Жокович Надалийг зогсоож чадлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Жокович Надалийг зогсоож чадлаа

Тавдугаар сарын 24-ний өдөр Францын Парис хотноо эхэлсэн "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын хагас шигшээд шилдэг теннисчид шалгараад байгаа билээ. Гэхдээ тэдний хэн нь ч "Ролан Гаррос"-т түрүүлж үзээгүй. Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей, Францын Жо-Вилфред Цонга, Швейцарийн Стан Вавринка. Одоо тэдний хэн нэгэн нь "Их дуулга"-ын амжилтаа ахиулах учиртай. 

Хамгийн их найдлага төрүүлж буй теннисчин бол Новак Жокович. Тэрээр шөвгийн наймд тус тэмцээнд 9 удаа түрүүлээд байсан шороон талбайн хаан Рафаэль Надалийг гурван үеийн турш буулган авсан юм. Жокович өрсөлдөгчөө 2 цаг 26 минутад 7:5, 6:3, 6:1-ээр хожсон. Мөн түүний хувьд 2012, 2014 оны финалд шалгарахад Надальд ялагдсан ч энэ удаа хариугаа эртхэн авлаа. Тиймээс Жокович үлдсэн хоёр тоглолтод өрсөлдөгчөө хожиж, түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй болж ирлээ.

Надалийн хувьд өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр 29 насныхаа төрсөн өдөрт өөртөө ялалт авч чадсангүй. Ийнхүү энэ жилийн "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд томоохон өрсөлдөөн гарч шинэ аварга төрөх юм.

“Их дуулга”-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федерер, 14 түрүүт Испанийн Рафаэль Надаль нарын хувьд шөвгийн наймаас тэмцээнийг орхисон. Тиймээс "Их дуулга"-ын 8 түрүүт Сербийн Новак Жокович, 2 түрүүт Их Британы Энди Маррей, 1 түрүүт Стан Вавринка нараас гадна нутгийн кортон дээр өнгөтэй байгаа Жо Вильфред Цонга нарын нэгэн нь цомын эзнээр тодорно. Тиймээс энэхүү маргааш эхлэх хагас шигшээ тоглолтууд өрсөлдөөн дүүрэн байх нь дамжиггүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж