Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ тавдугаар ангийнхан энэ сарын 27-ны өдөр улсын шалгалтаа өгсөн. Шалгалтын үеэр “Үхсэн хойно оо” гэдэг үгийн утгыг тайлбарла гэсэн даалгавар ирсэн талаар яригдаж байна. Энэ мэдээлэл үнэн үү?
-Шалгалтын даалгаврууд байршуулсан цахим сайтын санд 1-12 дугаар ангийнхны хичээлийн нийт 30.000 гаруй даалгавар нээлттэй бий. Тус сангаас сургуулийн шалгалтын комисс даалгавруудаа сонгох нь нээлттэй байдаг. Цахим хуудсанд яригдаад байгаа даалгаврын тухайд Ж.Барамсай гуайн “Соёлтой” эр нэртэй зохиол байгаа юм. Энэ даалгавар нь тавдугаар анги төгсөж байгаа хүүхэд сөрөг үгийг таних чадварыг танин мэдэхүйн түвшинд мэдэж байгаа эсэхийг шалгасан.
Ингэхдээ “Үхсэн хойно оо” гэсэн хэлц үгийн утгад тохирох хэсгийг олох байсан. Тухайн хүүхэд “Гутарсан сэтгэлээ илэрхийлсэн” гэсэн хувилбарыг дугуйлбал сөрөг үгийг таньж байна гэдгийг илтгэнэ. Хэрэв “Үхсэн хойно оо” гэдэг үгийг тайлбарла гэсэн бол маргаангүй алдаатай даалгавар болж хувирна.
Энэ даалгаврыг асуудал болгож яриад байгаа хүмүүс өөрсдөө өгүүлбэр зүйн бүтэц дээрээ анхаармаар байгаа юм.
-Дээрх даалгаврыг мэргэжлийн бус хүн зохиосон гэх мэдээлэл ч бий?
-Даалгаврыг туршлагатай олон жил ажилласан багш нар хамтран зохиогоод Нийслэлийн боловсролын үнэлгээний төвийн мэргэжлийн хүмүүс хянаж үзсэн. Ямар ч асуудалгүй болохоор даалгаврын санд байршуулсан. Түүнээс биш нэгхэн өдрийн дотор бэлтгэсэн даалгавар биш гэдгийг онцолмоор байна. Сурагчдаас монгол хэлний шалгалт авахад найруулан бичих чадвар сул байна гээд багш нар ярьцгаадаг.
Үүнийг сайжруулах ганц гарц нь бага боловсролын түвшинд эх хэлний боловсролд анхаарах юм. Тухайлбал, бага ангийн хүүхдэд 120-150 үгтэй эссэ бичүүлэхээр хүнддээд байна гэж ярьцгааж байна. Мэргэжлийн даалгавар зохиож байгаа багш нар 100 доторх үгэнд хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй учраас хамгийн багадаа 120 үг гэж тавьж байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Хэрэв бага ангид нь шалгуурыг өндөрсгөхгүй юм бол төгсөх гэж байгаа хүүхдүүдтэй эх хэлний боловсролын түвшний талаар ярих нь учир дутагдалтай.
–Цахим хуудсанд шүүмжлэл дагуулаад байгаа даалгаврыг аль сургууль авсан юм бэ?
-Аль сургууль шалгалт авсан нь тодорхойгүй байна. Хэрэв дээрх даалгавар хүүхдэд ойлгомжгүй байгаа бол сургууль сонгохгүй байх эрхтэй. Боловсролын үнэлгээний төвөөс даалгаврыг устгахгүй. Энэ бол заавал байх ёстой даалгавар. Хүүхэд сонсож байгаа муу үгийг ялгаж байгаа эсэхийг багш нар дараа нь явцын шалгалтаар аль эсхүл намрын шалгалтаар авах ёстой.
Боловсролын хөтөлбөрт “Тавдугаар анги төгсөж байгаа хүүхэд эх хэлний боловсролын түвшинд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадвартай байна” гэж заасан байгаа. Үүний тулд энэ төрлийн даалгаврыг оруулж ирж шалгадаг. Ганц даалгавар таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар боловсролын салбарыг бүхэлд нь харлуулах, сургалтын чанарыг сайжруулахаас хойш татах гэж байгаа бол гаргалгаа нь биш юм.
–Боловсролын үнэлгээний төвөөс доорх даалгаврыг дөрөвдүгээр ангийн математикийн улсын шалгалтад оруулсан юм уу. Зөв хариулт алга гэж эцэг эхчүүд мөн л цахим хуудсан дээрээ бичсэн байсан?
–Манай даалгаврын санд байхгүй бодлого байна. Тухайн сургуулийн шалгалтын комисс нь өөрсдөө зохиосон байж магадгүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ