Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас “ЗӨВ ТУСГАЛ” аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зохион байгуулсан юм. Тус аяны хүрээнд өнөөдөр /2019.05.29/ “Хүүхдээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг Улаанбаатар паласт амжилттай зохион явууллаа.
Энэ үеэр цагдаагийн байгууллагынхны техник хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, үнэрч ноход үзүүлэх сургуулилалт хийж, цагдаагийн “Сүлд” чуулгын урлагийн тоглолт болж, хүүхдүүдийн дунд гүйлт болон гар зургийн уралдаан зохион байгуулж, аяны зорилго ач холбогдлыг таниулж, мөн хүүхэд өөрөө өөрийгөө эрх зүйн орчинд хамгаалах ямар боломжууд байдаг талаар мэдээлэл өглөө.
Мөн ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М. Мөнхшүр “Эцэг, эхчүүд хүүхэддээ эд баялаг биш зөв хүмүүжлийг өвлүүлэх хэрэгтэй байна. Нөхөр бид хоёр цагдаагийн байгууллагад ажилладаг. Гурван охинтой. Бидний хувьд охиддоо зарцуулах цаг зав хомс ч гэлээ олдсон бага гэлтгүй цаг хугацааг аль болох хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж, юу болох болохгүй вэ гэдэг зүйлийг зааж, тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хичээдэг” гэв.
ЦЕГ-аас зохион байгуулсан дээрх аян зөвхөн хүүхдүүд рүү хандаад зогсохгүй, эцэг, эхчүүдийг хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж, хүүхдүүдээ сонсож, хүмүүжил боловсролд нь анхаарал хандуулахыг зорилго болгосон юм байна.
Арга хэмжээнд оролцсон 1-р сургуулийн 11Б ангийн сурагч Д. Хонгорзул “Бидний нүдээр нийгмийг харах, эцэг эхчүүдийн нүдээр одоогийн нийгмийг харах гэдэг нь хоорондоо маш ялгаатай зүйл учир харилцан биенээ сонсох хэрэгтэй гэдгийг ойлголоо”.
114-р сургуулийн 11А ангийн сурагч М. Мөнхжаргал “Саяхан ээжтэйгээ ярилцаж үзсэнээс хойш оройтоод гэртээ ороход шууд загнах биш эхлээд надаас юу хийж, хаана байсан гээд асуудаг болчихсон байсан” гэж аяны ач холбогдлыг үнэллээ.
Б. Номинчимэг
Холбоотой мэдээ