МАН-аас Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах товыг өнгөрөгч хоёрдугаар сарын 02-нд товлосон. Энэ цаг үеэс эхлэн МАН нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж ажилласан.
Хуульд заасан хугацаанд манай нам Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Мөн хөндлөнгийн байгууллагын судалгаа хийгдэж, тус тойрогт МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсээ жагсааж бэлтгэлээ ханган ажилласан. Гэсэн хэдий ч ҮХЦ-ээс өчигдөр шийдвэр гарч, тус нөхөн сонгуулийг түдгэлзүүллээ. Энэ цаг мөчид манай ээлжит тавдугаар Бага хурал хуралдаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөж байлаа.
Өнөөдрийг хүртэл манай нам бэлтгэл ажлаа сайтар хангаж ажилласан. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болдгоороо болсон бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан. Нөхөн сонгууль нь 2020 оны УИХ-ын сонгуулийн үнэлэмжийг тодорхойлох, ялалтын эхлэл болох ийм сонгууль байх байлаа. МАН Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Агуулга биш, тоо хөөсөн шийдвэр гарлаа гэж дүгнэж байна.
АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа гэж хэлсэн. Үүнд МАН-ын нийт гишүүдийн өмнөөс би харамсаж байна. Харин эсрэгээрээ нөхөн сонгуулийг явуулахгүй байх бодлогыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө барьж байсан. АН-ын залуус намын даргаа огцруулах 15 үндэслэл бүхий шаардлагыг өгсөн. Өнөөдөр энэ сонгуулийн ялагдал нь АН-ын даргад хариуцлага тооцох асуудал үүсэх байсан учраас ялагдахаас айсандаа нөхөн сонгуулийг болгохгүй байх арга хэмжээг эсрэгээрээ АН зохион байгуулсан. Энэ талаар бид тодорхой мэдээлэлтэй байсан. Улс төрийн хийрхэл хэрээс хэтэрлээ.
МАН-ын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл:
-МАН улс төрийн сонгуулиудад байнга оролцож ирсэн хүчин. Тэр утгаараа төрийн бодлогын гадна нэг ч иргэн үлдээхгүй байх үүднээс Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор өнөөдөр МАН-ын бага хурлаа хийж, тодруулахаар байсан. Эрх баригч хүчин рүү АН их дайрч, давшилж байна.
Энэ нь 2012-2016 оны хооронд АН Засгийн эрхийг барьж байхдаа төрийг жонхууруулж эдийн засгийг сүйрүүлж элгээр нь хэвтүүлсний хор уршгийн хариуцлагыг тооцох асуудал ярьж эхэлсэнтэй холбоотой. АН-ын бүлэг саяхан тарсан. АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна лээ. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний зүгээс улс төрийн бүхий л байдлаар дайрч давшиж байна. Өнөөдөр АН-ын дарга манай намын талаар болчимгүй мэдээлэл хийлээ. Бид нөхөн сонгуульд оролцоход бэлэн, бэлдсээр ч ирсэн.
Сонгуулийн штабаа байгуулж 2-3 удаагийн судалгааг намаасаа болон хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн. Аль ч судалгааны дүнгээр манай намын нэр дэвшигчийн рейтинг өндөр байгаа. Харин АН дотроо хоёр хуваагдаж, намын дарга байсан хүн нь намаасаа гарч шинэ хөдөлгөөн байгуулсан. Магадгүй нөхөн сонгуульд нэр дэвших сонирхолтой. Өөрөөр хэлбэл АН-аас угшилтай 2-3 хүн нөхөн сонгуульд нэр дэвших болзолтой байсан. Ийм учраас АН тус сонгуульд ялагдах цаашлаад АН-ын даргын асуудал яригдах эрсдэлтэй байсан учир АН-ынхан нөхөн сонгуулийг явуулахгүй байх тал дээр бүх талаасаа ажилласан.
Олон иргэн ҮХЦ-д гомдол гарсан байсныг нь МАН зохион байгуулсан мэтээр ярьж байгаа. Энэ байдлаа АН-ын удирдлагууд зогсоох ёстой гэдгийг хатуу мэдэгдэж байна. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хуулийн дагуу авч хэлэлцэх байх. Хэрэв сонгууль болбол манай нам оролцоно.
-ҮХЦ улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байна уу?
-МАН-ыг сонгуульд бэлтгэж байх явцад ҮХЦ шийдвэр гаргалаа. ҮХЦ захиалгаар шийдвэр гаргадгийг зарлаад байгаа хүмүүс нь сайн мэдэж байгаа байх. С.Эрдэнэ даргаас асуух хэрэгтэй.
-АН-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах сонирхолгүй байсан гэж хэллээ. Үүнийг нотлох баримт, мэдээлэл байна уу?
Та нар өөрсдөө судлаад АН-ынхнаас асуусан дээр байх.
-Танай нам албан ёсоор нэр дэвшигчээ зарлаагүй байгаа. Хэрэв нөхөн сонгууль болбол оролцох уу?
Оролцоно. ҮХЦ одоогоор нөхөн сонгуулийг түдгэлзүүлээд байна. УИХ Цэцийн шийдвэрийг хэрхэн хүлээж авахыг бид мэдэхгүй байна. Нөхөн сонгууль маргааш боллоо гэхэд манай нам оролцоно.
Холбоотой мэдээ