БНСУ-ын Жэжү хотын нэгэн дунд сургуулийн хоёр сурагч зам дээр хаясан түрүүвчийг олж, гэрийн хаягаар нь эзэнд нь өгчээ. Сурагчдын олсон түрүүвчинд бичиг баримт, банкны картнаас гадна нэг сая вон хүрэхгүй мөнгө байжээ. Энэ үйл явдал өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр болсон байна.
Түрүүвчний эзэн У Син Жин нь таван сарын дараа буюу өнгөрөгч долоо хоногт сурагчдын сургууль руу 125 хайрцаг пицца илгээж, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Түрүүвч олсон сурагчид миний сурч байсан сургуульд сурч байсан. Би багштай нь холбогдож сурагчдад хэрхэн талархсан сэтгэлээ илэрхийлэхээ ярилцсан” гэж YTN сайтын сурвалжлагчид У Син Жин хэлжээ.
Жэжү хотын Согвопу дунд сургуульд 604 сурагч суралцдаг бөгөөд түрүүвчний эзэн уг сургуулийг төгссөн нэгэн байжээ. Тэрбээр сурагчдад талархсан сэтгэлээ илэрхийлэн сургуулийнх нь сурагчдыг нэг өдөр амттанаар дайлан баярлуулахаар шийдсэн байна.
Эх сурвалж: https://www.ytn.co.kr
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ