Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд жилд 8 тэрбум төгрөг зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

LiveГэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд жилд 8 тэрбум төгрөг зарцуулдаг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд жилд 8 тэрбум төгрөг зарцуулдаг
16 : 12
2019-5-30

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд жилд 8 тэрбум төгрөг зарцуулдаг

Чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Гэмт хэрэг гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх, нийгмээ соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд маш их хэмжээний зардал шаардлагатай байгаа юм. Зардлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан байна вэ.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 20 гаруй жилийн дараа шинэчлэн найруулж байгаа. Хуулийн төсөлд санхүүжилт нь улсын хэмжээнд Эрүүгийн болон зөрчлийн хуулийн торгуулиас бүрдсэн орлогын 40 орчим хувийг зарцуулдаг байсан бол шинэ хуулиар 40 хувиас доошгүй хувийг зарцуулна гэж өөрчилсөн.

Ажлын хэсэг:

-Торгох орлогын 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тухайн жилийн төсөвт суулгаж өгдөг. Жишээлбэл, 2016 онд 334 сая төгрөгийг орлогын 130 орчим сая төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах байснаас 53 сая төгрөгийг нь олгосон байдаг. Улсын хэмжээнд 8 тэрбум төгрөг байдаг бөгөөд 6 тэрбум төгрөгийг нийслэлд 2 тэрбум төгрөгийг орон нутагт төсөвлөсөн байдаг. Сангийн яам хяналтаа сайн тавих юм бол 10 орчим тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулах боломжтой.

Ингээд байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй 30 гаруй саналаар санал хурааж, хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлУИХ-ын чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах байсан ч чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

15 : 38
2019-5-30

Чуулган: Нотариатын үйл ажиллагааг цахимжуулна

УИУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  Хэлэлцэж баталлаа.  Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Нотариатчдын мэдээлийг цахимжуулах, цахим мэдээллийн сан бий болгохоор тусгажээ. Мэдээллийн цахим орчныг ХУР системтэй холбож, цахим мэдээллийн сангаа бодитойгоор үүсгэж чадвал төрийн худалдан авах үйлчилгээний мэдээллийн бааз үүсэх боломжтой. Мэдээж бизнесийн нууцлал хэрэгтэй ч олон нийтэд ил тод байлгах шаардлагатай зүйлүүдийг нь ил болгох боломжтой юу. 

УИХ-ынгишүүн Х.Нямбаатар:

-Энэ хуульд орж байгаа гол онцлог нь цахим мэдээллийн санг бий болгоход оршиж байгаа. Цахим мэдээллийн сантай холбогдсон журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам батална гэж байгаа. Цахим мэдээллийн сангийн журам батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн нотариатын байгууллага, улсын бүртгэлийн байгууллага бүртгэгдэж, эргээд иргэнд мэдээлэгдэх боломж үүсч байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

-Хуульчийн гэрчилгээгүй 13 нотариатчийн асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ.Нотариатын үйл ажиллагааг цахимжуулах асуудлыг журамлаж байгаа бөгөөд журмыг маш тодорхой гаргах хэрэгтэй. Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ зарим зүйлийг давхардуулах, хууль зүйн үр дагавар шаардахгүй үйлчилгээнүүдийг илүү их тодорхой болгох ёстой, Засгийн газар. Монголд нийт 270 орчим нотариат байдаг бөгөөд жилд хэд орчим нотариатын үйлчилгээ үзүүлдэг вэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Шинэ хуулиар хуульчийн гэрчилгээгүй нотариатчдад нотариатын эрх олгох нь зөв гэж үзсэн. Цаашид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Нотариатаар заавал гэрчлэх жагсаалт байдаг. Засгийн газраас энэ жагсаалтыг өөрчилж, давхардлыг арилгахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. 

Ажлын хэсэг:

-Монголд нийтдээ 280-300 нотариатч байдаг бөгөөд 20 орчим хувь нь ачаалалтай ажилладаг. 

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, хуулийн төслийг батлав. Одоо чуулганы хуралдаанаар  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

13 : 03
2019-5-30

Харилцаа холбооны тухай хуулийн төслүүд батлагдлаа

 Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслүүд батлагдлаа. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.

Уг тогтоолын төсөлд төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр төсөөллөө хэмээн Сангийн сайд танилцуулсан. Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцын түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ.

Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар төлөхөөр тооцоолж, уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлсөн байна.

Үргэлжлүүлэн  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Өмнөх хэлэлцүүлгийн үеэр Харилцаа холбооны  зохицуулах хорооны бүтцүүдийн талаар хуулийн төсөл дээр нэмж ажиллахыг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн. Хорооны зохион байгуулалтайгаар ажилладаг байгууллагууд төлөөллийн бус зарчмыг хангадаг.  Харилцаа холбооны зохицуулах хорооны  даргыг нь  орон тооны бус гишүүдийн хамт Ерөнхий сайд томилж чөлөөлдөг боловч ингэхдээ бүрэлдэхүүнийх нь тодорхой хэсгийг салбар тус бүрээр буюу  бизнес эрхлэгчдийн төлөөлөл буюу МХАҮТ-ын төлөөлөл байхаар томилдог. Өнөөдөр харилцаа холбоо маш чухал стратегийн салбаруудын нэг атал төлөөллийн зарчим байхгүй. Харилцаа холбооны  зохицуулах хорооны бүтцүүдийн талаар хуулийн төсөлд тусгагдсан уу. 

Харилцаа холбооны  зохицуулах хорооны дарга Г.Чинзориг:

-Хуулийн үзэл баримтлал болон Засгийн газраас өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтөд хорооны гишүүдийг томилох болон бүтэцтэй  холбоотой асуудал хөндөгдөөгүй. Харин мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байгууллага гэдгийг тодорхойлсон байгаа. Харилцаа холбооны  зохицуулах хорооны дарга болон, гишүүдийг Ерөнхий сайд зургаан жилээр томилдог. 

УИХ-ын гишүүн Сү.Батболд: 

-Харилцаа холбооны  салбар манай улсад дэвшилттэй байгаа салбар гэж би хувьдаа ойлгодог. Нийт хүн ам нь 3 сая гаруй байхад 4 сая орчим үүрэн телефоны хэрэглэгчидтэй болсон. Энэ салбарт харьцангуй хараат бус бие даасан зохицуулах хороо байгуулагдаж ажилласнаар төрөөс хараат бус байх чиглэлд зохистой бодлого явуулж байгаа.

Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн саналын дагуу хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний  65.9 хувиар дэмжсэн тул батлагдав.

Тус хуулийн төсөлд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.  2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурчээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг тодотгоон. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байгаа юм.

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах зэрэг үйл ажиллагаатай холбоотой тодорхой эрхийг тусгасан байна.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэцлүүлгээр нь дэмжье гэсэн байнгын хорооны санал дэмжигдсэн тул  хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа. Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр хуулийн төслүүд  бүхэлдээ батлагдлаа.

Үүгээр чуулганы хуралдаан пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаан завсарлала

12 : 04
2019-5-30

Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.

Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томьёолсон байна. Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцсон байна.

Уг тогтоолын төслийг байнгын хорооны саналаар бүхэлд нь  баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 64.3 хувийн саналаар батлагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 22
2019-5-30

Б.Пүрэвдорж: Сонгуульд ялсны дараа бялуу хүртдэг хүнээс МАН салах цаг болсон

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Өнөөдөр АН-аас эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаалыг талбайд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцэх асуудлын эхэнд орсон хуулийн төслийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй асуудал маш их болсон. Ялангуяа төрийн эрх баригчдын ёс зүйгүй үйлдлээс болж халдварт өвчин мэт тархаж байгаа. хэдийгээр эдийн засаг өсөж байгаа гэх хэдий ч өсөлт ард иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гаарч байгаад олон нийт бухимдаж байна. Нийгэмд архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, халдварт өвчин, авлига энэ бүхэн урьд хожид Монголд байгаагүйгээр газар авч байна. Засгийн газрын амлалтууд, хариуцлага тооцно гэсэн үгнүүд нь хий хоосон хийсэж зарим нь өөрсдийгөө өмгөөлөх хэлбэр рүү орж байгаад иргэд бухимдаж байна. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн захиулагчийг зарлах асуудал, Эрдэнэтийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ-гийн сангийн асуудал, олон сая авлига, Оюутолгойн асуудал   зэрэг энэ бүхэн өнөөдөр шийдэлгүйгээс үүдэж иргэдийн төрд итгэх итгэл бүрэн алдарсан гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн жагсаалыг зайлшгүй зохион байгуулах ёстой гэж сөрөг хүчин үзсэн. Иргэдээ идэвхтэй оролцохыг хүсэж байна. 

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төслүүдийн ес нь  эцсийн хэлэлцүүлэг, дөрөв нь анхны хэлэлцүүлэг байна. Анхны хэлэлцүүлгийг нь хийх нийгмийн шаардлага болсон олон хуулиуд бий. Орон нутагт иргэдтэй уулзах үеэр Зөрчлийн тухай хуулийг нэн даруй өөрчлөөч гэдэг шаардлагыг иргэд хэлж байна. Зөрчлийн тухай хуулийг хоёр жил хэртэй хугацаанд баталсан том хууль. Энэ хуулийг Хууль зүйн яам, Засгийн газар яаралтай оруулж ирэх шаардлагатай. Мөн Эрүүгийн тухай хуульд гомдол дагуулсан олон зүйл, заалт байгаа. Иргэдийн эрхийг зөрчсөн, амьдралд нийцэхгүй заалтууд олон орсон шүү. Дараагийн асуудал нь ОУПХ-наас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн мөрдөн шалгалттай холбоотой асуудлаар бичиг ирсэн. Мөн манай түр хороонд ирсэн. ОУПХ-ны шинжээчид Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын дарга, дэд дарга, намын бүлгийн дарга нартай уулзах хүсэлт тавьсан. Сөрөг хүчин болох манай АН-ын нөхдүүд маань урдаа цаас тавиад сууж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа. Энэ нөхдүүдийнхээ аюулгүй байдалд УИХ, Засгийн газар анхаарал тавиарай. Дараа нь үймээн самуун болдог, эрх баригчдаас болчихлоо гэдэг хэл ам гарна шүү. Манай сөрөг хүчний нөхөд Эрдэнэтийн 49 хувийг шалгаж өг гэдэг шаардлагыг тавьж байгаа нь маш зөв. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

  -Оюутолгой"-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлт цочирдмоор байна. Энэ ажлын хэсгийн бүтэц өргөн бүрэлдэхүүнтэй байсан шүү. Энэ асуудлыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. "Рио тинто" компани төмрийн хүдрийн үндсэн үйл ажиллагаатай. Санхүүгийн бүхэл бүтэн луйвар тэнд байна. Монголчууд эцсийн дүндээ өртэй үлдэхээр байгаа шүү. Цаашдаа олон улсын аудитаар шалгуулах хэрэгтэй. Засгийн газрын байгууллага, ажлын хэсэгт орсон хүмүүс алд дэлэм зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нэг зүйлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж зөндөө л ярьж байна. Ядуурал,  ажлын байр нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөөч гэж зөндөө л хэлж байна. Энэ асуудалд УИХ-аас тодорхой бодлого гаргах тал дээр УИХ-ын дарга анхаармаар байх юм. Бүтэц нь өөрчлөгдөж, шинэчлэгдэн, сайжирна гэж яриад л байгаа.  Одоо ард иргэдийнхээ амьдрал ахуй руу анхаарлаа хандуулаад өгөөч. Шатахууны  өсөлт, махны үнэ, ам.долларын өсөлт ард иргэдийг улам ядууруулж байна. Ядуурал найман хувиар нэмэгдлээ. Дээгүүрээ том том төсөл ярихаас бус амьдралын жижиг асуудлуудаа ярихгүй байна.  Янз бүрийн юм ярихаар попорлоо гэнэ. Намайг таксинд явсны төлөө гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу, таксинд ярьж байгаа амьдрал тийм инээдтэй байгаа юм уу. Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байгаа юм уу. Ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлнэ гэж яриад л байдаг атлаа энэ чиглэлд 50 тэрбум төгрөг суулгасныг нь 100 тэрбум болгоё гэхэд унагааж инээгээд сууж байна, та нар. Ядууралтай тэмцсэн шиг тэмцье л дээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Би өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллахдаа 10 гаруй айлаар орж 30 гаруй малчидтай уулзаад ирлээ.  Малчид ноолуурын үнэд сэтгэл хангалуун байна. Орон нутгийн иргэд сонгууль явуулах хүсэлтэй байна.Тэр нутгийнхан Д.Гантулга гэдэг хүнийг  МАН золиос болголоо гэж ярьж байна. Хурдан төлөөлөлтэй болж орон нутагтаа юм хиймээр байна гэж хэлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг суманд 50 сая төгрөгөөр халуун ус л барьсан байна. Тэр сумынхан Д.Гантулгыг сонгоогүй, МАН-ыг сонгосон. Та нар олуулаа байж нийлж байгаа тэр залуугийнхаа тойрогт хөрөнгө оруулалт тавьж болдоггүй юм бэ. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь Хэнтий аймгийнх. Яагаад нутагтаа юм хийдэггүй юм. У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр өргөдөл өгүүлж өнгөрсөн жил  сонгууль хойшлуулсан. Сая МАН-аас сонгогдсон ҮХЦ дээр байгаа гишүүдээрээ  сонгуулийг хойшлууллаа.  Сонгууль болохоор зугтдаг. Ялсны дараа ирээд бялуу хүртдэг энэ нөхрөөсөө МАН салах цаг болсон.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Сөрөг хүчнийхэн гэнэт ухаарсан мэт баахан лоозон бариад сууж байна. Та нар өөрсдөө эрх мэдэлтэй байхдаа энэ бүхнийг засахын төлөө хэзээ ч явж байгаагүй шүү. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг ярилаа. Тухайн үед Дубайн гэрээг байгуулж болохгүй, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэхэд хамгаалаад үг хэлж байсан хүмүүс өнөөдөр лоозон бариад сууж байна. Тэгж та нарын хамгаалж үлдсэний гайгаар Монгол Улс төслөөс 30 жил ашиг хүртэхгүй болсон. Тийм том юмаа алдахад хамгаалж байснаа мэдэхгүй өнөөдөр попорч байна.

Үүгээр гишүүд үг хэлж дууссан учир  хэлэлцэх асуудалдаа орлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар тус хуулийн төслүүдийг баталлаа. Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах бөгөөд 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид тус хөтөлбөрт хамрагдах юм. Тус хууль батлагдсанаар “Хүүхдийн баярын өмнө эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай том хууль батлагдлаа гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 21
2019-5-30

Чуулганы хуралдаан эхэллээ

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

– Бага, дунд боловсролын тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

– Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

– Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

– “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж