Г.Тэмүүлэн: Тунель гайхамшигтай байлаа гээд төсөл ашигтай гэсэн үг биш

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Тунель гайхамшигтай байлаа гээд төсөл ашигтай гэсэн үг биш

Г.Тэмүүлэн: Тунель гайхамшигтай байлаа гээд төсөл ашигтай гэсэн үг биш

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж,  төслийг харилцан ашигтай болгох арга хэмжээг Засгийн газраас авах ёстой"  гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сайн ажилласан байна. Ажлын хэсэг цагаан дээр хараар бичсэн тодорхой дүгнэлтийг хийж, санал зөвлөмж дэвшүүлсэн байна. Монгол төрийн бүхий л алдаа оноог нь дүгнэсэн байна. Онцгой анхаарах зүйлс их байна. Оюутолгой төсөлд бидэнд засаж залруулах алдаа их байна. Зөвхөн энэ төсөл ч биш цаашдаа, бусад төсөлд анхаарах асуудал байна.  Оюутолгой төслийг хэлэлцэх байхад  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энд сууж байх ёстой атал  алга. "Танай Монгол төрийн бодлого биднээс хамааралтай болчихсон шүү гэх утга бүхий зүйлийг гаднынхан хэлж байна. УУХҮЯ –наас тавдугаар сарын 1-нд сайдынх нь тушаалаар Монголын хөрөнгө оруулалтыг орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нь  2009, 2013 онуудад Оюутолгой компанийн захирлаар нь ажиллаж байсан гадаад хүнийг томилсонд харамсаж байна. Би "Эрдэнэс Монгол", Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байсан хүний хувьд 2015 оны зургаадугаар сард Дубайн гэрээг байгуулахаас сарын өмнө УИХ-ын намын  бүлгүүдэд Дубайн гэрээний талаар нууц танилцуулга хийж байсан. Мөн ҮАБЗ-д нууцаар танилцуулж байсан.

Тухайн үед Монголчууд бүгд нэгдэж чадаагүй. Өнөөдөр дахин энэ алдааг бүү гаргаасай гэж хүсч байна. Монгол төрийн ой санамж, бодлого үргэлжилж байх ёстой. Хүний нөөц, боловсон хүчний асуудалдаа мөн анхаармаар байна. Одоо хэдүүлээ гарц шийдлээ ярих цаг нь болсон. Хэрэв боломжтой бол ажлын хэсгийн тайланг УИХ-д танилцуулах, боломжгүй бол Эдийн засгийн байнгын хороо шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна. Жил гаруйн хугацаанд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн бид цаашдын бодлого шийдвэрээ гаргаж Засгийн газарт чиглэл өгөх ёстой.

2009 байгуулсан ХӨГ-ний үр дүн маш муу, тухайн үед хоёр талын тохирсон үр өгөөж байхгүй болсон. Бид эхнээсээ энэ төслийг ашигт суурилж үр өгөөжөө тооцсон. Бизнес төсөл учраас ашигтай байна. Бид ашиг олно. Амьдрал сайхан болно гэж бодож байсан. Гэтэл бидний хамтрагч Рио Тинто зардалд суурилсан үр ашгийн тогтолцоог энэ төслийн хэрэгжилтийн явцад бий болгосон байна.

Cая 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд TRQ-ийн гол хувьцаа эзэмшигч Sailing Stones  компани бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар Рио Тинтод хандаж мэдэгдэл гаргасан “Бид Оюутолгой төслөөс ашиг хүртэнэ гэж хүлээгээд үр дүнгүй олон жил боллоо. ТУЗ-д нь ч тэр, гүйцэтгэх засаглалд нь ч тэр Рио Тинто дангаар шийдвэр гаргаж бидний эрх ашиг зөрчигдлөө. Энэ дэлхийн хэмжээний орд юм бол энэ компани дэлхийн хэмжээний компанийн засагалалтай байх ёстой. Одоо эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо” гэсэн байгаа. Тэгэхээр Зөвхөн Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгч Рио Тинтод хууртагдсан биш энэ төсөлд шууд бусаар хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчид хүртэл энэ компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашиг, үр өгөөжийн төлөө дуугарч эхэлж байна. Энэ бол бид Оюутолгой төсөлд дахиж хэлэлцээ хийж ширээний ард суух ёстой байгаагийн бодит жишээ энэ.

Хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суух ёстой.  Рио-Тинто компани саяхан гаргасан мэдэгдэлдээ гэрээний нэг ч өгүүлбэр, таслалыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн нь тэдэнд нэг үг, үсэг ямар үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг харуулж байна гэж ойлгосон. Бид хэлэлцээрт орох ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Үүнд “Рио-Тинто” компани эмзэглэх шаардлага байхгүй. Төсөл 60-100 жил үргэлжилнэ.  Харилцан ашигтай болгох арга хэмжээг ЗГ-аас авах ёстой.   Хөрөнгө оруулагч тал хэлсэн ярьснаасаа буцаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж