Цэцийн дээр "МАН-АН"-тай тэнгэр бий

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Цэцийн дээр "МАН-АН"-тай тэнгэр бий

Энэ хаврын улс төрийн хамгийн халуун бөгөөд улс төрийн намуудын хувьд чансаа сорьж болохуйц нөхөн сонгууль Хэнтий аймагт болох байсан ч эрх баригч нам эсвэл хэн нэгний нөлөөллөөр цуцлагдав. Судлаач Д.Ганхуягийн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол гаргасан боловч гомдлын жинхэнэ зорилго нь нөхөн сонгуулийг цуцлах байж. Тэр, тэд зорилгоо ч биелүүлэв.

Сонгогдсон гишүүн нь жил гаруй хугацааны өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хүлээн авч, чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг бүтэн жил гаруй хугацааны дараа гэнэт санаад гомдол гаргаагүй нь тодорхой байсан. Өмнө нь ч мөн аравдугаар сард нөхөн сонгууль товлоход мөн л иргэн гомдол гаргаж, Цэц Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан. Тухайн үед гомдол гаргасан иргэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж гэх яриа гарч байсан бөгөөд энэ удаад гомдол гаргагч Д.Ганхуягийг МАН-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй маш ойр байдаг гэх яриа ч чих дэлсэв.

Үнэн хэрэгтээ эрх баригч намын хувьд нөхөн сонгуульд оролцох чин хүсэлтэй байсан бол өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулчих боломжтой байсан. Үндсэн хуульд хандсан, Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан гээд, нөхөн сонгуульд оролцох намууд бүртгүүлэх, нэр дэвшигчээ тодруулах, бүр МАН Бага хурлаа товлосон нь ч бүгд сайтар зохион байгуулалттай, тавилттай жүжиг байлаа. Яг  л өнгөрсөн аравдугаар сард найруулсан сценари шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч 42-р тойрогт ажиллаж,  Хэнтийд У.Хүрэлсүх рейтнг өндөртэй байна гэх судалгаа гээд  МАН-ынхны сайтар боловсруулсан сценари, шоу драм байлаа. Өнгөн дээрээ тэд нөхөн сонгуульд МАН орох боломжтой, нэр дэвшигчээрээ намын даргаа сонгосон гэх боловч нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байх, оролцохгүй байх сонирхол МАН-д бас Ерөнхийлөгчид, Ардчилсан намд ч байсан. Гагцхүү парламентын гаднах, жижиг намуудын хувьд нөхөн сонгууль болно, боллоо гэхэд оролцоно гэдэгтээ бат итгэлтэй байсан гэхэд хилсдэхгүй.

Хэнтийн 42-р тойргийн 17 мянган сонгогч 2020 он хүртэл УИХ-д төлөөлөлгүй явна.

Нэгэнт Цэцийн дунд суудлын шийдвэр гарсан учраас одоо УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хэрэв УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Цэцийн их суудлын хуралдаан болно. Цэц дунд суудлын хуралдааны шийдвэрээ хамгаална, Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх байдаг учраас тухайн шийдвэр тэр мөчөөс эхлэн хэрэгжинэ гэсэн үг. Харин УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах юм бол Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулаад явна. УИХ хүлээж авах эсэхээс үл шалтгаалан Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган сонгогч 2020 он хүртэл төлөөлөлгүй байхаар болж байна гэсэн үг. Учир нь Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэсэн хуулийн заалттай юм.

Сонгуулийн тухай хууль:

20.1.Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.

УИХ хоёр удаа нөхөн сонгууль товлож, тэр нь хоёулаа Цэц дээр унав. Ингэхдээ гол буруутан нь УИХ бус Сонгуулийн тухай хууль болоод үлдэж байгаа юм. Тэд үүнийг ч сайтар олж харж, зохион байгуулсан. Цэц ч үүргээ сайн биелүүлсэн.

АН, МАН гэх хоёр том хүчин  хоёулаа өнгөрсөн хугацаанд сонгуулийн хуулийг "засч" ирсэн. Хэн нь эрх барихаас шалтгаалан өөрсөддөө зориулж, хуулиа өөрчилдгийн үнэн төрх нь энэ.  Тэдний "засвар", алдааг Цэц ч гэсэн ашиг сонирхлоор шийдэхгүй гэх баталгаа байхгүй гэдгийн тод жишээ нь ч мөнөөс мөн.  Өнөөдөр тэд хэрээ хэрээнийхээ харыг гайхаж,  “Цэцэд би нөлөөлөгүй, чи нөлөөлсөн” гэх үгийг хэвлэлээр дамжуулан бие бие рүүгээ чулуудаж сууна. Тэгэхээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад тухайн эрх барьж байгаа нам зөвхөн өөрсөддөө зориулж, дахин сонгогдохын тулд өөрчлөлт оруулдаг бичигдээгүй хуулийг АН хийж, тэр боломж нь МАН-д ашгаа өгөв. Харин энэ удаад эрх баригчид Сонгуулийн хуулийг задалж, мөн л өөрсдийн эрх ашигт нийцүүлэхээр бэлтгэлээ базааж сууна. Харин тэдний "засвар" хэнд ашиг тусаа өгөх бол…

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж