Жон Беркоу Трампыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Жон Беркоу Трампыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлэв

Жон Беркоу Трампыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлэв

Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Жон Беркоу Хатан хаан II Элизабетын урилгаар ирэх зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Их Британид айлчлах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нэгдсэн Вант Улсын хууль тогтоох байгууллагын хуралдаан дээр үг хэлэхийг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлсэн байна. Энэ талаар тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Вашингтон дахь Брукингс институтэд зочлохдоо хэлжээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар, Трамп парламентын хоёр танхимын хуралдаан дээр үг хэлэх утга бүхий ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна” хэмээн хэлээд, өмнө нь АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нар Их Британийн Парламентад зочилж, хоёр танхимын гишүүдийн өмнө үг хэлсэн бол АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш төрийн айлчлал хийхдээ парламентын хоёр танхимын гишүүдийн өмнө үг хэлж байгаагүйг сануулсан байна.

Беркоу өмнө нь буюу 2017 оны хоёрдугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийг Их Британид айлчлахаас өмнө 900 жилийн түүхтэй Вестминстерийн ордонд түүнийг хүлээн авахаас татгалзаж буйгаа илэрхийлж байсан аж.

Тэрбээр “Би арьсны өнгө болон хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж, хүн бүр тэгш эрхтэй байх, хараат бус шүүгч, шүүхийн эрх мэдлийг дэмжиж буй бөгөөд энэ нь Парламентын танхимын баримтлах маш чухал зарчмууд юм" гэжээ.

Жон Беркоу Вашингтон дахь Брукингс институтэд зочлохдоо “2017 оны хоёрдугаар сард хэлсэн үгэндээ нэмэх, түүнээс хасах зүйл алга. Өнөөдрийг хүртэл миний үзэл бодлыг өөрчлөх зүйл тохиосонгүй” гэж хэлсэн байна.

Дональд Трамп 2018 оны долдугаар сард Их Британид гурван өдрийн ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээ хийж, Хатан хаан II Елизабетад бараалхсан. Трампыг айлчлах үеэр Их Британид АНУ-ын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд болж байв.

Эх сурвалж: Tass, Washington Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж