Төв цэвэрлэх байгууламжийн лагд оршин суугчид хордож байна

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжийн лагд оршин суугчид хордож байна

Төв цэвэрлэх байгууламжийн лагд оршин суугчид хордож байна

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ил задгай асгаж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсон. Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөлгүйгээр лаг зөөвөрлөж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Манай сурвалжлах групп лаг зөөвөрлөн асгаж буй талбайд очиж, газар дээрээс нь сурвалжлага бэлтгэлээ.


Таван шарын төмөр замын гарам гараад л машины цонхоор өмхий үнэр ханхална. Төмөр замын гарамаас Сонсголон явах замд том том машинууд хоёр гурваараа зөрөлдөхтэй тааралдлаа. Шороо бужигнасан туслах замаар том тэргүүдийг даган давхихаар өнөө лаг асгаж буй өмхий үнэртэй хашаа гарч ирэв. Машинаас буунгуут л өмхий үнэр хамар цоргино.

Нийт 3.8 га хэмжээтэй газрыг ухаж бэлдээд, лагийг модны үртэстэй багсарч холиод буулгаж байв. Лагийн эргэн тойрон хамгаалалт хийж, лаг зөөвөрлөх шороон замаа бактертай үртсээр хучжээ. Биднийг лаг асгаж буй талбай дээр очиход тав зургаан ажилтан тусгай амны хаалт зүүж, ажиллаж байгаа харагдлаа.
Төв цэвэрлэх байгууламжаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо руу нийт 18 машин, дөрвөн эксковатор, таван ковш ажиллаж, лагийг зөөвөрлөн асгаж байгаа гэдгийг мэргэжилтэн хэлж байв.

ЛАГИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЖ, АШИГТАЙ БАКТЕРТАЙ БОРДОО БОЛГОНО

“Эко тайхи” компанийн менежер Ш.Болдсайхан компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тэрбээр “Манай компани Барилга хот байгуулалтын яамтай 2018, 2019 онуудад гэрээтэйгээр хамтран ажиллаж байгаа юм. Гэрээ маань 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах ёстой. Төв цэвэрлэх байгууламж нь хотын лагийг шахдаг 44 карт буюу бассентай. Гэтэл өнөөдөр тэр 44 карт нь дүүрээд маш олон жил болж байгаа юм билээ. Тэр олон жил хуримтлагдаж байгаа лагийг хэрхэн хоргүйжүүлэх вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Өнгөрсөн онд эдгээр картаа цэвэрлэж, суллах ажилд орж, 44 картын хоёрыг нь өөр компани цэвэрлэхээр авсан. Манай “Эко тайхи” компани 23 картыг 2018 онд цэвэрлэсэн. Энэ жил үлдсэн 19 картын лагийг цэвэрлэн ачиж, тээвэрлэж дуусгахаар ажиллаж байна. Учир нь яамнаас “Наадмын баяраар олон жуулчин ирнэ. Тиймээс зургадугаар сарын 30-ныг хүртэл ажиллаж дуусга. Өмхий үнэрийн асуудал гаргаж болохгүй” гэдэг чиглэл өгч, өнөөдрийн байдлаар хүчин чадлаа нэмэгдүүлэн, 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Бидний ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байнга хянаж ажиллаж байгаа. Гэтэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас байцаагч ирж ажилласан. Уг нь бидний ажлыг МХЕГ болон НМХГ-аас хянаж байхад яагаад дүүргийн Мэргэжлийн хяналтын газар мэдээгүй байсныг ойлгоогүй. Дүүргийн байцаагч шаардлага өгч, холбогдох бичиг баримттай танилцсан. Манай компанийн зүгээс бүх бичиг баримт бэлэн ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Ажил дуусгаад бид эргэн тойрон хүн, машин явуулахгүйгээр битүүмжилж, лагийн задралын процесс явагдаж, бордоо болоод ирэхээр орчинд тарж буй өмхий үнэр байхгүй болно. Гэхдээ бага зэрэг исгэлэн үнэр гарах болов уу. Ерөнхийдөө долдугаар сар гэхэд лаг зөөхөө больж, өмхий үнэр гарахаа болино.” гэдгийг хэлсэн юм.

СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГ ӨМХИЙ ҮНЭР ИЛҮҮ ҮНЭРТЭХ БОЛЛОО

Лаг асгаж буй талбайн эргэн тойронд цөөнгүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ ажлыг эхлүүлэхэд гомдол санал олон хүлээн авсан гэдгийг ч тус компанийн мэргэжилтэн хэлж байв. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Энхболдын хувьд энэ хороонд найман жил амьдарч байгаа гэнэ. Тэрбээр “Энэ хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийн өмхий илүү их үнэртдэг. Сүүлийн долоо хоногт өмхий үнэр бүр их үнэртэх боллоо. Бид бага насны хүүхдээ ч хамаагүй гадна салхилуулаад байдаггүй. Эхнэрийн маань толгой тархи энэ муухай үнэрээс болж, өвддөг. Монголд АСЕМ-ын чуулган зохион байгуулахад л энэ өмхий үнэр хэсэг үнэртээгүй. Түүнээс хойш үргэлж л үнэртэж байдаг” гэж ярилаа.

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ ХОРГҮЙЖҮҮЛЭХЭД 16 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Улсын төсвөөс Төв цэвэрлэх байгууламжийн лагийг хоргүйжүүлэх ажилд 2018-2020 онд нийт 16 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор нийт төсвийн есөн тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд энэ жил төсөвт тэрбум гаруй төгрөг суулгаад байгаа гэнэ.

Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Д.Анхбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 2018 оны тавдугаар сараас Төв цэвэрлэх байгууламжийн лагийг хоргүйжүүлж, бордоо болгох ажил эхэлсэн. Эхний ээлжинд Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг байгуулагдан, төлөвлөгөө боловсруулж энэ ажлыг эхлүүлсэн. Урин дулааны улиралд Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр үнэртэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг шүү дээ. Тиймээс Японы компанитай хамтарсан “Эко тайхи” компанийн лагийг ашигтай бактер болгох бордоог ашиглаж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд 700 мянга гаруй м.куб лагийг халдваргүйжүүлж, ажиллаад байна. Өнгөрсөн жил энэ ажлын 50 хувийг гүйцэтгэж хийсэн. Ашигтай бактерийг үржүүлэхийн тулд тодорхой орчин, нэмэлт бодисууд шаардлагатай байдаг.

Монгол улсад энэ ажлыг анх удаа хийж байгаа учраас норм, дүрэм, стандарт ховор байдаг юм байна. Монгол Улсын хувьд одоо л Засгийн газраас мөнгө төсөвлөж, энэ чиглэлд анхаарч байна. Гадаад орноос туршлага хуваалцах гэхээр маш олон жил лагаа хуримтлуулаад, химийн бодистой хольсон лаг байдаггүй учраас албан ёсоор технологи оруулж ирэх боломжгүй юм. Тиймээс Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, хоргүй аргыг сонгон авч, ажиллаж байна гэсэн үг. Энэ ажлыг яамны зүгээс гэрээ байгуулж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг тавьж байна. Тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын газар мэдээгүй талаар сайн мэдэхгүй байна. МХЕГ тусгай байцаагч нар ажиллаж байгаа. Иргэдийн хувьд тав тухыг алдагдуулж байгаа учраас гомдол гаргах нь зөв л дөө. Энэ асуудлыг ч нэг амьсгаагаар шийдэхчихгүй ээ. Тийм учраас бид аль болох иргэдийн тав тухыг нь алдуулахгүйгээр ажиллах болно” гэв.

 

Гэрэл зургийг: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж