Ерөнхийлөгч огцрох ёстой юу, УИХ тарах ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

VS

Ерөнхийлөгч огцрох ёстой юу, УИХ тарах ёстой юу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Пүрэв гаригийн чуулганы хуралдаан дээр  УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэн, хугацаанаасаа өмнө тарахыг шаардсан билээ. Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа  УИХ-ыг тарахыг шаардсан нь энэ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан үг хэлж Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан юм. Тэдний хувьд хоёул Баянхонгор аймгийнх бөгөөд боломж  нь таарвал бие биедээ хатуухан үг чулуудчихдаг. Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын эсрэг хэлэлцүүлгийн үеэр Л.Элдэв-Очир гишүүнд хаяглаж  “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж хэлсэн нь хэсэгтээ  л Л.Элдэв-Очир гишүүний ундууцлыг төрүүлсэн. Үүний хариуд  тэрбээр “ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийдгээ болихгүй байна. Ерөнхийлөгч буурь сууж, төлөвшихгүй байна” хэмээн дараа өдөр нь хариу барьсан билээ.

Тэгвэл энэ удаад УИХ-ыг тарахыг шаардсан Ерөнхийлөгчийн өмнөөс мөн л  эсэргүүцэж хатуухан тайлбар ганцаараа  чулуудсан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын эсрэг, тэсрэг байр суурийг “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч

Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм.

2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ.

Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.

Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 – дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй.

Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно.

Л.Элдэв-Очир
УИХ-ын гишүүн

Би Ерөнхийлөгчөөс та өөрөө эхлээд огцрох уу гэж асуумаар байна. Энэ хүн огцрох үндэслэлээ олон удаа гаргасан. Харин УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг яримаар байна. Дуртай цагтаа орж ирж доромжилдог болж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга улсын  төсөвт  хоёр жил дараалан хориг тавьж байна. Эхлээд хориг тавихдаа буруу бичсэнийг та нар зөв болгож, залруулж уншаарай гэсэн, энэ жил буцааж татаж аваад, хугацаа өгөөч гэж УИХ-ыг доромжилж байна. Ерөнхийлөгч эхлээд огцроод дахин сонгууль явуулбал УИХ ч гэсэн тарья л даа. Үнэхээр асуудлуудыг ойлгож, эх оронч байдлаар хандмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж