Томилолт: Эрдэнэтийн цагаан тэмдэглэл | News.MN

Томилолт: Эрдэнэтийн цагаан тэмдэглэл

Томилолт: Эрдэнэтийн цагаан тэмдэглэл

Томилолт: Эрдэнэтийн цагаан тэмдэглэл

ӨРГӨӨ ГЭРИЙНХ НЬ ӨРХИЙГ ТАТАЛЦСАН НЬ

“Эрдэнэт”-ийнхэн сав л хийвэл “уулын минь буян” хэмээн уулга алдах. Энэ үгийг ч Д.Хундалай бүсгүй мөн хэлсэн. “Эрдэнэт”-ийн Барилга засварын цехэд засал чимэглэлчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа, өрх толгойлсон энэ эмэгтэй хувьд хамт олонтойгоо мартагдашгүй баярт өдрөө тэмдэглэж байхтай таарлаа.

Тэрбээр үйлдвэрийнхээ хамт олонд хандаж, “Өнөөдөр би ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг, ялгуун сарны дор үгээр илэрхийлэхийн аргагүй гэсэн дууны үгийг та нартаа зориулъя” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв. Хуанлийн хуудсанд заасан 2019 оны тавдугаар сарын 28 бол Д.Хундалайгийн хувьд хамгийн дурсгалт өдрүүдийнх нь нэг болов.  Учир нь, “Эрдэнэт” үйлдвэр, Барилга засварын цех, тус цехийн залуучуудын холбоо, ахмадын зөвлөл хамтран 48 метр квадрат байшин барьж, түлхүүрийг нь  түүнд гардуулж өгсөн юм.

“Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Хундалай маань тогтвортой ажлын байр, өөрийн орон гэртэй болсонд хамт олных нь зүгээс баяртай байгаа”-гаа “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Төгсбаяр илэрхийлээд уг байшинг долоохон хоногийн дотор барьж дуусгаснаа, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн энэхүү аянд Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор зэрэг байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлснийг ярилаа.

Барилга засварын цехийн залуучууд уг ажлыг санаачилж, хамт олон нь нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Д.Хундалайгийн  аав, ээж ч “Эрдэнэт” үйлдвэрт насаараа ажилласан хүмүүс аж.  Залуучуудын холбооны дарга П.Эрдэнэмягмар “Д.Хундалайгаа гэр оронтой болгох юмсан гэж нэлээд удаан бодсон. Санаачлагыг маань цехийн хамт олон дэмжсэнд баярлаж байна. Нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр зохион байгуулна. Байшин барихад бүх хүмүүс сэтгэл зүрхээрээ тусалсан. Тэтгэвэртээ суугаа ахмадууд маань хүртэл ирж барилцсан” гэв.

Энэ өдөр тус хамт олонд давхар, давхар баярт үйл явдал тохиож буйг Барилга засварын цехийн хангамжийн инженер Д.Уламбаяр танилцуулав. Барилга засварын цех хэдхэн хоногийн өмнө “РСЦ” нэртэй “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани байжээ.  Харин одоо буцаад үйлдвэрийнхээ харъяанд  Барилга засварын цех нэртэйгээр очсонд олон хүн баяртай байв. Тэдний нэг бол суурь машинист Г.Гантөмөр. 

Хорь гаруй жил тус  цехэд ажиллаж буй тэрбээр “Эрдэнэт”-ийн охин компанийн ажилчин биш үйлдвэрийнхээ үндсэн ажилтан болсон учраас цалин  хөлс, амьдралын хангамж сайжирч, ажлын байр нь найдвартай, тогтвортой болж байгаад баяртай байгаагаа ч нуусангүй. Нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан түүнээс урам зориг, эрч хүч мэдрэгдэн.

“РСЦ” нь “Эрдэнэт”-ийн охин компани байхад цалин хөлс нь үйлдвэрийн үндсэн ажилчдаас 50 хувь бага байжээ. Бас ажлын байр нь тогтворгүй. Харин өнөөдөр тэд   цалин өснө, хангамж нэмэгдэнэ гэсэн итгэл, зорилготойгоор ажлаа чин сэтгэлээсээ хийж сууна.

Цех нь үйлдвэрийнхээ үндсэн нэг хэсэг болсонд Х.Бадамсүрэн захиралд баярлаж буйгаа илэрхийлэхийг хүссэн хүн бол Ж.Мягмарбаатар. 16 настайгаасаа тус үйлдвэрт ажиллаж эхэлсэн тэрбээр мөн л цалин, хангамж нь нэмэгдэхийг баяртайгаар хүлээж сууна.

Тус цехэд одоогоор 252 хүн ажилладаг. Жилдээ 500 сая төгрөгийн модон үйлдвэрлэл хийдэг. Тус цех охин компани байхдаа 2017, 2018 онуудад 12-16 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.  Энэ цехийн хүчинд “Эрдэнэт” үйлдвэр тасралтгүй ажиллаж, улсынхаа хамгийн том татвар төлөгч болж ирсэн. Үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, засах ажил орон сууцны барилга барихаас тэс ондоо болохыг ч цехийн ажилтнууд ярилаа.  Өдгөө 40 настай “Эрдэнэт” үйлдвэр дахиад  40 жил үйл ажиллагаа явуулахад тус цехийн хувь нэмэр их.  Учир нь, тус цех үйлдвэрийнхээ бүх л хар, бор ажлыг нугалдаг. Өөрөөр хэлбэл,  барилга засварын цехгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрлэлээ жигд, тогтвортой эрхлэх боломжгүй болох аж.  “РСЦ”-н ажилтнууд Төрийн өмчийн хороо, Засгийн газар, УИХ-д удаа дараа албан бичиг, хүсэлтээ явуулсны үр дүнд "Эрдэнэт" үйлдвэрийнхээ үндсэн цех болсон гэх сайхан мэдээг өнгөрсөн дөрөвдүгээр сард сонссон байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн РСЦ-г татан буулгаж, Барилга засварын цех байгуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс  "РСЦ" нь ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс Барилга засварын цех нэртэйгээр үйл ажиллагаа явуулах юм байна.

ЦАГААН ТООСООР СОЛОНГОСЧУУД БОРДОО ХИЙХ САНАЛ ТАВЬЖЭЭ

“Эрдэнэт”-ийн цагаан тоосны асуудал  ид хөндөгдөж байна. "Ирээдүйгээ хамгаалъя" төрийн бус байгууллагаас энэ асуудлыг илүүтэй сэвж буй.  Цагаан тоос нь  саяхны асуудал биш бөгөөд хавар, намартаа дэгддэг. Энэ хавар хуурайшилттай, салхи шуурга ихтэй байгаа учраас илүү тоосорхог байгаа аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуй буюу үүсмэл орд нийтдээ 2000 га талбайг эзэлдэг. Үүний 800 га талбайгаас цагаан тоос үүсдэг  аж.  Цагаан тоосыг тус үйлдвэрийн зүгээс гурван аргаар дарж байгаа аж. Нэгдүгээрт, хаягдал булингарыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгох арга. Илүү энгийнээр тайлбарлавал нарийн элсэн ширхгийг дарагч бодистой хольж, зунгааруулдаг юм байна.

Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа

Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж, тоостой талбайд цацдаг юм байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашигладаг. Нуурын шаварт суучихааргүй зориулалтын техник захиалжээ. Тэр техник нь удахгүй ирэх гэнэ. Гуравдугаарх нь  үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгодог аж.

Хаягдлын аж ахуйн тоос босож буй 543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг үйлдвэрлэлийн технологийн аргаар дарсан тухай  “Эрдэнэт” үйлдвэрийн БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяа тайлбарлав.  Тоосон ширхгүүдийг барьцалдуулагч бодисын нөөц 40 тонн.

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах алба байгуулсан гэнэ. Тэд зөвхөн үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас босдог цагаан тоосыг дарах зорилготой.

Далангийн дагуу хэсгийн 200 гаруй га газарт хүрч ажиллаж чадахгүй байгааг О.Эрдэнэтуяа дарга учирлалаа. Далангийн дагуух талбай  өвөл хөлддөг. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн тодорхой стандартын хэмжээнд хүртэл гэсэх ёстой. Гэсээгүй тохиолдолд цагаан тоос дарах үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлбэл далангийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай. Иймд далангийн аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс үйлдвэрлэлийн зуны хаялга өгөх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа аж.

 

Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инжежер Т.Батмөнх

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх "Баяжуулах үйлдвэрийн хаягдлын процессыг технологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр дарах ажлыг олон жил судалж, хүн хүч, хөрөнгө мөнгө,цаг хугацаа зарцуулсны үр дүнд ийм түвшинд хүрсэн. Миний бие энд 30 жил ажиллаж байна. Сүүлийн 20 жилд цагаан тоос дарах бүхий л ажилд гар бие оролцсон. Тэгэхээр ямар хүмүүс ташаа мэдээлэл өгөөд байгааг гайхдаг юм. Энэ ажилд нэг ч удаа гар бие оролцоогүй хүмүүсийн зүгээс л гаргаж буй асуудал  гэв.

Түүний тайлбарласнаар үйлдвэр, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаад үр дүнд хүрч байгаа гэнэ. "Өнөөдрийн байдлаар бид нийт тоос босдог талбайнхаа 70 орчим хувийг дарчихаад байна.  Үүнийг хийхэд 13,17 га-д туршилт явуулсан. Уг туршилтууд амжилттай явагдсан. Технологийн процесст ямар ч нөлөөлөлгүй болсон. Энэ нь олон жилийн судалгаа, ажлын үр дүн. Цаашид ийм төрлийн бодисоор цагаан тоосны дэгдэлтийг дараад явах боломжтой. Үлдсэн 200 га-гийн цагаан тоосны дэгдэлтийг бид дарна. Цаг хугацааны л асуудал байна.

Ер нь цагаан тоос бол нарийн ширхэгтэй кварцын элс. Амьдрал дээр элс хэрэгтэй юу хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын талбайд хүртэл элс асгахыг зөвшөөрдөг. Бие нь харагдахгүй хадны мангаагаар хүүхэд айлгадаг шиг цагаан тоос гээд хүмүүсийг сүрдүүлээд байж бас болохгүй. Тэгэхээр цагаан тоосны талаар олон нийтийн дунд буруу ойлголт явдаг. Энэ элсийг бордоонд ашиглаж болно. Жаргалант сумын иргэд цагаан тоосноос болоод төмс зах дээр хямд байна гэдэг. Тэгэхээр хортой бол бордоо хийвэл баларна биз дээ. Тэгвэл бордоонд ашиглах санал Солонгосын эрдэмтэд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагуудаас  ирсэн" гэж Т.Батмөнх инженер ярьж сууна.

Цагаан тоосноос болж, 12 мянган иргэнд 3 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг  “Ирээдүйгээ хамгаалъя” төрийн бус байгууллагаас шаардаж буй.  Гэтэл цагаан тоостой бүсэд суурьшиж буй иргэдийг эмнэлгийн удаа дараагийн үзлэгт хамруулахад одоогоор тоосноос болсон гэх өвчлөл илрээгүй аж.

Тодруулбал, 2006 оноос Орхон аймгийн хэмжээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хүрээнд 12 удаа эрүүл мэндийн үзлэг зохион байгуулжээ. Энэ нь тухайн тоосжилтын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ирсэн  байна. Эрдэнэт үйлдвэр тухайн үзлэгийн төсвийг гаргадаг. Аймаг, орон нутгаас мэргэжлийн баг гаргаж ажилладаг аж. Аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сум, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг есөн байгууллагын хамтран эрүүл мэндийн үзлэг явуулдаг болохыг Эмнэлэг сувилал цогцолборын Үйл ажиллагаа хариуцсан орлогч, ерөнхий их эмч Ж.Ганчимэг хэлэв.

Өнгөрсөн 12 удаагийн үзлэгт 396 хүн хамрагдсанаас 288 буюу 78,9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн үзүүлжээ.  Дунджаар 28,6 жил амьдарсан хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдаг гэлээ. “Цагаан тоос”-ноос үүдэлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн үү гэдгийг өнөөдрийн түвшинд гаргаагүй. Энэ нь тусгай үнэлгээний баг зориулалтын тоног төхөөрөмжтэй байж илэрхийлэх ёстой. Нийт 40 гаруй үзүүлэлтээр тухайн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж, дүрс оношилгоонд хамруулжээ. Оношилгоонд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчтэйг тогтоосон, цахиурын тоосонцроос шалтгаалсан уушиг тоосжих өвчин илрээгүй гэнэ. Товчхондоо, цагаан тоосны дэгдэлт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлтэйг тогтоосон юм байхгүй байгаа гэнэ. Мөн урагт нөлөөлдөг гэсэн асуудал байхгүй, 40 жилийн түүхэнд ийм тохиолдол гараагүй, бид сонсоогүй гэж Ж.Ганчимэг эмч тайлбарлалаа.

Тоосжилтын бүсэд амьдардаг нэг хүүхдийг таван наснаас нь 18  хүртэл нь эрүүл мэндийн үзлэгт хамруулсан тохиолдол ч бий. Тухайн үед хамгийн сайн тоног төхөөрөмжтэй нь манай эмнэлэг сувилал байлаа. Анх энд хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Та бүхэн шинжилгээний хариуг өөрсдийн лабораторид  үнэн зөв гаргахгүй байна гэсэн хардалт, сэрдэлт дагуулсан. Тэгэхээр нь бид Бүсийн оношилгооны төв, Медипас эмнэлэгт энэ хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зөвшөөрөл өгсөн. Харин зардал нь үйлдвэрээс гардаг" тухай  ярив.

Одоо  13 дахь удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлэх гэж байна. Говил, Баянцагаан, багийн болон Жаргалант сумын Тариа бригадын 400 хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Энэ жил шинжилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн байна. Энэ мэт "Эрдэнэт" үйлдвэрийнхэн шинэ сонин ихтэй, ярих зүйл олонтой сууна.

Цагаан тоосыг холигч бодисоор барьцалдуулсан нь.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж