Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотын сүмогийн ордонд өндөрлөж, нутгийн бөх Асанояма түрүүлсэн ч багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ.
Өчигдөр/2019.05.28/ болсон Сүмогийн холбооны Ёкозүна/Аварга/гийн зөвлөлийн хурлаар бөхчүүдийн барилдааны талаар болон шүүлтийн асуудлаар яриа өрнөсөн байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнийг эхлэхээс өмнө оролцохгүй гэдгээ мэдэгдэж аварга Какүрюү М.Ананд дээд зиндааны бөхчүүдийг тэргүүлэн барилдах болсон. Гэвч Какүрюү аваргыг 11 даваа, дөрвөн унаатайгаар өндөрлүүлсэнд хангалтгүй гэж үзжээ.
Түрүү бөх Асаноямаг энэ тэмцээнд маш сайн барилдаж түрүүлсэн ч цаашид улам сайн барилдах хэрэгтэйг сануулжээ. Харин Асаноямагийн Саданүми болон Точиношин нартай хийсэн барилдааны шүүлтэд шүүмжлэлтэй ханджээ. Сүмогийн холбоонд дээрх барилдааны талаар гомдол ирж, алдаатай шүүлт болсон талаар үзэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Эдгээр барилдааны шүүлтийн тайлбар бүрэн бус байснаас гадна үзэгчдэд ойлгомжгүй тайлбарыг өгч байсан гэж Ёкозүнагийн зөвлөлийн хурлаас гаргасан байна.
Рэйва он тооллын анхны башё эхлэхээсээ өмнө олны анхаарлыг татаж байсан бөгөөд сүүлийн өдрийн барилдааныг Ерөнхий сайд Ш.Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар үзэж, Асаноямад нэрэмжит цомоо гардуулсан нь онцгой үйл явдлын нэг болж үлдсэн.
Башёгийн 14 дэх өдөр 12 дахь даваагаа авсан маэгаширагийн наймаас барилдсан Асанояма түрүүлэх болзлоо хангасан юм. Асанояма 12 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан ч Гүржийн бөх Точиношин, озэки Гоэйдо нарыг давж түрүүлэх боломжтой болсон юм. Учир нь түүнтэй хамгийн ойр даваатай байсан аварга Какүрюү М.Ананд озэки Такаясү, Точиношин нарт ялагдаж, тэргүүлэгчийн байраа алдсан. Хэрвээ Какүрюү 14 дэх өдрийн барилдаанд Точиношинийг давсан бол Асанояматай сүүлийн өдөр барилдах боломж байсан юм.
Гэхдээ үзэгчид Асаноямагийн Саданүми, Точиншин нартай хийсэн барилдааны шүүлтийн талаар шүүмжлэлтэй хэвээр байгаа аж.
Холбоотой мэдээ