Эрх баригчдад хариуцлага тооцохыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Эрх баригчдад хариуцлага тооцохыг шаардаж байна

Эрх баригчдад хариуцлага тооцохыг шаардаж байна

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2019.05.29/ нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд сөрөг хүчний жагсаалыг зохион байгуулж байна.

“Уулын мод огтолж, муудсан мах оруулж, Туулын бургас тайрч байна”, “Нийслэлчүүд туйлдаж байна” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан иргэд нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд зам дагуу жагсчээ.

Жагсаалд оролцож буй иргэдийн нэг Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Нэмэхбуян “Өнөөдөр нийслэл хотод амьдарч буй иргэд аз жаргалтай амьдарч байна уу. Шатахуун, махны үнэ тэнгэрт хадлаа. Ард түмэн, хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, нийслэлчүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна шүү дээ. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө энэ жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна” гэв.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга

“Маргааш /2019.05.30/ бид бүхэн Сүхбаатарын талбайд “Хариуцлага нэхэе” гэсэн сөрөг хүчний томоохон жагсаалыг зохион байгуулна. Өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд өнгөрсөн гурван жилийн өмнө ард түмэнд амласан амлалтыг нэхэж, болохгүй бүтээгүй ажилдаа хариуцлага тооцохыг шаардах болно. Өнөөгийн эрх баригчид 2016 онд МАН нийслэлчүүдээ аз жаргалтай хотын иргэн болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр нийслэлд хийсэн томоохон бүтээн байгуулалт байна уу. Нийслэлийнхээ өнгө төрхийг зассан уу. Өвөл нь утаагаар утаж, зунд нь өмхий үнэр дарагдсан иргэд аз жаргалтай байх уу” гэдгийг нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга яриандаа онцоллоо.

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярихдаа “Нэгдүгээрт Улаанбаатар хотын Засаг даргад хийх ёстой ажил гэж байдаг. Тэр ажил үүргээ хангалттай хийхгүй байна. Учир нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад маш олон хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвдөөд байна. Өнөөдөр тэрбум тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийг нэмэх нэрээр уулын мод огтолсор байна. Тиймээс бид үндсэн ажлаа хийгээч, хариуцлага тооцооч ээ гэж жагсаалыг зохион байгуулсан” гэв.

            МЭДЭГДЭЛ

Иргэддээ үйлчлэх байтал хохироодог, асуудал шийдвэрлэх байтал албан тушаалын уралдаан өрнүүлдэг, хоноцын сэтгэлтэй албан тушаалтнуудын үйл ажиллагааг бид эсэргүүцэж байна. Ардчилсан Монгол Улсын иргэн Та бид өнөөдөр хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, иргэдээ хохироож байгаа албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг хараад суух ёсгүй юм. Хууль, журмыг уландаа гишгэсэн, хариуцлагагүй, ёс зүйгүй байдлыг таслан зогсоохын тулд Та бид өнөөдөр жагсаж байна.

Бидэнд хариуцлага нэхэх олон шалтгаан байна.

ТУУЛЫН БУРГАСЫГ БУЛГАЛЖ, УУЛЫН МОДДЫГ УЛААНБААТАРТ “БОРЦОЛЖ” БАЙГААГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

“Зүүнбаян Рефайнери” компани нь Туул голын бургасыг хядсаны улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсныг БОАЖ-ын сайд мэдэгдсэн ч хохирлыг барагдуулаагүй байна. Нийслэл хотод жилд 1 тэрбум гаруй төгрөгөөр уулын моддыг авчирч үхүүлж байна. Гялгар уутаар “өлгийдөж”, гурван талаас нь түшүүлж, дусал тариа хийгээд ч модод ургасангүй.

НИЙСЛЭЛ ДАНХАР БҮТЭЦТЭЙ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭНГҮЙ БОЛСНЫГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 6 орлогчийн 4 нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. Гэмт хэрэгт холбогдсон, хувийн компанидаа давуу эрх олгсон, ёс зүйгүй, хариуцлагагүй орлогч дарга нартаа ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Нийслэлийн агентлагийн нэг дарга дээрээ 12 даргатай болсон байна. Бүх агентлагийн дарга нар үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй 6 сар болж байна. Төрийн алба иргэнд биш, даргад үйлчилдэг боллоо. Сандал суудал, томилгооны дунд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, Төв цэвэрлэх байгууламж дээр 4 инженер албан ажлаа гүйцэтгэж байхдаа алтан амиа алдлаа. Налайхын нүүрсний уурхайд 3 хүн амь эрсдлээ. Нийслэлийн автозам дээр жилд 45 хүүхэд осолдож байна. Хүүхдүүдийн дунд халдварт өвчин гаарч байна. Дарга нар нь ямар ч хариуцлага хүлээсэнгүй.

 ХӨРӨНГӨ МӨНГӨ ХАНГАЛТТАЙ Ч НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЗОГССОНЫГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлийн хөрөнгө мөнгө, санхүүгийн боломж түүхэндээ хамгийн их хэмжээнд байна. Гэвч өнөөдрийн байдлаар 2019 оны тендерүүд зарлагдаагүй байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт цаг хугацаандаа хийгдэхгүй нь тодорхой боллоо. Улаанбаатар хот аз жаргалтай биш, амьдрахад аюултай хот боллоо. Автозамын түгжрэлтэй, төлөвлөлтгүй барилгажилттай, утаатай, стресстэй, хамгийн их бохирдолтой хот боллоо. Энэ бүхэнд ямар ч дорвитой шийдэл гаргасангүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн төвүүд, дагуул хотууд, үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх тухай мэдэгдэл лоозонгууд гарсан ч ажил болсонгүй.

Олон улсын төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжихгүйгээр хүүгийн өндөр төлбөр төлж байна. Зөвхөн нийтийн тээврийн тусгай замын автобус төсөл, гэр хорооллын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүү гэхэд 2018 онд 4,1 тэрбум, 2019 онд 6,6 тэрбум төгрөгийг төлж байна. Хотын хөгжлийн ажлууд зогсонги байдалтай байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙГААГ БИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-ын 3.4.2.2-т “Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна” гэж заасан. Харин МАН-ын удирдлагууд нийслэлчүүдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахыг монгол ногоочдод биш, гадныханд мэдүүлэхийг хүсч байна.

Нийслэлийн хөгжлийг ингэж чөдөрлөсөн МАН-ын удирдлагууд ажилдаа сэтгэл гаргахгүй, иргэддээ үйлчлэх үүргээ умартсан, хариуцлагагүй байдлаа хэвийн үзэгдэл болгосон байгаатай Нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй болохоо мэдэгдэж байна. Хотынхоо иргэдийг аз жаргалтай болгохоо мэдэгдсэн Нийслэлийн МАН сүржин мэдэгдэл хийдэг шигээ ёс зүйгүй, хариуцлагагүй дарга нартаа хариуцлага тооцож, нийслэлийн ажлыг урагшлуулахгүй бол Нийслэлийн Ардчилсан Намынхан бид иргэдтэйгээ хамтран тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгээ мэдэгдэж байна.

Нийслэлийн Ардчилсан нам иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, аливаа хариуцлагагүй байдлыг таслан зогсоох зарчим барьж ирсэний хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, нийслэлийн иргэдийнхээ дуу хоолой боллж ажиллахаа мэдэгдэж байна гэжээ.

 

Жагсаалын эргэн тойронд фото цомгоор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж