Засгийн газрын өнөөдөр /2019.05.29/-ийн хуралдаанаар Улаанбаатар хотод замбараагүй газар олгосон, зориулалт бусаар ашигласан газар олголт зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ "Найрамдал" төв, МУИС-ийн талбайд олгосон зөвшөөрлийг нь цуцлах, албадан буулгах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Хотын захиргаанд ажиллах юм байна. Мөн "Найрамдал" төвийг улсын төсөвт байгууллага болгох шийдвэр гаргасан байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатай олгосон байна. Энэ газар нь төлөвлөлт хийхэд маш хүндрэлтэй бөгөөд Улаанбаатар хотын банкинд өгсөн. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, Улаанбаатарт зочид буудлын урд талын талбай, Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг тодорхой хугацаагаар олгосон. Нийтийн эзэмшлийн талбай руу орсон нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд их хүнд. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргасан. "Найрамдал" олон улсын төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлжээ. "Найрамдал" зуслангийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон. Олон улсын хүүхдийн "Найрамдал" төв бол онцгой объект гэж хэлж болно. Аж ахуй нэгж бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ хүүхдийн зуслан, Улаанбаатар зочид буудлын урд талын саад, Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн рүү ингэж орж болохгүй. Хүүхдийн парк руу орсон тохиолдол бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан объектыг буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч болно. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан. Тиймээс бид цаашид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм. Төрийн тусгай хамгаалалтын газар болох Зайсанд аялал жуучлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууц барьсан байх жишээтэй. Тиймээс Засгийн газраас төлөвлөгөөтэй, шат дараатай арга хэмжээ авахын тулд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн байдлаар цэгцлэхээр болсон” гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хятадын компанид 50 га газар олгохоор болсон, Засгийн газар олгосон гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг цуцлах уу?
-Ямар нэгэн компанид 50 га газар олгосон зүйл байхгүй. Санал солилцож байсан зүйл бол байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. 50 га-тай холбоотой асуудал байхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй.
-Олгосон газраа төрд авлаа гэхэд дахиад нэг дарга зөвшөөрөл өгөхгүй байхад хэрхэн анхаарах вэ. Тэр газрын нэг даргын зөвшөөрлөөр л олгосон шүү дээ?
-Хаана хаанаа хяналттай, олон улсын нийтлэг жишгийн дагуу хөгжье гэж хэлмээр байна. МУИС-ийн газар МУИС-даа л байг. Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн хэвээрээ л байг. Тэнд заавал аж ахуйн нэгжүүд оролцох шаардлага байхгүй.
-Зөвшөөрөлгүй барилга барьсан, газар авсан асуудлын ард улстөрчид бий. Тэгэхээр Засгийн газар тэдэнтэй тэмцэж чадах уу. Мөн аж ахуй нэгжүүдийн хохирлыг яах вэ?
-Зөвшөөрөлгүй газар байшин барьсан компанид хохирол үүсэхгүй. Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Засгийн газрын хүч хүрэх үү гэж байна. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг цэгцлэх бол заавал хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарна. Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй байгаа. Үнэхээр зөвшөөрөлгүй барьсан бол буулгахаас өөр арга байхгүй.
-Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж зарим сайт мэдээллээ. Энэ үнэн юм уу?
-Хэлэлцэгдээгүй, ташаа мэдээлэл байна.
Найрамдал зусланд газар авсан иргэн, аж ахуйн нэгж
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ