Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр /2015.06.04/ Европын Холбооноос БНХАУ-ын Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Ханс Дайтмар Швайсгат, тус холбооны Хөгжил хамтын ажиллагааны дарга Ларс Гронвальд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Элчин сайд Ханс Дайтмар Швайсгат Монгол Улсад Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь чухал болохыг уулзалтын эхэнд онцолсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хэд, хэдэн төсөл, хөтөлбөрүүд байгаа тухай мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, худалдааг дэмжих төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол Улсын хувьд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспортыг Европын зах зээлд нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн нүүрс хийжүүлэх, газрын ховор элемент хамтран боловсруулах зэрэг аж үйлдвэрийн салбарт Европын холбоотой хамтран ажиллах өргөн боломжтой гэж харж байна. Бид худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байх болно” гэлээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын зарим бараа бүтээгдэхүүн татваргүйгээр Европын зах зээл рүү гарах болоод нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт хоёр дахин нэмэгдсэн таатай үзүүлэлт байгааг Элчин сайд Ханс Дайтмар Швайсгат онцоллоо.
Г.ДАРЬ