"Хүүхэдтэйгээ зөв харилцаатай байж, сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

"Хүүхэдтэйгээ зөв харилцаатай байж, сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй"

Сүүлийн үед хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг ойр ойрхон гарч нийгмийг цочирдуулах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхийн хариуцлага, түүнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батзоригтой ярилцлаа.


-Хүүхэд хүчирхийлсэн, хүүхэд алга болсон, хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд гардаг боллоо. Энэ нь эцэг, эхчүүдийн хариуцлагатай холбоотой юу?

-Сүүлийн гурван жилийн байдлаар 2900 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдсэн. Мөн 4900 гаруй хүүхэд гэмт хэргийн золиос болж, өртөж хохирсон байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 100 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдогч болсон бол 300 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ тоо мэдээг цааш нь өсгөхгүй байх, эцэг эхчүүдэд зөв месcеж өгөх нь өөрөө асар том урьдчилан сэргийлэх ажил юм.

Хүүхэд бол эцэг, эхчүүдийнхээ толь нь байдаг. Томчуудын үйл хөдлөлөөс хүүхэд ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог гэж хэлж болно. Тухайлбал, хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд насанд хүрээд гэмт хэрэгт холбогдох эсвэл гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл тохиолдож байна.

Харин хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 10-15 удаа ирдэг. Ихэнх тохиолдолд хүүхдүүд тухайн өдрөө олдчихдог. Одоогийн байдлаар сураггүй алга болсон гурван тохиолдол бий. Бидний мэдэхээр Замын-Үүд, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт алга болсон охид олдоогүй байна.

-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн үйлдэгч, холбогдогч болж байна. Энэ нь мөн л эцэг, эхийн хараа хяналттай холбоотой юу?

-Хүүхдийн хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүлийн боловсрол тааруу, архидалт, ядуурал ихтэй байгаагаас зарим иргэд төдийлөн үр хүүхдээ хайрлаж, халамжилж чадахгүй байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг судлаад үзэхэд гэр бүл нь салсан, хараа хяналтгүй, гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд ихэвчлэн байдаг. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өсвөрийн сэргийлэгч бүлгийг дэмжих чиглэлээр ажилладаг. Мөн сургуулийн орчинд “school police” эргүүлүүдийг дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Нэг үеэ бодвол хүүхдийн төлөө гэсэн хүмүүс “за” хэмээн хэлж байна. Гэхдээ цаашдаа үр дүн нь гараасай гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой олныг цочирдуулсан мэдээлэл байнга гарах боллоо. Энэ нь өөрөө ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол?

-Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээн анхааралтай, нотлох баримтын эх сурвалжид дүн шинжилгээ хийж, энэ мэдээллийг тавьснаар нийгэмд бухимдуулах мэдээлэл болохоор байна уу эсвэл сэдэл төрүүлэх, сэрэмжүүлэг болохоор мэдээлэл байна уу гэдгийг анхаарч байхыг онцолмоор байна. Мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаж, баталгаажуулаагүй байж, мэдээ мэдээллийг сенсацилах байдлаар цацдаг байдал нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд, зарим сэтгүүлчдийн буруу чиг хандлага болчихжээ. Тэгэхээр бид нар өөрсдөө зөв баймаар байна. Тиймээс мэдээллийн эх сурвалжаа сайн нягталж байгаач ээ гэж зөвлөмөөр байна.

“Зөв тусгал аян эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үндсэн чиг үүргийн хүрээнд ямар томоохон ажлууд хийсэн бэ?

-Жил ирэх тусам хүүхэд гэмт хэрэгт холбогдож хохирч буй тоо өсч байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Энэ хүүхдүүдийг хэрхэн эрүүл, энх аюулгүй байлгах вэ гэдэг нь эцэг эх асран хамгаалагчийн үүрэг юм. Энэ үүргээ ухамсарладаггүй, хэрэгжүүлдэггүй, мэддэггүй эцэг эхчүүд их байдаг учраас бид энэхүү аяныг зохион байгуулж байна. “Зөв тусгал” аян нь Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө хийгдэж буй олон нийтэд чиглэсэн арга хэмжээ юм. Дэлхийн Зөн олон улсын байгууллага, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран энэ аяныг хэрэгжүүлж буй. Энэ арга хэмжээ маань зургадугаар сарын нэгэнд өндөрлөнө. Гэхдээ аян дууссан хийгдсэн ч цааших хийх ёстой ажлууд хийгдэнэ.

НЦГ-аас хэвлэл мэдээллээр дамжуулан Хүүхдийн аюулгүй байдлыг хангах санамжийг анимейшн хэлбэрээр бүтээн эцэг эхчүүд, хүүхдүүдэд хүргэж байна. Хүүхэд аав, ээжийнхээ хэлсэн үгийг ойлгодог боловч байнга үглээд байхаар чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байдаг. Хүүхэд зурагтаар харж үзсэн зүйлээ даган дууриах түүнийг өөртөө шингээдэг шүү дээ. Тиймээс бид хүүхдүүд рүү чиглэсэн контент бэлдэж эхэллээ. Жишээлбэл, эцэг эх нь хаалгаа тайлахдаа танихгүй хүнд онгойлгож өгч болох уу болохгүй юу гэх мэт аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санамжууд бий. “Зөв тусгал” аяны гол зорилго нь эцэг эхчүүдийн мэддэг хирнээ хийдэггүй тэр мессежийг өгөх зорилготой. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож дэмжиж байна. Тус аянаар олон жилийн буруу хандлага үзлийг өөрчлөх хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн контент, өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, хяналт шалгалт зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.

-Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүрийн үндсэн үүрэг байдаг. Энэ нь өөрийн үр хүүхдээ хамгаалах эрүүл, аюулгүй, өсгөн бойжуулж тэжээн тэтгэх үүрэгтэй. Хүүхдийг хайрлах ухаан гэж бий. Тухайлбал, хүүхдийг үнэтэй тансаг орчинд байлгах нь гол нь биш хамгийн гол нь хүүхэдтэйгээ зөв харилцаатай байж, сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Хэрэв та өнөөдөр хүүхдээ хайрлаж, хүүхэдтэйгээ зөв харилцаж чадахгүй бол ирээдүйд таны хүүхэд тантай зөв харилцаж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүүхдээ зөв хайрлаад зөв төлөвшилтэй хүүхэд болгож чадах юм бол ирээдүйд оруулж буй асар үнэтэй хувь нэмэр тэр юм.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж