Үндсэрхэг хятадууд АНУ-д аялахаас татгалзаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.29-нд нийтлэгдсэн

Үндсэрхэг хятадууд АНУ-д аялахаас татгалзаж эхлэв

Үндсэрхэг хятадууд АНУ-д аялахаас татгалзаж эхлэв

Дэлхийн аялал жуулчлалын салбарт Хятадын жуулчдын оруулж буй хувь нэмэр их. Тухайлбал, 2014 оноос хойш жил бүр 100 сая гаруй хятад жуулчин олон улсад аялдаг ба тогтмол өссөөр байгааг судалгааны байгууллагууд онцолжээ.

Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр дэлхийн тансаг брэндүүдийн орлогод жуулчдын оруулах хувь нэмэр нэмэгдсэн байна. Гэхдээ Хятадын хүн амын насжилт нэмэгдэж байгаад аялал жуулчлалын салбарынхан анхаарлаа хандуулж эхэлжээ. 2000 оны байдлаар гэхэд дэлхийн 60 ба түүнээс дээш насны хүн амын 10 хувийг хятадууд эзэлж байв. Энэ нь өссөөр 2050 он гэхэд Хятадын 400 сая гаруй хүн 60 ба түүнээс дээш настай болох аж. Иймд олон улсын мэргэжилтнүүд Хятадын ахмад настан жуулчдын анхаарлыг татах шинэ стратегийг боловсруулж эхэлжээ.

Хятадаас АНУ-д аялах иргэдийн тоо сүүлийн 10 гаруй жил тогтмол өссөөр ирсэн ч өнгөрсөн онд анх удаа буурсан үзүүлэлт ажиглагджээ.

Хятадаас АНУ-д аялсан иргэдийн тоо 2018 онд 2,9 саяд хүрч 5,7 хувиар буурсан болохыг тус улсын Гаалийн мэдээлэлд дурджээ. 2000 онд АНУ-д ирсэн Хятадын жуулчдын тоо 249 мянга байсан бол 10 жилийн хугацаанд 802 мянга болж нэмэгдсэн байв. Улмаар АНУ-аас визний нөхцөлөө зөөлрүүлж, уртын нислэгийн нөхцөл сайжирснаар 2015 онд Хятадын жуулчдын тоо гурав дахин нэмэгджээ.

АНУ нь 2016 ба 2017 онд Хятадаас гурван сая гаруй жуулчин хүлээн авчээ. Гэхдээ Хятадын дундаж давхаргын хэмжээ нэмэгдсээр байгаа тул АНУ-д ирэх жуулчдын тоо буурсан нь улс төрийн шалтгаантай түр зуурын үзэгдэл гэж салбарын ажиглагчид дүгнэсэн аж. АНУ-ын засгийн газрын тооцооллоор 2023 он гэхэд тус улсад ирэх Хятадын жуулчдын тоо 4,1 саяд хүрэх гэнэ.

Хятад жуулчдын АНУ-ыг зорих сонирхол буурсан нь хэд хэдэн шалтгаантай ч хоёр орны хооронд өрнөж буй худалдааны дайн том нөлөө үзүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны нэгдүгээр сард Хятадын нарны зай хураагуур, угаалгын машинд импортын тариф тогтоосноор хоёр орны хооронд зөрчил эхэлсэн юм. Үүний хариуд Хятадын засгийн газраас АНУ-аас оруулж ирдэг олон төрлийн бараа, бүтээгдэхүүнд ижил тариф тогтоосон. Одоогийн байдлаар АНУ-аас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын импортод 10-25 хувийн тариф тогтоосон бол Хятадын талаас 60 тэрбум ам.долларын өртөг бүхий америк бараанд нэмэлт татвар тогтоожээ. Хоёр орны хоорондын худалдааны дайн хятад иргэдийн үндсэрхэг үзлийг өдөөж, АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс татгалзахад хүргэж байна. Тухайлбал,  Бээжингийн олон улсын худалдааны компанид ажилладаг Ван Хайшиа гэгч гэр бүлийн хамтаар АНУ-ын Нью-Йорк, Иллинойс хотод 10 хоногийн хугацаатай аялахаар ирсэн байна. Тэрбээр АНУ-д илүү олон хоног баймаар байгаа ч тус улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахыг хүсэхгүй байгаагаа учирлажээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн зун Хятадын гадаад хэргийн яамнаас АНУ-д аялахаар төлөвлөсөн иргэддээ хандан зэвсэгт халдлага, дээрэм, өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээнээс болгоомжтой байхыг анхааруулжээ. Үүний хариуд АНУ-аас ч Хятадад аялж буй иргэддээ сэрэмжлүүлэг гаргасан.

Мөн Хятадын иргэд сүүлийн үед хол аялахаас илүү ойрын хөрш орон, хотуудаар аялах нь нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотой аж. Хятадын гадаад  жуулчлалын судалгааны төвийн захирал Вольфганг Жорж Арлтын мэдэгдсэнээр 2018 оны сүүлийн гурван сард гадаад руу жуулчилсан иргэдийн 56 хувь нь Хонг Конг, Макао, Тайвань руу аялсан байна. Энэ нь өмнөх оныхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн Хятадын жуулчдын багагүй хувь нь түгээмэл биш орнууд болох Хорват, Марокко, Балба зэрэг орныг зорьжээ.

Үүнээс гадна АНУ-д ирэх олон улсын жуулчдын тоо жилээс жилд буурсаар байгааг ажиглагчид анхааруулжээ. 2017 оны байдлаар АНУ-д ирэх жуулчдын тоо өмнөх оныхоос хоёр хувиар буурчээ. Одоогоор 2018 оны үзүүлэлт гараагүй байна. 2017 онд АНУ-д ирэх жуулчдын тоогоор Хятад улс тавдугаарт оржээ. АНУ нь Канад, Мексик, Их Британи, Японоос хамгийн их жуулчин хүлээн авсан аж. Гэтэл үүнээс 10 жилийн өмнө АНУ-д ирсэн жуулчдын тоогоор Хятад улс эхний 10 орны тоонд ч багтдаггүй байв. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засгийн газраас Хятадын жуулчдыг татах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж, зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний газруудад тус улсын соёл, хэлийг зааж сургасан байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж