Төрийн нүд, чих ажиллахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Төрийн нүд, чих ажиллахаа больжээ

Төрийн нүд, чих ажиллахаа больжээ

Төрийн нүд, чихүүд ажиллахаа больжээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарах лагийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд асгаж, оршин суугчдын эрхэнд халдаж байхад Мэргэжлийн хяналтынхан нь мэдэхгүй.

Ерөнхий сайд нь “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас хумсалсан томчуудын барилгыг нураа гэдэг чиглэл өгөөд сууж байхад Нийслэлийн Газрын алба нь энэ тухай нэгдсэн мэдээлэлгүй. Товчхондоо эзэмшилтэй, өмчлөгчтэй газрыг нэг дураараа нөхөр гадас хатгаад хашаалчихсан байхад харьяалах газар нь мэдэхгүй гээд суухад сийхээргүй л байна.

Төрийн тусгай хамгаалалтад байдаг Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад 10 гаруй хонолоо. Хуулийнхан ажиллаж байгаа гэдгээс өөр тоймтой мэдээлэл алга.

Төмөр торон хашаанаасаа эхлээд л харуул хамгаалалт угтаж, Төрийн ордон руу нэвтрэх болоход л “террорист” орж ирж буй юм шиг шалган нэвтрүүлдэг эл объектод ердөө гуравхан камер ажилладаг гэхээр гайхмаар. Гэр хорооллын хүнсний дэлгүүр аюулгүй байдлаа хангаж, камер суурилуулсан байхад улсын төрийн нууц агуулдаг, төрийн гурван өндөрлөг нь 75 гишүүнтэйгээ ажил үүргээ явуулдаг объектыг ингэж хамгаалах нь хоцрогдсон арга барил биш үү.

Эл харамсалтай хэрэг болсон өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хөлчүү байсан тухай УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өнөөдөр /2019.05.28/ мэдэгдлээ. Хэдхэн сарын өмнө Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан. Сархад савнаасаа халихаар юу болдог вэ гэдгийн гашуун сургамж байсаар атал өрөөндөө хэсэг бүлгээрээ ууцгаасан болж таараад буй.

Хамгийн ноцтой нь, өрөөндөө архидсан УИХ-ын гишүүн нь ордны цэвэрлэгчийг дуудан цэвэрлэгээ хийлгэж, цусны толбо байж мэдэх зүйлийг арилгуулсан гэх мэдээлэл ч гарч эхлэв. Мөн цагдаа Төрийн ордон руу нэвтэрч хэргийн ул мөртэй холбоотой зүйлийг нарийн шалгах гэхээр Төрийн ордны дүрэм журмаасаа эхлээд саад учруулах болж…

Аргаа барахдаа Ардчилсан намын зүгээс Олон улсын парламентын холбоонд хандаж, хэрэг явдлыг шалгах шатанд хяналт тавихыг  хүслээ. Төрийнх нь нүд, чих ажиллахгүй байгаа учраас хэрэг үнэн зөвөөр илэрнэ гэж найдаж ч чадахгүй байна.

Хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Сэржмядаг охин сураггүй болсон. Одоо болтол хэргийн сэжүүрийг гаргаж чадсангүй.

Ийм л төртэй болж…  Төр хэзээнээс нүдээ нээж, чихээ онгойлгох вэ. Энэ улсад Монгол хүнд амьд явах баталгаа байна уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж