Дүгнэлт: Монголчууд Рио Тинтод 1,7 тэрбум долларын өртэй

Хуучирсан мэдээ: 2019.05.30-нд нийтлэгдсэн

Дүгнэлт: Монголчууд Рио Тинтод 1,7 тэрбум долларын өртэй

Дүгнэлт: Монголчууд Рио Тинтод 1,7 тэрбум долларын өртэй

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг өчигдөр /2019.05.29/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Жил гаруйн хугацаанд ажилласан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргажээ. Түүнчлэн Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна гэдгийг шалгалтын явцад тогтоосон байна. Дүгнэлтийг товчхон дүгнэвэл "Рио-Тинто" компани Монголчуудын толгой дээр гараад "суучихсан". Хөрөнгө оруулчхаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг зарим гишүүн хэлж байгаа.

Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар Монголчууд 1 тэрбум 79 сая ам.долларын өрөнд оржээ. Үүний хүү нь 541 сая ам.доллар болж өссөн. Сангийн яамны өгсөн тайлбараар тухайн үед 34 хувьд ногдох хувьцааны санхүүжилт 1 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас labor+6.5 хувийн хүүтэй зээлсэн өр гэдгийг хэлж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэж тооцоолсон ч бодит байдалд 2050 оноос ашиг хүртэж эхэлнэ. Гэвч 30 жилийн дараа далд уурхайн нөөц багассан байх болов уу.

Хөрөнгө оруулагч талын зэсийн баяжмалын борлуулалтын орлогыг Монголчууд мэдэхгүй. Учир нь "Рио-Тинто" ХХК зэсийн баяжмалын борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа бөгөөд УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй нь Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэдгийг гишүүд хэлж байв.

Оюутолгой төслөөс "Рио-Тинто" компани 2017 онд 744 сая ам.долларын өгөөж хүртсэн бол Монгол Улс 175 сая ам.долларын ашиг хүртжээ.  Мөн тус онд менежментийн төлбөрт 133 сая ам.доллар, өртөг дэх мэргэжлийн үйлчилгээнд 69 сая ам.доллар,  Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүнд 470 сая ам.доллар авсан байна. Хоёр тал ийм харьцангүй ашигтай ажилласан нь "Рио-Тинто" хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани. Энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх ч хэрэггүй гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлсэн.

Түүнчлэн Оюутолгой Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти 5 хувиар төлдөг нь дотоодын компаниудаас бага. 2015 онд рояалтид 166 тэрбум төгрөг, 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017, 2018 онуудад онд 18 тэрбум болтлоо буурчээ. Хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөхийн хирээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртасгаснаар гэрээ манай талд улам ашиггүй болно гэсэн үг.

Ингэж бид ашиггүй ажиллаж, өрөнд орохын оронд 34 хувиа гаднын өөр компанид эсвэл Рио-Тинтод 100 хувь хариуцуулаад манайх татвараа чангатгая гэдэг санааг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлсэн нь нэг талаасаа бодууштай хувилбар. Одоо бол 34 хувийг өрөнд орж эзэмшсэнийхээ төлөө 5 хувийн рояалтийн татвар авч байгаа. Үүнийг болиод Эрдэнэт шиг 15 хувийн роялти авбал манайд ашигтай гэсэн санаа юм.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хувьд чамгүй сайн ажиллаж ажил хэрэгч санал, зөвлөмж дүгнэлт гаргасныг эхний удаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж амжлаа. Ажлын хэсгийн дүгнэлтээс гадна Оюутолгой гэрээтэй холбоотой АТГ, Үндэсний аудитын газраас ирүүлсэн хоёр нууц материал гишүүдэд тараагдсан. Дээрх гурван дүгнэлтэд тулгуурлан Оюутолгойн төслийг цаашид хэрхэхийг Засгийн газар шийдвэрлэх учиртай. Гишүүдийн хувьд бодит шүүмжлэлийг хэлж хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэдгийг хэлж байгаа юм. Хэдий "Рио-Тинто" компани гэрээний үг, үсэг, өгүүлбэрийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн ч тус компани бизнесийн соёл гарган гэрээг засаж сайжруулах Монголын талын саналыг хүлээж авч зөвшилцөлд хүрэх нь хүлээлт болж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд ч гэсэн төслийг сайжруулах чиглэлд эв зүйгээр шийдэхийг хичээж байна гэдгээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн. Тэрбээр “Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудлууд ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн гэдгийг хэлье. Дэлхий ертөнц нээлттэй болсон цаг үед бидний бүх зүйл ил тод байх болно. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашиг хамгаалагдаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой" гэж хэлсэн юм.

Ямартаа ч ирэх өдрүүдэд Оюутолгой төслийг хэрхэх улс төрийн томоохон шийдвэрийг Засгийн газар гаргах уу, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух уу гэдэг анхаарлын төвд байх асуудлын нэг болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж