Швейцарийн холбооны Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Швейцарийн холбооны Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Жак Де Дарделийг хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил болсон бөгөөд Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэг Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж буйг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд бүр үүнээс ч өмнө  Швейцарийн холбооны Улстай харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан. Тухайлбал, Жамсрангийн Цэвээн 1920-иод оны үед Швейцарьтай холбоо тогтоох санал дэвшүүлж байсныг энэ үеэр мөн дурдацгаасан юм.

Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай орон хэмээн үзэж 2013-2016 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ стратеги боловсруулсан байна.  Энэ дагуу Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, Мэргэжлийн боловсрол, сургалт, Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэдийн оролцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд нь хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байгааг Элчин сайд яриандаа онцлов.

Монголд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос Швейцарийн холбооны Улстай харилцах харилцаа идэвхжиж засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах, шууд ардчилал, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, экологи-эдийн засгийг хослуулсан “ногоон” чиглэл хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдэд туслах зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж ирсэн байна.

Монголд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг ирэх 7 дугаар сарын 29-нд тэмдэглэнэ. Монгол Улсад сонгуулийн ардчилал сайн хөгжсөн. Одоо үүнийг иргэдийн оролцоонд тулгуурласан шууд ардчилалын хэлбэрээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнд Швейцарь Улс нэн түрүүнд дэмжлэг үзүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцолж байлаа.

Эх сурвалж: president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж