Ардчилсан намаас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Сүхбаатарын талбайд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр /2019.05.30/ зохион байгуулж байна. АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга. Эрх баригчидтай асуудлыг энэ тэнцүү ярьж, нийгэмд үүсээд байгаа хямрал, ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг таслан зогсоох, түүнээс хамгаалах, УИХ-д хариуцлага тооцох чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна” гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тус намаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр намын гишүүд дэмжигчдийн хамт эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа ЖДҮ-чдийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд жагсч байсан билээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улаан, Хотын дарга С.Амарсайхан нарыг огцруулахыг шаардаж байсан юм.
У.ХҮРЭЛСҮХ ЯАЖ ИЙМ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ БАЙЖ ЧАДААД БАЙНА ВЭ?
АН-ын ахмад гишүүн Э.Бат-Үүл:
-У.Хүрэлсүх үнэхээр ичгүүргүй хүн юм. 2016 онд нийслэлийг аз жаргалтай хот болгоно гэсэн. Одоо нийслэл төв азийн магадгүй дэлхийн хамгийн аз жаргалгүй хотуудын нэг болох гэж байна. Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш маханд дугаарлахыг мартсан байсан. Гэтэл сая маханд дугаарлахыг харлаа.Үүнийг харна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Ардчилалд шилжсэнээс хойш эрх баригчид сонгуулийн дураараа явуулах үгүйг шийддэг болохыг санасангүй. Сая Хэнтийн сонгуулийн нөхөн сонгуулийг өөрсдийн хүслээр зогсоохыг харлаа. Ардчилсан хувьсгалын манлайлан хийсэн АН-ыг үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөсөр хаях юм гэж ерөөсөө санаагүй.
Өнөөдөр монгол улсын 100 гаруй суманд АН ялалт байгуулсан байгаа гэтэл тэр эрхийг нь өгөхгүй дөрвөн жил болжээ. Үнэхээр элэг барьж байна. У.Хүрэлсүх яаж ийм эрээ цээргүй байж чадаад байна вэ? Цахим хуудсанд улайссан зуух шиг байгааг бүгд мэдэж байгаа. Ард иргэд бухимдал үүр хилэнгээр дүүрсэн байна. Хүмүүс цахим хуудсанд жагсаал хийгээд байхаар У.Хүрэлсүх элэг бариад байна.
Тийм учраас тэд тоохгүй байна. Хэрэв нийслэлчүүд Сүхбаатарын талбайг дүүргэж чадах юм бол эрх баригчдын ард иргэдийг элэг барих явдлыг зогсоож чадах юм. Би гэр хорооллоороо байнга явдаг. Махны үнийн өсөлт тог шатахууны өсөлт манай иргэдийг ниргэж дуусч байна. Гэхдээ тэд гэртээ бухимдаад байна. Гэртээ өлсөж байхаар талбай дээр ирээд өлсвөл илүү үр дүнд хүрэх юм. Удахгүй зөвхөн мах төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн хомсодно. Үнэ нь тэнгэрт хадах гэж байна. Ардчиллыг манлайлж байсан АН талбай дээр гараад ирсэн байна. нийслэлчүүд У.Хүрэлсүхээс битгий ай. АН та нарыг хамгаална. АН та нарын эрх ашгийг хэний ч өмнө хамгаалж чадна. өнөөдөр АН талбайг эзэлж байна. АН-тай хамтраад элэг барьдаг эрх баригчдын хандыг дарья.
ДАРГА НАРЫН ТОО НЭМЭГДСЭН Ч ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭР БАЙГАА АСУУДЛЫН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА
Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:
-Бидэнд хариуцлага нэхэх олон шалтгаан байна. 2016 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрт гэж ярьж байсан удирдлагууд өнөөдөр үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны өсөлтийг барьж чадахгүй байна. Туулын бургасыг сүйтгэж байгаад нийслэлчүүд бид эсэргүүцэж байна.
“Зүүн баян рефаинери” ХХК нь Туул голын бургасыг хядсаны улмаас 13 тэрбум төгрөгийн эдийн засаг экологийн хохирол учраад байна. Аливаа хот улс орон уул усаа дагаж хөгждөг бол Улаанбаатар хотын удирдлагууд уул усаа сүйтгэж байна.
Бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Улаанбаатар хотод ногоон байгууламжийн нэмнэ гэж уулын модыг хотын төвд “оршуулж” байгааг бид эсэргүүцэж байна. Нийслэл Улаанбаатар хотод дарга нарын тоо нэмэгдсэн ч иргэдийн нуруун дээр байгаа асуудлын тоо буурахгүй байна.
У.ХҮРЭЛСҮХИЙН ШУДАРГА ЁС ЗӨВХӨН СОНИН, ЦАХИМ ХУУДСАН ДЭЭР Л БАЙНА
АН-ын залуу гишүүний төлөөлөл хэлэхдээ “У.Хүрэлсүхийн шударга ёс зөвхөн сонин, цахим хуудсан дээр л байна. Монголын хамгийн шударга хүн гэдэг Ц.Нямдорж сайдын хүү гадаадад элчин сайдаар томилогдсон. Ц.Нямдорж өөрийнхөө хамаатны хүнд гурван өрөө байрыг 50 хүрэхгүй сая төгрөгөөр авч өгсөн. Зөвхөн дарга нарт хууль үйлчилдэггүй жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг шударга бус байдлыг эсэргүүцэж байна. Б.Цэгмэд бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэж машинтай жагсаал хийсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө ийнхүү жагсаал хийснийх нь төлөө шоронд барьж хорьсон. Залуучууд шударга ёсны төлөө үгээ хэлж байхад зарчмын шаардлагыг хүлээж авч зөв шийдвэр гаргахын оронд барьж хорьдог коммунист нийгмийг бид хүсээгүй” гэв.
АН-ын зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг эргэн санууллаа. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдсээр ирсэн. Түүнээс гадна эрх баригчид мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.
Ардчилсан намын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг удаа дараа сануулсан ч эрх баригчдын зүгээс албан тушаал, эрх мэдлийнхээ төлөөх зодооноо хийсээр, хамгийн сүүлд хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжөөр чөлөөлөх, парламентын засаглалаас ухарсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. УИХ дахь сөрөг хүчний удаа дараагийн шаардлагад эрх баригчид хариу өгөхөөс илүү олонхоороо асуудлыг шийдсээр ирсэн нь өнөөдрийн үүсээд байгаа парламентын засаглалаас ухарч, бүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдээд байгааг онцолж байлаа. Мөн Монгол Улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал, “тэнгэр, газар шиг зөрүү бий” гэдгийг хэлж байсан юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай
Монголчууд бидний ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Ардчилалын тулгуур зарчмуудыг устган, уландаа гишгэхийг үл тэвчиж, Парламентын ардчилал, Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.
60 тэрбумын гэгдэх авлигаар 65 суудал авсан эрх баригч та бүхний сонгон байгуулсан Засгийн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөөр Улсын Их Хурлын гишүүдийг хахуульдаж улмаар тэднээр дамжуулан хууль хулгайлах замаар хулгайгаа хариуцлагагүй, худал хуурмагаа үнэн болгож хүчирхийлэл, аллагыг өөгшүүлж ардчилалын үндэс болсон иргэний сонгох сонгогдох эрхийг хүртэл үгүйсгэн дарангуйлалыг тогтоох эхлэлийг тавилаа.
Засгийн газрын худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Шоронд ч үгүй болсон өвчин сургууль эзэлж буй нь төр засгийн хариуцлага ямар хэмжээнд унасаныг шууд илтгэх биз ээ.
Иймд Улсын Их Хурлын дарга танд авлига хариуцлагагүй байдал нүүрэлсэн Засгийн газрыг дараах үндэслэлээр нэн даруй огцоруулах шаардлагыг хүргүүлж байна.
Нэгэн зүйл. Иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр, их хэмжээний мөнгийг Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд зохион байгуулалттайгаар тарааж, хахуульдсан.
Жич: Ийм олноороо мал адил сүрэглэн, хувийн шуналдаа өөрсдөө хээлтэн, хахуульдуулсан хууль тогтоогчид Монгол Улсын түүхэнд урд өмнө байсангүй.
Нэгэн зүйл. Олон сая долларын авлигад өртсөн сайдуудын тухай яриа өгүүлэл гадна дотноос ирдэг боллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд тодорхой тоо, дүнтэйгээр эдгээр авлигын тухай ил тод хэлж байна. Яам, агентлагуудад үйлдэл дээрээ баригдсан авлигын хэргүүд ээлж дараалан гарлаа. Тэдний цефнээс хураагдсан авлигын мөнгө нэг хүн байтугай нэг хэсэг хүн дарж алах хэмжээнд хүрсэн байна. Гэтэл авлигачид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр суллагдаж эхэллээ. Ингэж суллагдах авлигачдын цуваа УИХ, Засгийн газраар дүүрэн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх Үндсэн хуульд заасан үүргээ Засгийн газар биелүүлэх бус өөрсдөө гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг болсныг хууль зүйн сайдаас авхуулаад олон сайд дарга нарын үйлдэл, ярианаас харж байна. Төрийг төгрөгөөр олигархуудад зардаг байсан 60 тэр бумын авлигчид, дүрээ өөрчлөөд улсыг доллароор гадныханд худалддаг болсон юм биш үү!
Нэгэн зүйл. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газрыг толгойлж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө дангаараа хариуцдаг Ерөнхий сайд, УИХ-д хэт олонхи болсон эрх баригч намын дарга нь иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулийн манаачтай хамсаад хулгайлдаг явдал хоёр жил дараалан гарлаа. Давтан үйлдэгдсэн энэ гэмт үйлдэл, сонгуулиас айдаг улс төрч, ордны хуувилдаан, томилгооны эрх мэдлээр дамжин Үндсэн хуулийг хэрхэн хулгайлж, сонгогчдыг сонгох эрхгүй болгож болдгийг харууллаа.
Нэгэн зүйл. Эрх мэдэл, хулгайн мөнгөндөө сагасан эрх баригчдын архидалт яам тамгын газрыг байтугай улс орныг хөлчүүрхүүлж байна. Том дуутай, сүр ихтэй сайд дарга нар албатуудынхаа өрөө тасалгаанд архи хайж нэгжлэг хийж шоудахаас илүүтэй даргадаа эрэмшсэн тавиулуудынхаа толгой дотор архиа, авлига хоёроо хайх цаг болж. Тэдний чинь агсан согтуу хэтэрээд хүний амиар шараа тайлдаг боллоо. Яам, агентлагт хүн алдаг байснаа болиод одоо төрийн ордонд хүн үхүүлдэг боллоо.
Нэгэн зүйл. Салбар бүрт хүний амь эрсдэж байна. Амь эрсдсэн учирал бүрийн ард албан тушаалтны хариуцлаггүй байдал илэрч байна. Цэвэрлэх байгууламж, уурхай, цэрэг, цагдаа гээд үхэл дагуулсан дарга нарын хариуцлаггүй байдал У.Хүрэлсүхийн засгийн газрын ажлын тайлан мэт харагдах боллоо. Хариуцлага ярьж засгаа унагасан улс төрчид хариуцлагаа мартаад хүнээ үхүүлсээр байх уу? Үхэхээс айхгүй Ерөнхий сайд, үхүүлэхээс айхгүй сайдууддаа хэзээ хариуцлагын сэлмээ гаргаж үзүүлэх вэ? Хэлэхэд муухай ч хэлэхээс өөр аргагүй үг байна. Иргэд гадуур Хүрэлсүхийн Засгийн газар үхэл дагуулсан Засгийн газар боллоо гэж ярьцгааж байна шүү.
Нэгэн зүйл. Ард түмнийхээ төлөө махаа барж, ясаа цайтал зүтгэж буй сайдуудын буянаар ард түмэн чинь махны бараа харахаа болиод хоосон яс чанах дээрээ туллаа. Сайд дарга нараа төгрөгийн ханш хоолонд хүрэхгүй болсныг мэдээд та бүхэн минь доллароор цалинждаг болоо юу. Дарга нарт гологдсон тэр төгрөг чинь үнийн өсөлтөөс болоод иргэддээ ч тогтохоо болилоо. Ерөнхий сайд Хүрэлсүхийн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт үг цуурай төдий үг байв уу. Үнийн өсөлт халаасны хулгайч шиг л иргэдийн халаасыг хоослоод эргүүлчихлээ.
Дарга нарын том тэрэг шатахуунаар бялхаж, эхнэр хүүхдийг нь зөөж байхад
Жирийн иргэд пруссээ түрэх нь холгүй мөлхөж байна.
Гишүүд нь 3 хувийн зээл хувааж идэж байхад
Иргэд нь 30 хувийн зээлд дарлуулж байна
Яамдын өрөөгөөр авлига тэнүүлчилж байхад
Сургуулийн танхимд сүрьеэ орогнож байна
Сайд дарга нар сархадаа хэтрүүлж, биеэ сувилуулж явахад
Салбарт нь хүн үхэж байна
Хэдий болтол мангас ярьж, иргэдээ мангасаар айлган өөрсдөө мангас болж суух вэ, эрх баригчидаа!
Архидалттай, аллагатай, авлигатай, айдастай У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж байна.
АРДЧИЛСАН НАМ
2019.05.30
Э.БУРАМ
Гэрэл зургийг: БЭЛГҮТЭЙ
Холбоотой мэдээ