“Хүүхдээ зөндөө их саналаа. Нялх үнэр нь яг л хэвээрээ. Миний охин их том болсон байна. Ой хүрч байсан нялх охиноо арга буюу орхиод л энд ирсэн дээ. Охиныг минь өдий зэрэгтээ харж хандаж байсан хойд ээжид нь баярлалаа” гэж нүд дүүрэн нулимстай залуу эх хоолой зангируулав. Түүнийг Э гэдэг. ШШГЕГ-ын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй тэрбээр хоёр хүүхдийн эх. Бага охинтойгоо уулзалгүй дөрвөн жил өнгөрч, сэтгэлдээ бэтгэрчээ. Э-гийн том охин эмээ дээрээ байдаг ба долоо хоног бүр эргэлтээр уулздаг. Харин бага охиноо хаана яаж амьдарч байгааг мэдэхгүй “дээлтэйгээ хатаж” явсан аж.
Нөхөр нь бага охиноо авч, дөрвөн настайд нь хамгийн сүүлчийн удаа барааг нь харуулчихаад усанд хаясан чулуу шиг алга болно гэж хүмүүжигч Э яаж мэдэх билээ. Одоо есөн настай охин нь нялх багадаа ангир цагаан уургандаа цадаж амжаагүй “ээжээ” гэж хэлж үзэлгүй хагацлын зовлонг амссан ч ээжийгээ хараад таньсанд Э хязгааргүй баярлаж байсан. Охин ээжийнхээ элгэнд нүүрээ наагаад эрхлэх нь хатуу орчлонг зөөллөх шиг. Энэ л мөчид түүний үзэж туулсан зовлон, хар дарсан зүүд шиг өдрүүд нь хумхын тоос мэт замхарсан байх.
Сураггүй алга болсон гэгдэж байсан хүүхдийг нь Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олж уулзуулжээ. Ээж охин хоёртой адил амьдын хагацал үзсэн олон бяцхан үрс цэцэг, бялуу барьсаар ээждээ эрхлэх, алтан сургаалийг нь сонсохоор ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй хорих ангид ирсэн. Хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай бол хамгийн том нь 18 настай. Тус байранд өчигдөр “Эх хүүхдийн нандин хайр” уулзалт болсон нь энэ юм.
Хүүхдийн баярыг угтсан эл арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 10 ээж 27 хүүхэд санасан сэтгэлээ дэвтээлээ. Эл уулзалтаар хүүхэдтэйгээ долоо хоног бүр эргэлтээр уулзаж чаддаггүй гэр бүлийнхэн нь хөдөө орон нутагт байдаг хүмүүжигчдийг сонгож, хүүхэдтэй нь цөөн хором ч болов уулзаж ярилцах, хамтдаа эрхлэх боломжийг олгодог билээ.
Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг
Уужим болгон тэтгэсэн билээ… хэмээн СТА Ж.Уранчимэг дуулж эхлэхтэй зэрэгцээд бүсгүйчүүдийн нүдэнд нулимс мэлтрэн, хаа нэг дуслуулж суух нь дэндүү өрөвдөм. Ээжүүдийн ихэнх нь залуухан бас идэр насных аж. Тэдний зарим нь өнгөрч одсон он жилүүдийг нэхэн санагалзаж гунигтайяа дүнсийнэ.
“Нөхрөөсөө болж хэлмэгдсэн хүн дээ би..” гээд шүүрс алдах О гэх эмэгтэйтэй цөөн хором ярилцав. Тэрбээр дөрвөн хүүхдийн эх. Амьдрал нь архинаас болж орвонгоороо эргэж эцэст нь эмгэнэлт түүхээр төгсчээ. Нэгэн үе өөрийг нь хайрлаж, хамтдаа сайхан амьдарна гэсэн мөрөөдлөөр жигүүрлэн итгэж ханилсан нөхөр нь нэг л өдөр архинд орж, хэрүүл маргаан, зодоон гээд өдөр бүр “там” шиг байх болжээ. Хүүхэдтэй болсноор энэ зовлон арилж нөхөр нь архинаас гарна гэж итгэсэн болов ч юу ч өөрчлөгдөөгүй, эцэст нь аргагүй хамгаалалт авч, өөрийгөө хамгаалсан гэж хүмүүжигч О хэлж байв.
Тэрбээр “Хүнийг санаатай хөнөөнө гэж байхгүй шүү дээ. Энд хорих ял эдэлж буй ихэнх эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргаггүй хамгаалалт хэрэглэж, хүний аминд хүрсэн. Олон жилийн өмнө би дөрвөн нялх хүүхэдтэйгээ гай нь таарсан тэр өглөө гэрт… Нэг нь шороонд, нөгөө нь шоронд. Ард нь хүүхэд асрах хүнгүй тормойгоод үлдэх л хамгийн хэцүү юм билээ. Шүүхээс надад санаатай хүн амины хэргээр 11 жилийн ял оноосон. Үүнийг хөнгөлж есөн жил дөрвөн сар 26 хоног болгосон. Шүүхийн байгууллага хүн амины хэргийг шүүхдээ эхнэр, нөхрийн хэн нь хүчирхийлэгч байв гэдгийг судалж байж шийдвэр гаргадаг байх, аргагүй хамгаалалт авсан эмэгтэйчүүдийг харж ялыг нь хөнгөрүүлдэг ч юм уу тодорхой хэмжээгээр харж үздэг байгаасай. Хүүхдэд ээж нь маш хэрэгтэй. Сурч боловсрох, хүмүүжил гээд олон зүйлд ээж чухал. Миний хувьд 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн найруулж чангаруулахаас өмнө хөршийн холбоо, цагдаагийн хяналт байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл болоход цагдаа дуудлага өгч баривчлуулдаг боловч удалгүй л суллачихдаг байсан” хэмээв. Түүнтэй яг ижил "түүхтэй" нэгэн хүмүүжигч эмэгтэй Б хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалалт хэрэглэсэн эмэгтэйчүүдийг харж үздэг байгаасай. Аргагүй хамгаалалт ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болохоор зохих шийтгэл хүлээх нь зүйн хэрэг ч хүүхэд асран хамгаалагчгүй үлддэгт санаа зовж байна. Ядаж төрөөс хүүхдийг нь хамгаалалтад авдаг байх л хэрэгтэй. Гэтэл харгалзах асран хамгаалагчгүй үлдсэнээс болж хүүхэд гудамжинд гарах, гэртэйгээ шатах, алга болох, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байна шүү дээ” гэв.
Хорих ангийн үйл ажиллагаа улсын онцгой объектод хамаардаг гэдэг утгаараа энд “нарнаас” арай өөр дүрэм үйлчилдэг. Үүдээр нь ормогц гар утас, лаазалсан бүтээгдэхүүн, мэс, мөнгө, хөзөр, шилтэй зүйл оруулахыг хориглох бөгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд зураг, дүрс авч болохгүй. "Гадаад явсан, хол байгаа" гэх үгээр хууртсан бяцхан үрс, ээжийнхээ зургийг хэвлэлээс харвал яах вэ. Тиймээс бид ч гэсэн хорин ангийн дүрэмд захирагдаж, тэнд хэсэгхэн хугацаанд "хүмүүжсэн" юм.
ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид өнөөдөр 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байна. Улсдаа ганцхан байдаг энэ хорих анги тэртээ 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдснаас хойш 45 жил өнгөрч байгаа ч цэвэрхэн орчинтой. Хоёр давхар нээлттэй хорих ангийн байрны өрөө тус бүрийг 1-18 хүртэл дугаарласан байх агаад нэг өрөөнд найман эмэгтэй байрладаг аж. Өрөөнд хувцасны өлгүүр, орноос өөр зүйлгүй. Жирийн буюу нээлттэй хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүд хаалттай ангиас илүү “эрх чөлөө”-тэй.
Хашаанд бие засах газартай тул чөлөөтэй орж гарч болно гэсэн үг. Хаалттай буюу чанга дэглэмтэй ангид байшин дотор бие засах газартай, ар гэрийнхэнтэйгээ уулзах эргэлтийн хугацаа нь ч бага. Энд хүмүүжиж буй эмэгтэйчүүд 09.00-17.30 цаг хүртэл оёдлын үйлдвэрт ажиллах бөгөөд цалин авна. Гэхдээ 10 хувийг нь л ахуйн хэрэглээнд захиран зарцуулах эрхтэй аж.
Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулав.
ХҮМҮҮЖИГЧИД ЦАЛИНГАА ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ, НЭРИЙН ДАНСАНД НЬ ТӨВЛӨРҮҮЛЭХ, АР ГЭРТ НЬ ШИЛЖҮҮЛЭХЭД АШИГЛАДАГ
ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангийн Нийгмийн ахлах ажилтан Ахмад Н.МӨНХТУЯА:
-ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангид 200 гаруй эмэгтэй хорих ял эдэлж байна. Энд хоригдож буй эмэгтэйчүүд тогооч, засал чимэглэл, оёдолчноор мэргэжил эзэмшээд суллагдана. Тэдэнд зохих боловсрол, тодорхой төрлийн мэргэжил эзэмшүүлэн, зан үйл, сэтгэл зүй, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшил олгоход анхаарахын сацуу ажлын байраар ханган, хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлсийг холбогдох хууль журмын дагуу бодон олгож, гэмт хэргийн улмаас байгууллага, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрсдийнх нь нэрийн дансанд төвлөрүүлэх, ар гэрт нь шилжүүлж, амьдрал ахуйд нь дэм болох зэргээр хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна.
Тэднийг аль болох завгүй байлгаж, хөдөлмөр эрхлүүлэхэд анхаардаг. Гэхдээ цаг наргүй гэсэн үг биш. Журмын дагуу ажлын найман цаг оёдлын үйлдвэрт ажиллаж, хорих ангийн хувцас, дүрэмт хувцас, ажилтны дүрэмт хувцасыг үйлдвэрлэдэг. Мөн гар урлалын чиглэлд илүү сургаж, анхаарч байна. Энэ нь тэд нийгмийн амьдралд хөл тавихад хувиараа жижиг дунд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийм жишээ ч олон бий. Суллагдсан хүмүүс хувиараа бизнес эрхлээд амьдралаа сайхан авч явж буйгаа хорих ангийнхандаа ч дуулгадаг. Заримыг нь албадан сургалтад хамруулж бичиг үсэг заадаг бол мэргэжилгүй байсан хүмүүст мэргэжил эзэмшүүлдэг. Энд хорих ял эдэлж буй хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй, ар гэрийнхэндээ сэтгэл зовнисон байдалтай байдаг учраас сэтгэлзүйч маш чухал үүрэгтэй. Адилхан хүн л учраас эрхээ хязгаарлуулсандаа гуньж гутрах, ар гэрийнхэндээ сэтгэл зовох гээд хямрал байдаг тул аль болох сэтгэл санаагаар дэмжиж ажиллахад анхаарал хандуулдаг. Ар гэрийнхэн нь ч бас сэтгэл санааны давхар ял эдэлдэг болохоор хорих ангийн нөхцөл байдалтай танилцуулж, гэр бүлийн өдрийг зохион байгуулснаар хорих ангийн тухай ташаа ойлголтоо залруулдаг байгаа. Ерөнхийдөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор долоо хоног бүр эргэлт уулзалтыг зохион байгуулдаг. Жил бүр хүүхдийн баяраар хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулах, гэр бүлийнхэнтэй нь хамт нэг өдрийг өнгөрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ИРГЭД ЗӨВӨӨР ХҮЛЭЭН АВЧ ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлийн алба хариуцсан ахлах мэргэжилтэн Х.БАЯСГАЛАН:
-ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад сургалт хүмүүжлийн болон ар гэртэй нь уулзуулах олон төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгуулдаг. Үүний нэг нь эх үрсийн баярыг угтсан “Эх хүүхдийн нандин хайр” уулзалт юм. Энэ арга хэмжээнд ээжтэйгээ долоо хоног бүр уулзах боломжгүй алс хол орон нутагт амьдардаг бага насны хүүхдүүдийг эхтэй нь уулзуулж байна. Ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Ар гэрийнхний уулзалт, эргэлтийг долоо хоног бүр болдог учраас олон жил уулзахгүй байх гэсэн ямар нэгэн асуудал байхгүй. Нээлттэй хорих ангид хоригдож буй эмэгтэйчүүд хамгийн урт хугацаанд буюу 72 цаг гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжтой. Хаалттай хорих ангид бол эргэлтийн цаг хязгаарлагдмал. Ерөнхийдөө ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад сургалт хүмүүжлийн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ч бидний ажил үр дүнд хүрэхгүй байна. Учир нь хорих ангид ял эдэлж буй иргэдийг нийгэм нь зөвөөр хүлээн авч байж, бидний зүгээс тэднийг нийгэмшүүлж буй ажил үр дүнгээ өгөх юм. Иймд нийгэм нь хорих ял эдэлсэн, эдэлж буй хүмүүсийг зөвөөр хүлээн авч, ойлгох ёстой. Тухайн хүн өмнө нь хорих ял эдэлж байсан ч ажил олгогчид ажлын байраар хангах, хамт олон нь тэднийг зөвөөр хүлээн авч ойлгох хэрэгтэй. Ингэснээр тэр хүн нийгмийн амьдралд эргээд орох боломжтой. Гэтэл өнөөдрийг хүртэл нийгэм нь хорих ангид ял эдэлсэн, эдэлж буй хүмүүсийг зөвөөр хүлээн авч ойлгон дэмжихгүй байна. Тиймээс ч эрхээ хязгаарлуулж хорих ял эдэлж буй иргэд нийгмийн амьдралд гарахаасаа “айдаг”. Мэдээж амьдралд алдаж эндэн, хорих ял шийтгэгдсэн хоригдлууд эрх чөлөөтэй болно гэдэг нь сайхан ч нийгмийн амьдралдаа эргэн ороход өөрсдийг нь хэрхэн хүлээж авах бол гэсэн том айдастай нүүр тулж, их сэтгэл зовнидог. Ийм айдасыг үгүй болгоход л нийгмийн тусламж дэмжлэг хэрэгтэй.
ШШГЕГ-ын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдийн санал болгосноор асран хамгаалагчдад үлдэж буй хүүхдүүдэд хэрхэн хяналт тавьдаг талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулав.
ХОРИХ АНГИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛЗҮЙЧИД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ УЯЛДАА ХОЛБООГҮЙ БАЙНА
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэвлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.БАТСАЙХАН:
-Олон улсын жишигт заасны дагуу шүүхээс ял таслахдаа хүүхдийг төрийн хамгаалалт буюу асран хамгаалах байгууллагад шилжүүлэхээс илүү гэр бүлийнх нь ойр дотнын хүнд харгалзан үлдээхийг чухалчилдаг. Дүүрэгт тухайн хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн бүртгэл байдаг л даа. Энэ дагуу хүүхдийн эрхийг хамгаалахад дүүрэг болон хорооны хамтарсан баг асран хамгаалагчдад хяналт тавьдаг. Гэсэн ч ээж нь хорих ангид ял эдэлж байх хугацаанд хүүхэд алга болох, хараа хяналтгүй байх асуудал гарч байгаа нь хорих ангийн ажилтнууд, сэтгэлзүйчид бидэнтэй эргэх уялдаа холбоотой ажиллахгүй байгаатай холбоотой. Хорих ангид өдөр бүр болж буй үйл явдлыг бид мэдэхгүй учраас тэнд болж буй хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг сэтгэлзүйчид бидэнд мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр бид анхаарч ажиллана. Тиймээс асран хамгаалагчид ч тэр, хорих ангийнхан ч тэр бүгд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагатай уялдаа холбоогүй байдгаас л хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Гэр бүл маргалаа гэхэд эцэг эхийн аль нэг нь хүүхдээ авч яваад сураггүй алга болдог. Үүнээс болж асуудал үүсэх, хүүхдээ асран хамгаалагчид нь үлдээлээ гэхэд хараа хяналтгүйгээс гудамжинд гарах, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд байдаг учраас иргэд болон хорих ангиуд эргэх хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай эргэх холбоотой ажиллах шаардлагатай гэлээ.
Хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдтэй цөөн хором ярилцахад тэдний сэтгэл зовниж буй ганц зүйл бол үр хүүхэд нь бөгөөд хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатайг хэлж буй юм. Нийслэлд өнөөдрийн байдлаар хараа хяналтгүй 890 орчим хүүхэд бий гэх тоон мэдээлэл байна. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хууль хяналтын байгууллагатай хамтран асран хамгаалагч дээрээ үлдэж буй болон хараа хяналтгүй болох эрсдэлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалахад “За” гэж дуугармаар байна.
Холбоотой мэдээ