Хэрэглэгчийн төлөө гэх хэрэггүй газар

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн төлөө гэх хэрэггүй газар

Хэрэглэгчийн төлөө гэх хэрэггүй газар

Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат, дотоодын хэдэн импортлогчдоос мөн бүрэн хамааралтай.  Тиймээс ч Засгийн газар болгоны толгойны өвчин, монголчуудын асуудал нь байсаар ирсэн, байсаар ч байна.  Шатахуун импортлогчид ч Засгийн газар болгоныг “шантаажилж”, татвараа тэглүүлж, элдэв татаасаар дэмжүүлж, дэмнүүлж ирсэн.

Дэлхийн зах зээл, валютын ханш, ОХУ-ын татвар дээр дотоодын импортлогчдын улс төр нэмэгдсэнээр шатахууны үнэ 2019 он гарсаар 160 төгрөгөөр өсч, иргэдийн хамгийн их худалдан авдаг АЙ92  өнөөдрийн байдлаар 1950 төгрөгөөр зарагдаж байна.

Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, монголчуудын өдөр тутмын хэрэглээ болох, мах гурил, төмс, хүнсний ногоо, сүү тараг гээд үнэ нь нэмэгдээгүй бараа бүтээгдэхүүн байхгүй болов.  Бухимдсан иргэд, төрийн ордныг тойрон гороолж, Засгийн газрыг буруутгаж байна.  Импортлогчид харин наашаа харж уйлж, цаашаа харж ашгаа тооцоолоод сууж байгаа ч биз.

Үндсэндээ, энэ бүх үнийн өсөлтийг эцсийн хэрэглэгчид халааснаасаа төлдөг.  Эмзэг бүлгийнхэнд илүү хүнд дарамт ирдэг.  Импортлогчдын хувьд эсрэгээрээ ашигтай байдаг.

Шатахууны үнийг бууруулах аргаа Засгийн газар дууссан, онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж ч хязгаарлагдсан. Одоо ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм нэвтрүүлэхээс өөр зам Засгийн газарт байхгүй гэсэн үг. ОУВС-аас өгч буй шатахууны үнийг тогтворжуулах зөвлөгөө нь “Дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуулах” давуу тал аж.

Үнийн өсөлтөд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг.  ОХУ бодлогоор татвараа нэмж, Монголын эдийн засгийг "хямраадаг" бол импортлогчид гадаад зах зээлээр шалтаглан, дотоодын улс төр хийх нь ч бий.  Өөрөөр хэлбэл, “гээндээ ч, гоондоо ч” гэгчээр шатахууны үнийн өсөлтөд Засгийн газар ч, импортлогчид ч буруутай.

Хэдийгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь  Монголын дотоодын зах зээлд зарагдах  жижиглэнгийн шатахууны үнэд нөлөөлж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбарлаж байгаа ч импортлогчид үгсэн хуйвалдсан уу,  үнийн өсөлт нь  шударга уу гэдэгт ШӨХТГ хяналт уг нь тавих ёстой юм.

Хэрэглэгчдийн эрх ашиг хаана хөндөгдөж, хэн яаж зөрчиж байгааг хамгаалах, хариуцлага тооцох том эрхтэй байгууллагын хувьд.

О.Магнайг даргаар нь ажиллаж байхад хэрэглэгчид ШӨХТГ-ыг сайн мэддэг байв.  Шатахуун импортлогчидтой ч сайн тэмцсэн. Харин өнөөдөр энэ байгууллага хэрэглэгчийн төлөө нэрээр төсвөөс цалинждаг хэрэггүй газар болон хувирчээ. Импортлогчдын “толгой”-г илсээр суух энэ байгууллага хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хэзээ хамгаалж дуугарах вэ гэж асуумаар байна.

Тэнд ч хүнсний аюулгүй байдал алдагдаж, энд ч хүмүүс хордож, үнийн өсөлт эдийн засагт хямрал дагуулж байхад шударга өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага нь “хэлгүй, дүлий” байсаар байх уу.  Гадаад зах зээл дэх үнийн өсөлтөөр далимдуулж, дотоодод хуурамчаар үйлдвэрлэдэг бензин шатахууны үнийг нэмэх нь ингэхэд шударга өрсөлдөөн мөн гэж үү, импортлогчид оо!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж