Бид төдийлөн анзаардаггүй ч эмэгтэйчүүдийн амь насанд аюултай өвчний нэг бол хөхний хорт хавдар юм. Энэхүү өвчин нь элэг, зүрх, нойр булчирхай, умайн хүзүүний хавдрын дараа нь орж байна. Хөхний хавдрын шинж тэмдгийг толинд хараад, өөрөө тэмтрээд мэдэх боломжтой ч эмэгтэйчүүдийн ихэнх нь хожуу үе шатандаа эмнэлэгт хандаж байгааг Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын эмч Б.Азжаргал хэллээ. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа.
-Хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай болсныг эмч нар хэлдэг. Шалтгаан нь юунаас болж байна вэ?
-Хөх бол эмэгтэй хүний хамгийн чухал эрхтэн. Юуны өмнө хөхний тухай товчхон ярих нь зүйтэй байх. Эмэгтэй хүний гоо сайхан болон сэтгэл зүй, эрүүл мэндэд маш чухал эрхтэн юм. Хөх нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насанд байнгын дааврын нөлөөнд байдаг. Хөхний хортой хавдрын тохиолдлын 50-иас илүү хувь дааврын хамааралтай үүсч байна гэж үзэж байна. Дэлхийд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган хүн ам тутамд 47-50, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 60-70 байдаг. Манай улсад хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган хүн амд 4-6 илэрч байгаа нь бага үзүүлэлт боловч сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Ирэх 5-10 жилд тогтвортой өсөх хандлага ажиглагдаж буй юм. Хавдраар өвчлөхөд хувь хүний хүчин зүйл, архи тамхи, таргалалт, стресс зэрэг нийгмийн хүчин зүйл удамшил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.
-Хөхний хорт хавдраас бидний урьдчилан сэргийлж чадахгүй хүчин зүйлс нь удамшил. Энэ хавдар бусад өвчинтэй харьцуулахад эхээс охинд удамших магадлал хэдэн хувьтай байдаг вэ?
-Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болон боломжгүй хүчин зүйлс гэж хоёр ангилдаг. Урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлст амьдралын буруу хэв маяг буюу буруу хооллолт, архи, тамхи, таргалалт, стресс, нийгмийн хүчин зүйлүүд байдаг. Харин хүйс, ген, насыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Байгалиас эмэгтэй хүн болж төрсөн л бол эстроген дааврын байнгын нөлөөнд амьдарна гэсэн үг. Үүнийг зогсоох боломжгүй. Мөн нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Энэ бүхнээс удамшил маш чухал нөлөөтэй. Хэрэв ээж нь хөхний хорт хавдартай бол охин нь өвдөх өндөр магадлалтай.
-Оройтож төрөх, огт хүүхэд төрүүлэхгүй байх, жирэмслэлтээс хамгаалах эмийн гаж нөлөө зэрэг нь хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг үү?
-Хөхний хорт хавдар нь гэр бүл төлөвлөлттэй шууд холбоотой. Охид эмэгтэйчүүд оройтож төрөх, огт төрөхгүй байх эсвэл ойрхон хугацаанд олон жирэмслэх нь дааврын үйл ажиллагааны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг.
Хэт эрт төрөх, олон хүүхэд төрүүлэх, огт төрөхгүй байх, орой төрөх, хүүхдээ огт хөхүүлэхгүй байх нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь болно.
Хүүхэд төрүүлсэн бол 1-1.5 жил хөхөөр хөхүүлэх хэрэгтэй. Энэ нь хөхний хорт хавдраас сэргийлдэг. Уг нь эмэгтэй хүн 3-5 жилийн хугацаанд төрж, сүүгээрээ хүүхдээ хөхүүлснээр булчирхай нь ажиллаж байдаг байгалийн зохицолдоотой атал орчин үед энэ нь алдагдсан. Мөн хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас жирэмсэн болсон үедээ үр хөндөлт хийлгэх, жирэмслэлтээс хамгаалах постинор эмийг хяналтгүй хэрэглэх зэрэг нь хавдраар өвчлөх шалтгаан болж байна. Жирэмслэлтээс хамгаалах энэ эм нь хэт өндөр дааврын агууламжтай бэлдмэл учраас цусан дахь дааврын хэмжээг нэмэгдүүлж үр тогтох процессийг таслан зогсоодог. Энэ нь буруу хэв маяг. Хоёрдугаарт, жирэмслэлтээс хамгаалахын тулд удаан хугацаанд эмчийн хяналтгүй дааврын бэлдмэл хэрэглэж байна. Олны мэдэх 21 хоногтой эмүүдийг 5-10 түүнээс олон жилээр хяналтгүй хэрэглэх зэрэг нь хөхний эрүүл физиологийн үйл ажиллагааг алдагдуулж байдаг юм. Товчхондоо хөхний булчирхайг цочроох тусам л хавдар үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ. Иймд гэр бүл төлөвлөлт маш чухал. Мөн эмчилгээнээс бусад зорилгоор аль ч төрлийн дааврын бэлдмэлийг эмчийн хяналтгүй хэрэглэх нь аюултай.
-Хөхөнд бэрсүү үүсэх бас хөхүүл эмэгтэйчүүд горьдох гэж бий. Энэ тохиолдолд ихэнхдээ домоор аргалдаг. Эсвэл бариачид ханддаг нь хэр зүйтэй вэ?
-Энэ нь мастит буюу хөхний үрэвсэл. Энэ үрэвсэл хөхний толгойгоор дамжиж халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа хэрэг. Хөхний толгойд сүү ялгаруулах 18-20 ширхэг цорго байдаг. Нянгийн халдвар эдгээр сувгийн аль нэгийг бөглөж, үрэвсэл үүсч идээлэх процессыг манайхан горьдох гэдэг л дээ. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Идээт үрэвсэл учраас хүндэрсэн үед мэс заслаар идээг гадагшлуулан эмчлэх шаардлага ч гарна.
Хөхүүл эмэгтэйчүүд бактерийн халдвар авсан учраас халуурдаг. Тиймээс эмийн болон физик эмчилгээг хийдэг. Эмчилгээ үр дүнгүй бол мэс засал хийх шаардлагатай болно. Цаг алдахгүй эмчид хандсанаар мэс засалд оролгүйгээр эдгээх боломжтой. Ийм хүндрэл анхлан төрөгч, залуу эмэгтэйчүүдэд их тохиолддог. Нөгөө талаас үрэвслээс шалтгаалан хөхөнд бэрсүү үүсдэг. Энэ нь хавдар үүсэх бас нэг хүчин зүйл байж болно. Бэрсүү удаан хугацаанд байвал дээрх дурдсан хүчин зүйлсүүдийн нөлөөгөөр хавдар үүсэх суурь нь болдог.
Тиймээс хөхөнд бэрсүү байвал мэргэжлийн эмчид хандах нь чухал. Бэрсүүг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд зөв тохирсон эмчилгээ хийснээр хөхний хавдрын бас нэг шалтгааныг арилгаж урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
-Хөхний үрэвслээс урьдчилан сэргийлэхэд эрүүл ахуйг баримтлах нь чухал байх?
-Хөхний ариун цэврийг сахихад хүүхдээ хөхүүлэхийн өмнө дараа нь хөхний толгой, гарыг маш сайн угаах хэрэгтэй. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг хэвшил болгох нь зүйтэй.
-Ханиалгаж, нуруу өвдөх, ядрах нь хөхний хорт хавдрын хүнд шатанд илэрдэг үү. Эсвэл хавдрын шинж тэмдэг үү. Ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хөхний хорт хавдрын үед 7-8 төрлийн шинж тэмдэг илэрнэ. Таны дурдсан эдгээр шинж тэмдэг бол байж болох буюу хавдрын хожуу үед илэрч болно. Хөхний хорт хавдар нь элэг, уушги, яс, тархинд үсэрхийлэх аюултай. Ихэвчлэн нурууны ясанд үсэрхийлсэн үед нуруугаар өвдөх шинж илэрч болно. Хавдрын шинж тэмдгүүд:
- Бэрсүү буюу үүсгэвэр тэмтрэгдэх,
- Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдсөн эсэх /хөхний аль нэг нь жижиг болсон, хөхний толгой дотогш шигдсэн, нэг талдаа илүү овойсон/,
- Аль нэг хэсэгт илүү өвдөлттэй, хөхний толгойноос цусархаг шингэн ялгарах /хөхүүлээс бусад үед шингэн гарах ёсгүй/,
- Суганы орчимд ямар нэгэн байдлаар булчирхай томрох, яс цээжээр өвдөх шинж илэрнэ. Үүнийг хүмүүс зүрх, цээж өвдөж байна гэж андуурах нь бий.
- Арьсны өнгө өөрчлөгдөх, удаан хугацаанд эдгэдэггүй шарх үүсэх зэрэг олон шинж байж болно.
Эдгээр шинж тэмдгийг мэддэг бол нарийн шинжилгээ өгөлгүйгээр толинд хараад илрүүлж мэдэж болох бөгөөд ийм шинж илэрвэл мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Тиймээс сар бүрийн тогтсон нэг өдөр хөхөө шалгаж сурах хэрэгтэй.
-Хавдар судлалын үндэсний төвд хөхний хорт хавдраар жилд хэчнээн хүн ханддаг вэ. Миний сонссоноор долоо хоногт 4-5 хүнд хавдар авах мэс засал хийдэг гэсэн үү?
-Манайд оношлуулж буй иргэдийн 65 орчим хувь нь хөхний хорт хавдрын хожуу үе шатандаа эмнэлэгт хандаж байна. Өнгөрсөн 2018 онд 247 хөхний хорт хавдар оношлогдсон. Сүүлийн 5 жилд оношлогдсон хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн 50 орчим хувь эхний жилдээ нас барсан харамсалтай тоо гарсан байдаг. Ер нь эрт үедээ оношлуулж эмчлүүлэх тусам л амьдрах магадлал их.
Монгол улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээгээр тохиолдлын тоогоор 2014 онд хөхний хорт хавдар 6-р байрт жагсч, 100 мянган хүнд 1.7 хүн л энэ өвчний учир Хавдар судлалын үндэсний төвд оношлуулж байсан. Энэ үзүүлэлт 2018 оны статистикаар хоёр дахин өссөн дүнтэй гарсан. Мэс засал 2016-2018 онд 0.5 хувиар нэмэгдсэн. Бид долоо хоногт 4-5 удаа мэс засал хийдэг байсан бол зарим тохиолдолд 10-14 болж өссөн нь хавдрын тохиолдол ихэсч байна гэсэн үг. Хүмүүс мэс засал хийхээр эдгэлээ гэж ойлгож болохгүй. Хорт хавдрын эмчилгээ үргэлж цогц байдлаар, олон мэргэжлийн эмч нарын хамтарсан багийн үйл ажиллагааны үр дүн байдаг. Нийгмээ дагаад энэ өвчлөл нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед 45-аас доош насныханд хавдрын тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай болсон. Хамгийн залуу нь 23 настай эмэгтэй хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байна. Тиймээс анхаарлын төвд авах шаардлагатай өвчний нэг болсон. Хөхний хорт хавдар таван жилийн өмнө 6-р байрт байсан бол одоо хоёр байр урагшилж 4-т эрэмбэлэгдэх боллоо. Эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа хамгийн ноцтой хавдар нь умайн хүзүү, хөхний хорт хавдар болсон. Цээжний хөндийн мэс заслын тасаг хөхний чиглэлээр ажиллах багийг бэлдэж ажиллаж байгаа. Жилд бид 300 эмэгтэйн хөхний асуудлыг шийдэж чадна. Манай баг Монгол Улсад бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
-Хөхний хорт хавдрын хожуу үед оношлуулж байгаа шалтгаан нь юуных вэ. Эдийн засагтай холбоотой юу эсвэл иргэдийн хайнга зангаас болдог юм уу?
-Хөхний хорт хавдрын эмчилгээ үйлчилгээ 100 хувь үнэгүй. Хавдрын эмчилгээ мэс засал үнэгүй учраас иргэдийн эрүүл мэндийн боловсрол хувь хүний хариуцлагатай холбоотой. Дээр нь энэ бол ганц тухайн хүний өвчин биш. Эмэгтэй хүн сэтгэл зүйн асар их дарамтад ордог учраас хань ижил, хамт олон, ар гэрийнхэн нь маш сайн ойлгож хүлээн авч, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй.
-Хавдраа авахуулж нэг хөхөө тайруулсан ч цээжинд нь хавдар үсэрхийлсэн бол яах вэ?
-Хорт хавдрын үед эдгэрэлтийг 3 болон 5 жил амьдрах боломжоор дүгнэдэг. Хүмүүс мэс засал хийхээр эдгэлээ гэж ойлгох нь маш буруу юм. Түрүүн дурдсан хорт хавдрын эмчилгээ үргэлж олон мэргэжлийн эмч нарын багийн хамтын ажиллагаа байдаг. Мэс засалч, хими эмчилгээний эмч, туяа эмчилгээний эмч, оношлогооны багийнхан, эмгэг судлаач эмч нар мөн бүх сувилагч туслах техникч гэх мэт энэ эмнэлэгт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Хортой хавдрын үед өвчтөнийг таван жил хүртэл хянадаг. Цээжний хананд хавдар үүссэн гэдэг нь хөхний хорт хавдрын үсэрхийлэл байж болно. Хавдрын тохиолдолд 1-5 жил амьдрах боломж гэж ярьдаг. Хавдрын хэмжээнээс үл хамааран өөр эрхтнүүдэд цус тунгалгаар дамжиж тархдаг. Хорт хавдар нь хоёр өөр замаар эд эрхтэнд тарж ургадаг. Гурав буюу дөрөвдүгээр үедээ оношлогдсон хүний 5 жил амьдрах боломж 50 хүрэхгүй хувьтай байдаг. Харин эрт үедээ оношлуулахад таван жил амьдрах боломж нь 90 хувь болон өсдөг. Эрт үедээ оношлуулсан 10 хүний 9 нь таваас дээш жил амьдрах боломжтой гэсэн үг.
-Хавдрыг авах мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ манайд хэр хийгддэг вэ?
-Манай улсад хөх нөхөн сэргээх мэс заслыг хийж эхэлсэн. Одоогоос 10 жилийн өмнө хөхний гэгдэх Ягаан эмч маань анхны мэс заслыг хийж байв. Бид ч хөх нөхөн сэргээх мэс засалд анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн жил Бразилийн мэс заслын багийнхантай хамтран дөрвөн эмэгтэйд хөх нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийсэн. Энэ бол хавдартай эмэгтэйчүүдэд зайлшгүй шаардлагатай тусламжийн нэг нь юм. Бидэнд тулгамдаж буй асуудал нь хөх нөхөн сэргээхэд шаардлагатай имплантын асуудал байна. Энэ нь маш өндөр төлбөртэй. Дор хаяж 3 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг өндөр өртөгт багаж тоног төхөөрөмжийн жагсаалтад оруулахаар Эрүүл мэндийн яам, эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлдэг ч хасчихдаг. Гоо сайхны зориулалттай гэж хараад байдаг. Гэтэл эрхтэн нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай зүйл юм
Холбоотой мэдээ