УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч байгаа юм.
Тэрбээр мэдээлэлдээ “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, 67 мянга 612 иргэнд 2 их наяд 957 тэрбум төгрөгийн зээл, 1657 иргэн, ахмад дайчдад орон сууцны буцалтгүй тусламж үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8 хувь, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байна. Орон сууцны зээлийн 70.2 хувийг 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж байгаа бол 24.2 хувийг банкны эх үүсвэрийн зээл эзэлж байна. Барилгын салбар нь ДНБ 2014 онд 5 функтээр өссөн бол 2015 онд 2011 оны түвшинд хүртэл буурах төлөв ажиглагдаж байна.
Энэ нь олон салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа. Эдийн засгийн ийм нөхцөлд бид барилгын салбарт зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
Засгийн газар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт заасан урьдчилгаа 30 хувийг төлөөд байр авах бодлогыг хэвээр үргэлжлүүлнэ. Засгийн газар 20 хувьд баталгаа гаргаж, иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд УИХ дэмжлэг үзүүлбэл Засгийн газар холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэдгийг онцоллоо.
С.ОТГОН