Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Эндээсээ Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялал үргэлжлэх аж.
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ онд Халхын голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/350 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу Халх голын байлдааны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотод байгаа түүхийн дурсгалт газруудаар аялуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид байлдаанд оролцсон ахмад дайчдынхаа ар гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэх, мөн их, дээд сургуулийн оюутан залууст Халх голын байлдааны үнэ цэнийн талаарх лекц, сургалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна” гэсэн юм.
Сурагчид өнөөдрийн бидний энэхүү амар тайван амьдрал ямар их үнэ цэнээр олдсоныг, эх орныхоо төлөө амиа хайрлахгүй тулалдсан дайчдын баатарлаг гавьяаг ойлгон мэдэж, түүхийн мэдлэгээ арвижуулсан дурсамж дүүрэн аялал болно хэмээн нээлтийн үеэр зохион байгуулагчид ярьж байв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс