Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаан 12 цаг 08 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан.
Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан.
Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив
Хуралдааны эцэст Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2020-2021 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг) 2020 онд 11,122.6 буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 27.3, 2021 онд 12,070.3 буюу ДНБ-д эзлэх хувь 26.3, 2022 онд 12,908.7 буюу ДНБ-д эзлэх хувь 25.0, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2020 онд 13,197.4 буюу ДНБ-д эзлэх хувь 32.4, 2021 онд 13,333.2 буюу ДНБ-д эзлэх хувь 29.1, 2022 онд 13,637.5 буюу ДНБ-д эзлэх хувь 26.4, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2020 онд -2,074.7 буюу ДНБ-д эзлэх хувь -5.1, 2021 онд –1,262.9, ДНБ-д эзлэх хувь -2.8, 2022 онд –728.9 буюу ДНБ-д эзлэх хувь -1.4, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр (тэрбум төгрөг) 2020 онд 22,089.1 буюу ДНБ-д эзлэх хувь 54.3, 2021 онд 22,910.5 буюу ДНБ-д эзлэх хувь 50.0, 2022 онд 23.869.2 буюу ДНБ-д эзлэх хувь 46.2 байхаар тус тус тусгажээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Холбоотой мэдээ