Найруулагч Йохан Ренк, зохиолч Крэйг Мазин нарын бүтээл “Чернобыль” богино хэмжээний олон ангит уран сайхны киноны дөрөвдүгээр анги HBO сувгаар өчигдөр /2019.05.28/ үзэгчдэд хүрлээ. Тус кино нь 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд дэлбэрсэн Чернобылийн Атомын цахилгаан станцын шалтгаан, хор уршгийн тухай өгүүлнэ. Гол дүрд Жаред Харрис, Стеллан Скарсгорд, Эмили Уотсон нар тоглов.
"Чернобыль" уран сайхны киноны эхний анги гармагц олон нийтийн сүлжээ дэх ярианы гол сэдэв болж, үзэгчдээс эерэг үнэлгээ авчээ.
1988 оны дөрөвдүгээр сарын 26. Химич Валерий Легасов /Жаред Харрис/ хоёр жилийн өмнө болсон үйл явдлын тухай дурсамжаа аудиокассет дээр бичиж, тэрхүү бичлэгээ нууж, дараагаар нь амиа егүүтгэдэг билээ.
Энэхүү үзэгдлийн дараа үзэгчид шууд 1986 оноор аялна. Дөрөвдүгээр сарын 26-ны шөнө Чернобылийн Атомын цахилгаан станцаас гурван километр зайтай амьдардаг иргэд дэлбэрэлтийн дараах утаа униар болсон орчинд сэрнэ. Энэ үед атомын цахилгаан станцын ажилчид болсон үйл явдлын шалтгааныг хайж эхэлнэ. Гэхдээ атомын цахилгаан станцын үйл ажиллагааны ерөнхий инженер Анатолий Дятлов тэднийг зогсооно. Учир нь, Анатолий Дятлов станцын реактор дэлбэрэх боломжгүй гэж үзэн, дээд түвшний удирдлагуудад хандан нөхцөл байдал хяналтад байгаа хэмээн итгүүлж орхино.
Энэ үед дэлбэрэлт болсон газарт хамгийн түрүүнд очсон онцгой байдлын алба хаагчид цацраг туяанд хордоно. Улмаар Кремлийн ордонд шуурхай хурал зарлаж, хурлын үр дүнд дэлбэрэлт болсон газар руу химич Легасов болон төрийн албан тушаалтан Борис Щербин нар очдог ажээ.
Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар маш бага хүн мэддэг учраас энэ түүхийг тус киноны зохиолч Крэйг Мазин сонирхож, судалдаг байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр The Chernobyl Podcast –д ярихдаа, атомын цахилгаан станцын дэлбэрэлт болон аюулгүй байдлыг хангах хооронд болсон үйл явдлын явц түүний сонирхлыг ихэд татсан гэв.
Тэрбээр “Бид дэлбэрэлт болсныг мэдсэн. Гэхдээ шалтгааныг нь мэдэхгүй. Яагаад, ямар шалтгаанаар дэлбэрэлт болсон гэсэн асуултад хэн ч шууд хариулж чадахгүй байсан. Хачин жигтэй алдаа гарсан мэт санагдсан” гэв.
Үүнээс гадна, эрдэмтэн Валерий Легасовын үхлийн учрыг тайлах мөрдөн шалтгах ажиллагааны ажлын хэсэгт орох сонирхол нь түүнийг кино зохиол бичихэд хүргэжээ.
Гэхдээ Мазин эхний таван ангиар дамжуулан үзэгчдэд ямар нэгэн захиас хүргэх боломжтой гэдгийг олж харжээ. “Бид ямар ч түүхийг өгүүлж болно. Гэхдээ энэ нь нийтийн эрх ашгийг хөндсөн байх учиртай. Энэ нь надад Чернобылийн түүхийн тухай кино хийх сэдлийг төрүүлсэн. Эхний ээлжид энэ түүх худал хуурмагийн үнэ цэнийн тухай өгүүлнэ" гэв.
ЧЕРНОБЫЛИЙН ОСЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН КИНОГ ОРОСУУД САЙШААВ
Оросуудын тухай тэр дундаа Зөвлөлтийн тухай өгүүлсэн барууны бүтээлүүдэд оросуудын ихэнх нь дурамжхан хүлээн авдаг бөгөөд өгүүлж буй түүхэнд итгэх нь ховор байдаг. Харин "Чернобыль" киног бүтээсэн уран бүтээлчдийг зөвлөлтийн үеийн засаглал, болсон үйл явдлыг гайхалтайгаар харуулсанд нь талархаж байгаагаа илэрхийлцгээжээ.
Үүний зэрэгцээ, кино шүүмжлэгчид хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны байгууллагууд төрийн хатуу хяналт дор байгаа цагт үнэнийг нууцалж дарагдуулах ямар амархан тухай асуудал хөндсөн гайхалтай бүтээл болсон гэв.
Киноны уран бүтээлчид тухайн цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн амьдралыг өгүүлэхийн тулд Youtube дэх бичлэгүүдийг нэг бүрчлэн судалсан бөгөөд Киевийн зах зээл дээрээ ховор, нандин эртний зүйлсийг цуглуулсан тухайгаа ярьжээ. Иймээс тус уран сайхны киноноос Зөвлөлтийн үеийн болон 2000 он хүртэл ОХУ-д хэрэглэгдэж байсан бичгийн машин «Любава», тухайн үеийн хотын өнгө төрх, иргэдийн хувцаслалт, кассетын хөгжим «Скиф-303», нүдний шил, үс засалт, эрчүүдийн сахал гэх мэт зүйлсийг харах, эргэн дурсах боломжтой ажээ. Мөн тус кинонд зохиолч, яруу найрагч Константин Симоновийн шүлэг хүртэл радиогоор нь уншигдаж буй үзэгдэл хүртэл гардагт оросууд талархаж буйгаа HBO сувагт илэрхийлсэн байна
А.АНИР
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ