Ц.Даваасүрэн: Рио Тинто зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бодох ёстой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Оюутолгой орд бол алт,зэсийн орд. 1500 тонн алттай гээд Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн материалд бий.
Рио-Тинто компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бид бодох ёстой. Өнөөдөр зээл төлж байгаа бидний мөнгө манайд татвар төлж буй мөнгөнөөс өндөр. Энэ тооцоог хийсэн үү. Сүүлийн жилүүдэд ААН-ийн орлогын албан татвар нь буурчихсан. 2015 онд 166 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум болтлоо буурсан. 2018 онд мөн 2017 оныхтой адил хэмжээний мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийн менежментийн баг зургаан хувиа авахдаа зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг.Дэлхий дээр ийм компани гэж байх уу. Менежментийн баг ашигтай ажиллуулахын төлөө ажиллах ёстой байтал зардлыг өсгөдөг ийм менежментийн компани дэлхийд байхгүй. Энэ бол биднийг доромжилж байгаагийн хэлбэр. Тийм ч учраас зардлаа өсгөсөн. Ингээд ААН-ийн орлогын албан татвар нь 10 дахин буурсан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Оюутолгой төслийн гэрээг 2015 онд Дубайн гэрээг улам дордуулсан. Дубайн гэрээ бол гэрээ биш. Нөгөө талаас ажлын төлөвлөгөө гэж хэлдэг.
Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулиар гэрээнд Засгийн газар нь гарын үсэг зурах ёстой атал Эрдэнэс Монгол компанийн төлөөллүүд гэрээнд гарын үсэг зурсан. Эрх мэдэл бүхий хүн гэрээнд гарын үсэг зураагүй учраас Дубайн гэрээ хүчин төгөлдөр биш.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Оюутолгойн гэрээ байгуулагдахад нийт өртөг 4,1 тэрбум доллар байсан бол өнөөдөр 14,6 тэрбум ам.доллар болж дөрөв дахин өссөн. Монголын талыг Оюутолгойн төсөлд төлөөлж байгаа нөхдүүд 2048 онд Монгол Улс эхний ашгаа хүртэнэ гэж яаж хэлж чадаж байна аа. 35 жилийн дараа үр ашгаа хүртэх төсөлд хөрөнгө оруулдаг, хувьцаа эзэмшигч болдог тэнэг хүн гэж байдаг юм уу. Рио Тинто бол үнэхээр монголчуудын толгой дээр гараад суучихсан байна. Хөрөнгө оруулчихаад, хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг төсөл гэж байх ёсгүй. Оюутолгойн ирээдүйн орлого 118 тэрбум доллар гэж тооцсон байдаг. Гэтэл тухайн үед зэсийн үнэ 4400 ам.доллар байсан. Одоо үнэ өсөөд 6200 ам.доллар байгаа. Яагаад зах зээлийн бодит үнийн тоогоо Монголын тал засч янзлаад Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ. Бизнес бол байнгын хэлэлцээрийн үр дүн дээр л явагддаг. Бид 10 жил энэ мэт боломжоо алдлаа. Зөвхөн Оюутолгойг хангах цахилгаан станцаа барьж чадаагүйн улмаас 400 саяам. доллараа алдчихаад сууж байна. Бид өдөр бүр ард түмэндээ хайртай гэж ярьдаг. Гэтэл ард түмнийхээ хүртэх ёстой үр өгөөж, хувьцааг, хувь эзэмшдэг төслийг ийм байдалд хүргэсэн УИХ-д сууж байгаадаа ичиж байна. Гэрээг үр ашигтай болгох олон хувилбар байгаа ч яагаад УИХ-д нэг ч удаа танилцуулдаггүй юм бэ. Би долоон жил УИХ-д суухдаа нэг ч хувилбар оруулж ирснийг санахгүй байна. Монголын талын 34 хувийг төлөөлж байгаа нөхөд өө. 2048 он гэхэд энэ орд чинь ашиглагдаад дуусчих юм биш биз дээ. Энийгээ хэлж чадахгүй сууж байдаг, ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Зэсээ дагаж гардаг алт, мөнгө бусад дагалдах баялгийн тоо хэмжээ, тооцоо судалгааг хийж чадахгүй, хэлж чадахгүй ийм өрөвдөлтэй байж болохгүй.
Ийнхүү ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж дууссанаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Б.Дэлгэрсайхан: Оюутолгойг 100 хувь Рио-Тинтод өгч болдоггүй юм уу
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж буй юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Рио Тинто компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, мөн өртөг дахь мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. Рио-Тинтогийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744 сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцсангүй байна. Рио –Тинто хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх ч хэрэггүй. Сангийн яамны саналыг сонсмоор байна.
"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:
Өнөөдрийн байдлаар Оюутолгой ХХК гурван эх үүсвэрээс 12 тэрбум 460 сая ам. долларын санхүүжилт авсан байна. Хувь нийлүүлэгчдийн зээлээр 5 тэрбум 11 сая ам. доллар, хувьцааны санхүүжилтээр 3 тэрбум 12 сая ам. доллар, төслийн санхүүжилт буюу далд уурхайн бүтээн байгуулалт, гуравдагч этгээдийн зээлээс 4 тэрбум 340 сая ам. долларын санхүүжилт авсан. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтад 9 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 2022 он гэхэд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад 12 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. 2022 оноос гүнийн уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор үйл ажиллагаа явуулж эхлээд 2029 он гэхэд ашигтай ажиллаж эхэлнэ. Үндсэн зээлээ хувьцаа эзэмшигчид төлж дуусаад 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэж тооцоолсон.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Сангийн яам, Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтайгаа гэрээний талаар ширээний хоёр талд сууя гэсэн санал тавьсан уу. Тавьсан бол саналыг яаж хүлээж авсан бэ. Монголын тал 34 хувийг зээлээр эзэмшээд зээлд нь хүү төлж нэг тэрбум ам.долларын өрөнд орлоо гэдгийг ихэнх гишүүн хэлж байна. Заавал манайх 34 хувийг эзэмшихгүйгээр нэг мөсөн хувийг нь ч ялыг нь үүрүүлээд эрдэс баялгаа гаргах тал дээр нь бүх татвараа тодорхой болгоод авбал манайх хувь эзэмшсэнээс илүүтэй ашиг хүртэх боломж байгаа эсэх талаар судалж үзсэн үү. Мөнгөн урсгалыг барих тал дээр ямар бодлого баримталж байна вэ.
Ажлын хэсэг:
Гэрээ хэлэлцээрийн тухайд анхны хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөх асуудал нэлээд түвэгтэй гэж үзэж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний тухайд Хууль зүйн дэд ажлын хэсэг нэлээд ажилласан. Сангийн яамны хувьд санхүүгийн тооцооллуудыг хийж үзэхэд зээлийн хүнд их хэмжээний хүү бодогдож байгаа учраас төслийн үр ашгийг бууруулж байна гэж үзэж байгаа. Зээлийн хүүг бууруулах тал дээр хөрөнгө оруулагч талтай нэлээд ярилцаж үзсэн ч үр дүнд хүрээгүй. Саналыг та нарын түвшинд шийдэхгүй гэдгийг хэлсэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Гэрээнд ТЭЗҮ-ээр нийт орлого 118.7 тэрбум ам.доллар байх юм. Монголын тал 53 хувийг нь авна гэвэл 36.8 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулагч тал 32.2 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. 2010 онд батлагдсан ТЭЗҮ-г нөөцөд суурилсан хувилбараар тооцоолсон байгаа юм. Ингэснээр 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Монголын талын хүртэх ашиг 31 хувь, хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлттэй байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
Ажлын хэсэг нэлээн урт хугацаанд шалгалтыг хийж өөрсдийнхөө авсан мэдээллийн хүрээнд хангалттай сайн ажилласан. Гэрээг манай талд ашигтай, ашиггүй болсон талаар олон жил маргалдсан маргааныг нэг талд гаргахад ач холбогдол бүхий ажил хэрэгч дүгнэлтийг гаргах ёстой. Ингэхийн тулд зайлшгүй авч үзэх хэд хэдэн зүйл байгаа ч төдийлөн тусгагдаагүй гэж харж байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны нэмэлт гэрээнд илүү их анхаарал тавьж ярьж ирсэн. Хамгийн анх “Рио-Тинто” компаниас орж ирэхээс өмнөх 6 тэрбум ам.долларын тал нь орж ирсэн гэдэг асуудал яригддаг. Орж ирээгүй хөрөнгөд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа гэж сонссон. Ажлын хэсгийн дарга энэ талаар мэдээлэлтэй байна уу. Монголын талыг төлөөлж байсан үе үеийн ТУЗ-ийн гурван гишүүний тавьж байсан хяналт, шаардлага нь хэр байсан юм бэ. Энэ талаар судалж үзсэн үү. Төслийн одоогийн явц байдлыг үнэлэхдээ гадна, дотоод тал гэхгүйгээр бүх л хүчин нөлөөллийг авч үзэж дүгнэх нь зөв. Ажлын хэсгийн шалгалтыг дүгнэлтийг өнөөдөр авч хэлэлцэж байна. Асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Нууцын чанартай хоёр материал бий. Санхүүжилтийн өртгүүд өндөр байгаа нь бидний үр өгөөжид нөлөөлөөд байна гэдэг энэ бүгдийг гаргахад тооцооллын хувьд нарийн гаргасан дүгнэлт Засгийн газрын материал дотор байгаа. Мөн аудитын газраас г нууцлалтай ирүүлсэн материал бий. нэ хоёр дүгнэлтэд 2015 оны Дубайн гэрээтэй холбоотой мэдээлэл илүү тусгагдсан ч гэсэн Оюутолгой төслийг бүхэлд нь дүгнэхэд чухал ач холбогдолтой материал бий гэж үзэж байгаа учраас ажлын хэсгийн дүгнэлттэй хамтатган дахин байнгын хороо хаалттай журмаар хэлэлцэх нь зөв гэж бодож байна.
"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:
Хамгийн сүүлийн байдлаар 2016 оны есдүгээр сард Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнийг шинээр томилсон. Өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн ТУЗ-ийн хурлын 11 ээлжит, дөрвөн ээлжит бус хуралд оролцсон. Бид хуралд оролцох бүртээ толгой компани болох Эрдэнэс Монгол болон зарим чухал асуудлаа ЗГХЭГ-аас чиглэл авч удирдамжаа батлуулдаг. Хувьцааны санхүүжилтийг батлах нь том асуудал байдаг. Монголын тал Аудит санхүүгийн хороог ахалж байгаа.
Монгол Улс 1,6 тэрбум долларын өрөнд оржээ
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД:
- 2010-2055 он хүртэл Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь, Хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлттэй байна.
- Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
- Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.
- Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
- Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
- Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
- Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
- Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, тайлбар авч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй, тооцоолол нь байхгүй. 2015 оны ТЭЗҮ-г ашиглахад боловсруулсан санхүүгийн моделийг өгөөгүй. Мөн 2016 оны ТЭЗҮ-д үндэслэсэн тооцоо 2018 оны тоо үзүүлэлтүүдээр шинэчлэгдсэн санхүүгийн моделийг ирүүлсэн. Гэтэл 2016 оны ТЭЗҮ-г албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдлыг яаж засах вэ.
Ус ашиглаж байгаа. Секундэд 870 литр усыг шахаж байсан одоо секундэд 915 литр болж нэмэгдүүлсэн. Үүний үндэслэл нь юу юм бэ. Цаашид усны төлбөр, нөөцөө яаж тогтоох юм.
Ажлын хэсэг:
Санхүүгийн моделийн тухайд үр, ашгийн тооцоо, зээлийн хүүгийн өр, өгөөж зэрэг энэ бүх тооцоог хийхийн тулд санхүүгийн моделийг өөрийнхөө хүрээнд гаргаж, тооцоо хийж байсан. Хөрөнгө оруулагч талд санхүүгийн тооцоо хийдэг моделио өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Бидэнд нэг хувилбараа өгсөн. Тэр хувилбараар санхүүгийн тооцоог хийж гаргасныг ажлын хэсгийн тайланд дурдагдсан. Хоёр талаасаа санхүүгийн нэг модель дээр ажиллаж хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн тооцоо хийгдээгүй.
Ажлын хэсэг:
Оюутолгой компани 2003-2005 онуудад усны эрэл хайгуул хийсэн. 2007 онд секундэд 870 литр байхаар усны нөөцөө тогтоосон. 2015 онд нэмэлт усны хайгуул хийж 918 литр болгож секундэд тогтоосон. Оюутолгой компани Ханбогд сумын усны хангамжийг сайжруулах зорилгоор Бургасны гол, Сайрын худагт хайгуул хийсэн. Ханбогд сумын 13 мянган хүн амыг хангах зорилгоор секундэд 22 литр усны нөөцийг тогтоосон. Усны нөөц эрдэс хатуулаг өндөртэй гарсан. Тухайн компанийн хөрөнгө оруулалтаар усны нөөцийг цэвэршүүлэх үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан. Усны төлбөрийн тухайд Засгийн газрын 2013 оны 326, 317 тогтоолын дагуу усны төлбөрийг төлдөг. Жилдээ 16-17 сая метр куб орчим усыг ашиглаж байгаа. Үүний төлбөрт өнгөрсөн жилийн байдлаар 17 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Ажлын хэсгийн дүгнэлтийг төгс төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа. Өгсөн материалын хүрээнд шалгалтыг хийсэн. Бүтээгдэхүүн борлуулах гэрээ, санхүүгийн модель дээр бид өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж хөрөнгө оруулагч талаас шахаж шаардсаны хүчинд нэг моделийн хувилбараа өгсөн. Үүнд нь тулгуурлаж санхүүгийн тооцоог хийсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртасгаснаар гэрээ манай талд улам ашиггүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Бүтээгдэхүүн борлуулах гэрээний тухайд хэд хэдэн зүйлийг нууцлалын зэрэгтэй гээд өгөхгүй байгаа юм. Бид хэдэнтээ шахсан. ТЭЗҮ-ийн хувьд заавал баримтлах баримт бичиг гээд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тийм байтал ямар бүтээгдэхүүнийг хэдээр борлуулаад байна вэ гэдгийг Засгийн газар яагаад мэдэж чаддаггүй юм бэ. Монгол Улс хүртэж буй үр ашгаа хүлээж байгаа үүрэгтэйгээ харьцуулж тооцох боломжгүй байгаа юм бэ. Мөн 34 хувийн өр нэмэгдсээр одоо бараг нэг тэрбум ам.долларт хүрч байгаа. Яагаад бид энэ хэмжээний өрөнд ороод байна вэ гэдгээ зээлийн гэрээнүүдийг хүү, төлбөртэй нь авч танилцаж болдоггүй юм бэ. Монголын талын ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж яагаад авч болдоггүй юм.
"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:
Зээлийн гэрээ нууж хаах зүйлгүй. Бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгаа. Борлуулалтын гэрээг үзүүлэхэд худалдааны нууц гэсэн асуудлаар эмзэг байдаг юм билээ. Гэхдээ бид гишүүдийн хүсэлтийн дагуу тус гэрээг үзүүлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу. ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ гэдгийг тодруулъя. Хоёрдугаарт 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Хоёр тал дундаа ашиглаж байгаа төсөл дээр хяналт тавьж чадахгүй юм бол энэ төсөл цааш нь авч явна гэхэд утгагүй. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой. Энэ талаар мэдээлэл өгөөч. Гэрээнд ямар заалтуудыг оруулах боломж бидэнд байгаа юм бэ.
Ажлын хэсэг:
ТЭЗҮ-ийн хувьд асуудалтай, алдаатай гарсан тохиолдолд бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2015 оны есдүгээр сарын 17 ны өдөр ТЭЗҮ-хүлээж авах үед зарим нэг алдаа гарсан. Тухайлбал, манай талаас санхүүгийн моделио дутуу үнэлсэн. Хөрөнгө оруулагч талаас зарим материал нь дутуу байсан. Энэ оноос ТЭЗҮ-г дахин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хэлэлцэнэ. Засаад явах боломж бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн байх нь хамгийн чухал.
Сангийн яамны Ажлын хэсэг:
2010 онд Хөрөнгө оруулагч тал хувьцааны санхүүжилт хийсэн. Үүний 34 хувьд ногдох манай талын нэг тэрбум 79 сая ам.долларын өр байгаа. Энэ санхүүжилтийг Монголын талын өмнөөс хөрөнгө оруулагч тал төлсөн гэдгээрээ лайбер дээр нэмэх нь 6.5 хувийн хүү бодогдож байгаа. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар зээлийн үндсэн төлбөр нэг тэрбум 79 сая ам.доллар, хүү нь 541 сая ам.доллар болсон. Энэ нь Монголын тал дахь өр.
Асуулт, хариулт үргэлжилж байна.
Холбоотой мэдээ