Яаралтай горимоор хэлэлцэх 2 төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Яаралтай горимоор хэлэлцэх 2 төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах,  бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байгаа тул энэ талын зохицуулалтыг дээрх төсөлд тусгаж өгсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ-аас маш нууц байдлаар батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн ангиудад олгосон газарт орон нутаг газрын зөвшөөрөл өгөөд маргаан үүсчихсэн байдал олон байна. Ихэнх тохиолдол нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид олгосон байна, энэ бүхнийг шалгах шаардлага үүсч байна” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Улсын тусгай хэрэгцээнд аваагүй газар дээр маргаан үүссэн болов уу. Улсын аюулгүй байдлыг хангахтай холбоотой газар нь УИХ-ын тогтоолоор өгөгддөг” гэсэн хариулт өгч байлаа.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Эл асуудлыг шийдвэрлэснээр чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүллээ.

Онцлоход, УИХ энэ өдрийн чуулганаараа яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай хоёр хуулийн төсөл хэлэлцсэн нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж