛЖ БАЙНА УУ?

Ер нь цагаан тоос гэж юу вэ? Үүнийг маш нарийн ширхэгтэй кварцийн элс гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тэгэхээр нэг төрлийн элс юм. Элсний ач холбогдлыг Монголчууд сайн мэднэ. Хамгийн энгийн жишээ гэвэл бага насны хүүхдүүдээ элсэн дээр тоглуулж, байгалиас авах нэмэлт тэжээлийг нөхөх эмчилгээ гэж үздэг. Ингээд бодохоор  элсний хуримтлалаас үүсдэг тоосны дэгдэлт аюулын хэмжээнд очих үндэслэл бий юу. Мэдээж, тоос шороон дунд амьдарна гэдэг таатай хэрэг биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс цагаан тоосыг дарах нь нэн түрүүний ажил болох ёстой. Үр дүнд хурдан хүрч, эцсийн цэгийг ч даруй хатгах учиртай.

Орхон аймагт хүний эрүүл мэндэд цагаан тоос хэрхэн сөргөөр нөлөөлж буйг  тогтоох цогц үзлэгийг 2006 оноос хойш 12 удаа зохион байгуулсан байна. Үзлэгт тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн төлөөллийг хамруулж, Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг 9 байгууллага хамтран ажиллажээ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр зөвхөн үзлэг  шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж байсан бол нарийн мэргэжлийн эмч нарын багийг аймаг орон нутгийн холбогдох байгууллагуудаас бүрдүүлж байв. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 396 хүн хамрагдахаас 288 буюу 78,9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тасралтгүй хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн тухайн бүсэд амьдарсан жилийг дунджаар нь авч үзвэл 28,6 жил оршин суусан иргэд. Тэр байтугай нэг хүнд үзүүлэх нөлөөллийг тогтоохын тулд 5 настай хүүхдийг 18 хүртэл нь жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиглалт хийсэн байдаг. Энэхүү удаа дараагийн үзлэг, судалгааны дүнгээр цагаан тоос хүний эрүүл мэндэд  хор хөнөөл учруулж буй нь батлагдаагүй байна.

Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарчээ. Харин цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Дээрх хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69,7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө бол  уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй гэдгийг Эрдэнэт сувилалын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярьсан.

Эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, дүгнэлттэй холбоотой хардлага, сэрдлэг  чамгүй гардаг учраас Эрдэнэт үйлдвэр бусад  эрүүл мэндийн байгууллагуудад санал тавьж, хөрөнгө зардлыг хариуцсаар ирсэн. Энэ жилийн хувьд ч мөн л гадны эрүүл мэндийн байгууллагад хандаж, нөлөөллийн үзлэг шинжилгээг хийлгэнэ. Бас үзлэгт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлж, цагаан тоосны өртөлт болон нөлөөллийн бүсийн гурван багийн 400 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.  Мөн Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингэснээр өмнө нь хийж байсан ажлыг гадны мэргэжлийн хүмүүс үргэлжлүүлж, баталгаажуулах, нөгөө талаас үзлэг судалгааны дүнг шинжлэх ухааны илүү нарийн үндэслэлтэй тогтоох давуу талтай юм. Дараагийн нэг шинжилгээ нь ургамлын бүтцэд цагаан тоос нөлөөлж буй эсэхийг судалж байна. Уг судалгаагаар байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ямар түвшинд буйг тодорхойлж, зөвхөн ургамал бус мал амьтан, ойр орчмын гол мөрний усны бохирдлыг шинжлэх юм. Хэдийгээр энэ судалгааны ажлыг олон  жил дараалан хийсээр ирсэн ч  эцсийн тодорхой хариуг олж, дам сургаар газар авч тархдаг цуу ярианд цэг тавих зорилготой байгаагаа мэргэжлийн албаныхан дахин хэллээ. Цагаан тоосны сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн эсэх асуулт ч эндээс бодит хариултаа хайж байна.

ЦАГААН ТООС ДАРАХ АЖИЛ НАРИЙН ТЕХНОЛОГИТОЙ ХИЙГДЭХ АЖИЛ

Олон удаагийн туршилтаар цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадаагүй шалтгаан нь үйлдвэрлэлийн үйл явцтай холбоотой байсаар ирсэн. Жил тутам Хаягдлын аж ахуйн тоосыг дарах ажилд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч дараагийн жил нь дахиад л тоос босно. Учир нь Баяжуулах үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа тул хаягдал элс байнга гарч байна гэсэн үг. Цагаан тоос элсний хуурай, хатсан хэсгээс босдог. Баяжуулах үйлдвэрийн технологиор бол цагаан тоосны хэмжээ нь 0,074 мм-ийн ширхэгтэй. Энэ хэмжээ нь 0,08 микрон буюу өөрөөр хэлбэл гурилнаас нарийн ширхэгтэй элс. Ийм нарийн ширхэгтэй байж зэс, молибденийг хоосон чулууллагаас нь суллаж авдаг. Нунтаглалт ийм нарийн хийгддэг учраас хаягдал элс ч ийм ширхэгтэй байдаг аж. Хаягдлын аж ахуйн одоогийн далангийн сан нь 1300 метрийн өндөртэй. Элсний хуримтлалыг 1320 метр хүртэл санг ашиглах төлөвлөгөөтэй.  Далангийн өндөр  20 метрт хүрнэ гэсэн үг. Хаягдлын сан 15-17 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоолол бий. Тиймээс Эрдэнэт үйлдвэр дараагийн технологийн ажил буюу шинэ хаягдлын аж ахуйг байгуулах төлөвлөгөөг одооноос боловсруулж,  цагаан тоос үүсэх нөхцөлийг дахин үүсгэхгүйн  тулд шинэ технологиудыг судалж эхэлжээ. Үүнд  өтгөрүүлсэн хаягдал хаях, секционний хаягдлын аж ахуйг бий болгох зэрэг хувилбарууд багтаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шинэ Хаягдлын аж ахуйг тоос босдоггүй, өнөөгийн ийм хүндрэл үүсгэхгүй байхаар дэлхийн жишгийг судалж, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

ЦАГААН ТООСНЫ АСУУДЛЫГ ДЭВЭРГЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Хэт буруу ойлголт нь болсон муу үйл явдлаас ч илүү сүйрэл дагуулдаг гэсэн үг бий. Бодит байдлыг зөрүүлэн мушгиж, асуудлыг хөөргөдөж, ард олныг турхирах нь хэнд ашигтай вэ? Хэнд ч ашиггүй. Тэр тусмаа Эрдэнэтийн овооны ээл буянд багтаж, үр өгөөжид нь түшиглэж амьдардаг Орхончуудад, цагаан тоосны дэгдэлтэнд өртдөг бүс нутгийн иргэдэд өчүүхэн ч ашиггүй. Тиймээс цагаан тоосыг дарахын тулд Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй уурхайчид хэрхэн тэмцэж, шинэ гарц, шийдэл хайж буйг нүдээр харж, гараар мэдрээрэй. Нүд үнэнч чих худалчийн үнэнийг бас батлаарай гэж хэлье. Цагаан тоосыг дахин босгохгүйн төлөө бүх дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж буй Хаягдлын аж ахуйд “танилцах аялал” хийгээрэй гэж бас сануулья. Үүний дараа аюулын хэмжээнд хүрсэн гэх цагаан тоосны бодит байдал хэн бүхэнд нэгийг бодуулах бизээ. Үйлдвэрлэлийн технологийн үйл явцад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цагаан тоос дарахын тулд асар  их цаг хугацаа, хөрөнгө зардал, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар гээд олон зүйлийн цогц нэгдэл энд шингэснийг бас харах буйзаа.

Эрдэнэт бол хариуцлагатай уул уурхайг сонгодог утгаар нь Монголд хөгжүүлж буй  туршлагатай үйлдвэр. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөө, ойр орчмын гол ус мөрнийг бохирдуулах эрсдэл гээд олон асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон оновчтой бодлогоор шийдэж, хариуцлага гэдэг олон салаа мөчиртэй том сагсгар модыг тарьж, тордсоор иржээ. Нийгмийн хариуцлага, улс болон орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, ард иргэдийн халамж тэтгэмж, хөгжил дэвшилд оруулж буй хөрөнгө оруулалт гээд Эрдэнэтгүйгээр төсөөлөхийн аргагүй олон хүчин зүйлс тэрхүү том модыг чимж, бас улс орондоо өнгө нэмж буй.

Бүх зүйл өөрийн гэсэн мөн чанар, сайн муу талыг агуулан оршдог. Тиймээс учрыг нь олж, хужрыг нь сайтар тунгааж хийсэн ажил, шийдсэн асуудал үргэлж зөв болдог. Цагаан тоосны асуудалд ч ийм л байр суурь, харах өнцөг хэрэгтэй байгаа болохоос аймшигт аюул мэтээр хөөргөдөн туйлшрах сэдэв яагаад ч биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж