С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг "Номин холдинг" ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу өчигдөр /05.28/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын захирагчийг очиход 15, 16 дугаар байрны иргэд, оршин суугчид байрныхаа гадаа суулт зарласан байдалтай хэд хонож байгаагаа хэлээд “Олон жилийн турш нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд өдөр шөнөгүй өөрсдийн хэмжээнд тэмцэж байна. Хувийн хэвшлийн монополь болсон компаниуд тодруулбал “Номин холдинг” ХХК бидний тайван амьдрах нөхцөл боломжийг алдагдуулж байна. Бид нар үүнийг яаж ч байсан хүлээн зөвшөөрөхгүй, хуучин хэвээр нь ногоон байгууламжаар нь авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гээд хотын Захирагчаас энэ асуудалд гарц, шийдэл гаргаж өгөхийг хүссэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Анхнаасаа энэ газрын барилга байшин барь гэж газар олгодог асуудал нь буруу байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Гэхдээ яг энэ байршилд бол барилга байшин барих асуудал байхгүй. Хэрвээ барилга байшин барихаар болвол иргэд, оршин суугчдынхаа саналыг аваад аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тийм учраас та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн энэ орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны иргэд болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай хамт тэр орчмын нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрах, хотын соёл гэдэг та бүхний хандлага, үйлдэл, оролцооноос л шалтгаална” гэж иргэдэд хэлсэн юм. Мөн тэрбээр тус хорооны Засаг даргад тухайн бүсэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр орчин тойрныхоо цэвэрлэгээг хийлгэх, байрны гаднах тоглоомын талбай болон бусад зам талбайд ногоон байгууламж тарихыг үүрэг болгосон юм.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид хотын Захирагчид өөрсдийг хүсэлтээ энэ үеэр уламжилсан. Тэд өөрсдөө санал санаачилга гарган, яг энэ маргаан үүсгээд байгаа газарт орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөөг гаргаж, нийслэл, дүүрэг рүү албан ёсоор хандан тусламж дэмжлэг хүсэн хамтарч ажиллах саналтай байгаагаа гэдгээ хэлсэн юм. Иргэдийн энэхүү санал санаачилгыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ хотын Захирагч илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж