Ажлын 4 өдөртэй болох Солонгосын туршилт амжилттай байна

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Ажлын 4 өдөртэй болох Солонгосын туршилт амжилттай байна

Ажлын 4 өдөртэй болох Солонгосын туршилт амжилттай байна

БНСУ-ын томоохон компаниудын нэг “SK Group” ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлсэн талаар бид мэдээлж байсан билээ. “SK Group”-ийн хувьд нийт 100 орчим компаниас бүрдэх, хэдэн арван мянган ажилтантай байгууллага юм. Өнгөрсөн оноос тус группын охин компаниуд болох “SUPEX Council”, “SK Holdings” компаниудад цөөн ажлын өдөртэй горимыг нэвтрүүлэн туршиж эхэлжээ. Эдгээр компани нь нийт 300 орчим ажилтантай, SK Group-ийн ирээдүйг тодорхойлох үүрэгтэй.

Одоогоор дээр дурдсан хоёр компани сар бүрийн хоёр ба дөрөв дэх Баасан гаригт амрах хуваарьтай ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар зарим ажилчин нь бүтэн хуваариараар ажилладаг гэнэ. Хэрвээ үр дүн сайн байвал энэхүү хуваарийг цаашдаа бүх компанидаа нэвтрүүлэхээр төлөвлөжээ. “SK Group”-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих бизнесийн философитой хүн тул ийм туршилтыг эхлүүлсэн гэж тус компаниас мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд ажлын дөрвөн өдөртэй долоо хоног нь ажилчид гэр бүлдээ цаг гаргах, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийхээс эхлээд тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн онол яригдах болж, дэлхийн олон оронд туршиж эхлээд байгаа. Нэр хүндтэй бизнесменүүд, эрдэмтэд ч энэ талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан байдаг.

-Ажлын хоногийг бууруулах санаа өнгөрсөн зуунаас яригдаж эхэлсэн-

Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ажлын 4 өдөртэй долоо хоногт шилжих санааг хоёр судлаач дэвшүүлсэн байна. Тэдний нэг Пеннсилваний Вартоны их сургуулийн сэтгэл зүйч Адам Грант “Ажлын цагийг бууруулахад хүмүүсийн анхаарал төвлөрөл, чадвар дээшилж, бүтээмж, чанар нэмэгдэхээс гадна тэд байгууллагадаа илүү үнэнч, сэтгэл ханамжтай ажилладаг болохыг зарим туршилтын үр дүн харуулсан байдаг” гээд шийдвэр гаргагчдад дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг зөвлөжээ.

Энэхүү санааг эдийн засагч, түүхч, “Utopia for Realists” номын зохиогч Рутгер Брегман дэмжиж, энэ санаа цоо шинэ зүйл биш бөгөөд өнгөрсөн зууны туршид яригдаж, туршигдаж байсныг баримтаар тайлбарласан байна.

Түүний хэлснээр 1970-аад оны хүртэл олон жилийн турш томоохон эдийн засагчид, философичид, социологичид цаашдаа хүмүүс ажлын цагаа багасгах ёстой гэдэгт итгэлтэй байсан. 1920-1930-аад оны үед зарим том капиталистууд ажлын өдрийг бууруулснаар бүтээмж нэмэгдэж байгааг илрүүлж байжээ. Жишээ нь, Хенри Форд долоо хоногийн ажлын цагийг 60 цагаас 40 цаг болгон бууруулахад ажилчид нь илүү их бүтээмжтэй ажиллаж байгааг олж тогтоосон байдаг юм байна. Ажлын ачааллаар дээгүүрт жагсдаг Япон улсын хувьд энэ асуудал мөн толгойны өвчин болоод байгаа. Ажлын хэт ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс амиа хорлох замыг сонгох болжээ.

-Сэтгэл хангалуун хүмүүс стресстсэй ажилтнуудаас илүү үр дүнтэй ажилладаг-

Цөөн ажлын өдөртэй болсноор илүү үр бүтээмжтэй ажиллаж болохыг өөр хэд хэдэн судалгаа батлан харуулсан байдаг. Шинэ Зеландын “Perpetual Guardian” компани өнгөрсөн онд дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршсан юм. Нийт найман долоо хоногийн туршилтын үр дүнд хүмүүсийн стрессийн түвшин буурч, ажил амьдралдаа илүү сэтгэл ханамжтай болж, ажлын бүтээмж нь 20 хувиар нэмэгдсэнийг тогтоосон байна.

Мөн 2015 онд Варвикийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа энэхүү шинэ хуваарийг нухацтай авч хэлэлцэх бас нэгэн шалтгаан нь болжээ. Уг судалгаанд ажилтнуудын сэтгэл санааны байдал тэдний ажлын чанарт нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүс стрессдсэн, ядарсан ажилтнуудаас хамаагүй үр дүнтэй ажилладаг гэжээ. Илүү амралтын өдөр нь тэдэнд нэмэлт эрч хүчийг өгнө гэдгийг судлаачид онцолсон юм.

-Ажлын хоногийг багасгах эдийн засагт эерэгээр нөлөөлдөг-

Хятад улс ажлын тав хоногтой болоод 20 гаруй жил болж байна. Ажлын зургаан өдөртэй байсныг цөөлж, амралтын өдрийг нэмсэн ч хятадуудад амралтын хоёр хоног хангалтгүй санагдах болжээ. Хоёр хоног амрахад ар гэртээ цаг зав гаргаж, тухтай амрах боломж байхгүй байна хэмээн үзэж амралтын гурав хоногтой болохыг хүсэмжлэх болжээ. “Сина” агентлагийн 50 мянган хүний дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогсдын 85 хувь нь Хятадын нийгэм, эдийн хөгжлийг улам хурдасгаж сайжруулахын тулд амралтын гурав өдөртэй болох хэрэгтэй хэмээн үзжээ. Тус улсын “Ренмин” их сургуулийн профессор Ван Циян үүнийг дэмжиж буйгаа илэрхийлээд амралтын хоног олон байх нь гэр бүлийн уур амьсгал сайжирч, эрүүл мэндэд эергээр нөлөөлдгийг хэлсэн байна.

Ингэхдээ тэрбээр Голланд, Дани улсуудыг жишээ болгон татсан байна.Үйлдвэржсэн орнуудаас хамгийн бага ажилладаг улсууд бол Дани, Голланд юм. Дани улс долоо хоногийн дөрвөн өдөр 37.7 цаг ажилладаг бол Нидерланд дөрвөн өдөр 29 цаг л ажилладаг байна. Гэхдээ бага ажилладаг гээд энэ хоёр улсын хөдөлмөрийн бүтээмж тийм ч муу биш. Голланд л гэхэд Европт хөдөлмөрийн бүтээмжийн түвшнөөр нэгдүгээрт бичигддэг бол Дани “дэлхийн хамгийн аз жаргалтай улс”-аар нэрлэгддэг.

Түүнчлэн АНУ, Канадын томоохон компаниуд, тэр дундаа технологийн компаниуд ажлын дөрвөн өдөртэй байдаг бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гаригийг “бүтээгдэхүүн төрүүлэх цаг” буюу ямар нэг шинэ санаа бодож олоход зориулдаг байна.

Хятад улс ажлын зургаан өдөртэй байх үед улсын баяр наадмаар гурав хоног л амардаг байсан аж. Харин Хятадын Засгийн газар энэ тогтолцоог үгүй хийж, амралтын хоёр өдөртэй болгосноор эдийн засгийн шинэ эхлэлийг тавьсан гэж болно. 2000 онд буюу ажлын тав хоногтой болсноос хойш таван жилийн дараа тус улс “Алтан долоон хоног” буюу жилийн эхний долоон хоногийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан юм. Үүний дараа Хятадын хөдөлмөрийн бүтээмжийн чанар сайжирч, эдийн засаг ч огцом өссөнийг профессор Ван Циян дурджээ. Түүнчлэн хүмүүс амарч, гадуур гарах болсноор мөнгө бодит эргэлтэд орж, хүмүүсийн худалдан авах чадвар ч мэдэгдэхүйц сайжирсныг тэрээр онцолсон байна. Профессор Ван Хятад улс 2030 он гэхэд албан ёсоор ажлын дөрвөн өдөртэй болно гэх урьдчилсан таамаг дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь бодит болгохын тулд одооноос өөрчлөлт хийх ёстойг тэрбээр хэлсэн байна.

Alibaba компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма 2017 оны зургаадугаар сард ажлын өдрийн тоог багасгах талаар ярьж байсан билээ. Түүний үзэж буйгаар ирэх 30 жилд долоо хоногийн ажлын өдөр дөрөв хоног болон багасч, мөн хүмүүс өдөрт ердөө дөрвөн цаг л ажиллах гэнэ. Ингээд ч зогсохгүй хүмүүс ирээдүйд илүү их аялдаг болно гэж тэрбээр ярьж байв.

-Ажлын хоногийг багасгах нь байгаль орчинд ээлтэй-

АНУ-ын “Center for the American dream”  байгууллагын явуулсан судалгаагаар тус улсын есөн хүн тутмын нэг нь илүү цагаар ажилладаг болохыг тогтоожээ. Германд 18 хүн тутмын нэг, Хятадад 26 хүн тутмын нэг нь илүү цагаар ажилладаг бол Нидерландад 152 хүн тутмын нэг нь “сунаж” ажилладаг байна. Ийнхүү илүү цагаар ажиллах нь сэтгэл гутралд орох магадлалыг 2,5 хувиар нэмэгдүүлж, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал 60 хувиар өсдөг болохыг баталжээ.

Илүүдэл жин, дархлаа муудах, нойргүйдэх зэрэг эрүүл мэндийн олон эрсдлүүдийг дагуулдаг байна. Америкчуудын 40 хувь нь ажлаасаа болж стресстдэг гэж үзсэн бол ажил хийдэг эцэг эхчүүдийн 79 хувь нь үр хүүхдүүддээ цаг гаргах боломж бага байдаг хэмээн гомдолложээ. Илүү цагаар ажиллах нь ажлын бүтээмжийг үлэмж хэмжээгээр бууруулдаг нь ч дээрх судалгааны дүнгээс харагдсан байна.

Ажлын хоногийг багасгах нь байгаль орчинд ээлтэй болох нь “Center for the American dream”  байгууллагын судалгаагаар нотлогдов. Хэрэв хүмүүс ажлын цагаа ердөө 10 хувиар бууруулах юм бол үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал багасч, эрчим хүчний хэрэглээ ч буурах учир агаар мандал дахь нүүрстөрөгчийн хувь 15 хувиар буурна. Харин ажлын цагийг 25 хувиар багасгавал нүүрстөрөгчийг 37 хувиар бага ялгаруулах юм байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж