"Никитон" хамтлаг Германы хотуудаар тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

"Никитон" хамтлаг Германы хотуудаар тоглоно

"Никитон" хамтлаг Германы хотуудаар тоглоно

Монголын поп-рок хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон "Никитон" хамтлагийн уран бүтээлчид 2019 оны зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын Берлин хотод, зургадугаар сарын 9-нд Дюселдорф хотод бидний сэтгэлд хоногшсон дуунуудаа толилуулах гэж байна. "Никитон" нь өдгөө 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа Монголын амьд хөгжмийн нэр хүндтэй хамтлагуудын нэг юм.

Монголын амьд хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж буй тус хамтлаг гоцлол дуучин, ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн бүрэлдэхүүн дээр нэмээд туслах дуучидтай /back vocalist/ тоглохоор зэхжээ.

Энэхүү тоглолт нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог ба ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам энэхүү тоглолтыг дэмжин ажиллаж, ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ төслийг удирдан зохион байгуулж байна.

Монголын хамтлаг дуучид Европын хотуудаар аялан тоглоод багагүй хугацаа өнгөрөөгөөд байгаа билээ. Зохион байгуулагчийн зүгээс тоглолтуудыг мэргэжлийн түвшинд тоглуулахаар онцгой анхаарч байгаа аж. Ц.Гэрлээ “Никитон хамтлаг бол авьяастай, чадалтай, дээгүүр үнэлэгддэг ховор хамтлаг. Учир нь Монголд өөрсдөө хөгжмөө зохиогоод дуулдаг нь цөөхөн шүү дээ. Үүний дээр энэ жил "Никитон" хамтлагийн 25 жилийн ой тохиож байна. Бидний сонгосон театрууд, хөгжим аппаратурын стандарт, шаардлага хангахуйц хэмжүүрүүдийг тавьж хичээн ажиллаж байна” хэмээсэн.

Өөр нэг онцлог нь тоглолтын хуваарийг тоглох театруудын хөтөлбөрт оруулж, цахим хуудаст нь мэдээллүүдийг герман хэлээр байршуулж, үзэгчид онлайнаар тасалбарыг авах боломж бүрдүүлснээс гадна Берлин хотын урлагийн арга хэмжээний хөтөлбөрт багтсан байна. Үүний гол зорилго нь зөвхөн монголчуудаар хязгаарлагдахгүй, монгол хөгжмийг сонирхсон гадаад үзэгчдэд мэдээлэл нээлттэй байх, тасалбар авах боломжийн аль болох өргөнөөр бүрдүүлжээ.

Зочин дуучин Алма Найду

Баварийн залуучуудын жазз оркестрын гоцлол дуучин Alma Naidu нь Мюнхен хотоос зочин дуучнаар оролцож байгаа аж. Тэрбээр "Никитон" хамтлагтай хамтран монгол болон дэлхийн хит дуунуудаас дуулах юм. Аливаа уран бүтээлчид хамтран тоглох, туршлагаа солилцох үргэлж дуртай байдаг. Тэр дундаа өөр жанруудаар хамтран тоглоно гэдэг уран бүтээлч төдийгүй үзэгч сонсогчдын сонирхол сэдлийг үргэлж өдөөж байдаг билээ.

Алма багаасаа төгөлдөр хуур, хийл, сонгодог болон мюзикл дуучны мэргэжлээр суралцаж, 2016 оноос Мюнхений хөгжимт драмын театрын их сургуульд жазз дуулаач болон хөгжмийн зохиомжоор суралцаж буй. Тэрбээр Нью-Йоркийн "Nublu" Jazz, Бургхаусэны олон улсын жаззын долоо хоног, "Alpenklassik Festival Bad Reichenhall", "EBE" Jazz зэрэг наадмуудад уригдаж, Sandy Patton, Tizian Jost, Joe Haider, Gregor Hübner зэрэг нэртэй жазз дуучид хөгжимчидтэй хамтран ажиллаж байжээ. Жазз, блюз, поп, мюзикл гэх мэт чиглэлүүдэд хөрвөх чадвартай авьяаслаг тэрбээр "New York Voice"-ийн тэтгэлгээр шагнуулж байсан түүхтэй.

Тоглолтын танхимууд

Амьд хөгжмийн тоглолтод нэн тэргүүнд шаардагдах зүйл бол тоглолтын танхим бөгөөд зохион байгуулагчийн зүгээс үүн дээр няхуур хандаж байгаа аж. Барилгын өөрийн түүх онцлог хийгээд тухайн танхимд ямар уран бүтээлчид, ямар төрлийн тоглолтууд болдог нь үнэ цэнийг нь тодорхойлдог. Тухайлбал Берлинд сонгосон танхим бол 1876 онд баригдсан, түүхийн дурсгалт газарт Heimathafen Neukölln театр. Тухайн үедээ дуурь, варьете зэрэг тоглодог байсан бол өнөөдөр үзэгчдийн танхим дотроо баартай хөгжмийн олон урсгалийн тоглолт болохоос гадна уран зохиол, яруу найргийн үдэш гэх мэт арт, алтернатив хөтөлбөрүүдээрээ олонд танигджээ.

Дюселдорф хотын хувьд нийгэм-соёлын төв ZAKK-ыг сонгосон байна.  ZAKK  нь Герман улсын соёл урлаг, харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн хамгийн анхны бөгөөд томд тооцогддог ба анх үйлдвэрийн байр байсныг өөрчлөн засаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа билээ.

ZAKK-ын хөтөлбөрүүд нь үг болон тайз, улс төр ба нийгэм, дуу хөгжим хийгээд бусад олон төслүүдээс бүрддэг байна. Зөвхөн 2017 онд гэхэд нийт 900 гаруй том жижиг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, 150,000 гаруй үзэгч ирсэн байна. ZAKK нь Нийгэм соёлын төвийн хувьд соёл урлагийг нийгмээс салгаж авч үзэлгүй, нийгэм, улс төрийн сэдвүүдийг соёл урлагаар дамжуулан хөндөхдөө гоозүйн таашаалтай уялдуулахыг өөрийн чиг хандлагаа болгодог.

Дюселдорф хотын тоглолтыг Deutsch-Mongolisches Tor in NRW нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж