УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 62.2 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд давж заалдах шатны шүүх, дүүргийн анхан шатны шүүхийг дагнан байгуулахаар тусгажээ. Ингэхдээ давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах. Мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэтээр заажээ.
Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Булган аймгийн Давж заалдах шатны шүүх Эрдэнэт рүү шилжихээр олон хүндрэл гарна. Жишээ нь Булганд хоригдчихсон байдаг. Эцэг, эх нь хүүхдээ гаргаж авахын тулд Эрдэнэтэд очиж, Давж заалдах болж байна. Шүүх өөрийгөө бодсон ийм хууль санаачлах нь буруу. Иргэний нүдээр харж, тэдэнд үйлчлэх талаас хууль санаачлах ёстой” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Шүүгч өөрөө очиж үйлчилнэ. Сардаа хоёр удаа томилолтоор очоод хэргийг шүүнэ. Шүүгч томилолтоор очиж ажилласнаар эдийн засгийн нэмэлт зардал гаргахгүй байх зарчим баримталсан. Жилдээ 151 сая төгрөг гарна. Цагдан хорих зэргийг Анхан шатны шүүхээр шийддэг” гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Бүсчлэх байдлыг болъё гэж ярьсан боловч хэрэгжсэнгүй. Сардаа хоёр удаа очиж хуралдах боломж бодит амьдрал дээрээ байгаа юм уу. Төслөө хар, Давж заалдах шатны томилолтоор очиж ажиллах зардал яваад өгөх нь” гэж байлаа.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Иргэнийг хорилгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох бүрэн боломжуудаар хангаж байх ёстой” гэсэн саналыг мөн дэвшүүлж байлаа.
Байнгын хорооны саналыг Ё.Отгонбаяр татуулахаар яадаг юм
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Байнгын хороогоор дэмжээд явуулсан саналыг Хууль зүйн байнгын хороон дээр унагасан байна. Аймгийн төвөөсөө 400 км алсад байгаа суманд архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг аймгийн түшмэд өгөх нь. Дүүрэг хар бор хамаг юмыг хийдэг атлаа нийслэлийн түшмэд архи, согтууруулах ундааны зөвшөөрөл олгох нь хаана, юу байгаагаа мэдэх юм уу гэж ярьж, санал гаргаад дэмжсэн. Одоогийн дэмжлэг хүлээсэн хувилбараар хуулийг батлах юм бол архидан согтуурахын эсрэг тэмцэх аргагүй” гэж байлаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хуулийн төсөлтэй холбоотойгоор Нийгмийн бодлогын байнгын хорооноос дөрвөн санал орж ирсэн. Нэг санал дэмжлэг хүлээж, хоёр санал олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй. Нэг саналыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр татаж авсан” гэсэн хариулт өгөв.
Үүнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Батцогт “Байнгын хорооноос гаргасан саналыг яахаараа Ё.Отгонбаяр гишүүн татаж байдаг юм бэ” хэмээн бухимдав.
Эцэст нь хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болж, Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Татварын шалгалт хийхийн өмнө урьдчилан мэдэгдэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь чуулганы хуралдаанаар дэмжлэг хүлээсэн юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд татварын тайлангаа цахим хэлбэрээр гаргаж өгөх харилцаатай холбоотой зохицуулалт тусчээ. Мөн татварын газраас тухайн аж ахуйн нэгжид шалгалт хийх бол урьдчилж 10 хоногийн өмнө мэдэгдэх юм байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улирал бүрийн эцэст авах зохицуулалт тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Алтны компани Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөхгүй байвал яах вэ. Энэ тохиолдолд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авч болох уу” гэсэн асуултыг тавив.
Холбогдох албаны хүний тайлбараар бол татварын хууль зөрчсөн бол хуулиараа шүүх, цагдаад өгнө. Татварын байгууллагын хувьд тухайн аж ахуйн нэгжийн дансыг хаах, хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахаас үйл ажиллагааг нь бүхэлд нь хаах эрхгүй аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Цахим хэлбэрээр татварын баримт тайлан авдаг болох нь. Гарын үсэг байхгүй тохиолдолд цахим хэлбэрээр үйлдсэн тайланг яаж ч ашиглаж болно. Цаасан дээр зурсан гарын үсгийг скайнердах болж байна уу. Зайлшгүй тохиолдол гэдгийг юу гэж тодорхойлсон бэ. Татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг битүүмжилнэ гэнэ. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж татвараа төлж чадахгүй болсон нөхцөлд хөрөнгийг нь битүүмжлээд байвал яаж орлого олох вэ” гэж асуудал хөндөв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариултаар бол татварын байгууллага хяналт шалгалт хийх тохиолдолд тухайн компанидаа заавал 10 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ. Түүнийгээ зайлшгүй тохиолдол гэж тодотгожээ. Тайланг цахимаар авахтай холбоотойгоор цахим гарын үсэг, цахим тамга тэмдгээ ашиглах юм байна. Одоо татварын байгууллагад тайлан гаргаж өгөхдөө аж ахуйн нэгж эхлээд цахим хэлбэрээр гаргачихаад дараа нь хэвлэж, түүнийгээ татварын албанд авчирч өгдөг аж.
МАН-ын бүлэг завсарлага авав
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд маргаан дэгдэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нар тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэйг 62-т хүргэхээр Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгачихсан байтлаа “Тийм зүйл бодлогод тусгаагүй гэж худлаа ярих хэрэггүй. Энэнд олон нийт бэлтгэлгүй байна.
Хоёрдугаарт, бодлогод эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг ижил түвшинд хүргэнэ гэж заасан нь нэг бол эмэгтэй тэтгэвэрт гарах насыг хойшлуулах, эс бол эрэгтэй тэтгэвэрт гарах насыг урагшлуулах зүйл болж байна. Үүнд тайлбар хийх ёстой” гэж байв. Гэвч тоймтой хариулт авч чадаагүй юм. Улмаар энэхүү заалттай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв. Завсарлага авсан үндэслэлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Тус бодлогод эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах доод насыг ижил төвшинд хүргэнэ хэмээн заасан нь агуулгын алдаа үүсгээд байна. Хэрвээ ийм байдлаар бодлогыг баталбал, нэг бол эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг урагш татах, эс бол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах болно. Дэлхийн аль ч улсад эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах нас ижил байдаггүй, ялгаатай. Энэ асуудлыг эргэж харъя, маш том асуудал болох нь” гэсэн юм.
Ирэх оны үндсэн чиглэлийг үргэлжлүүлж хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан юм. Эдийн засгийн байнгын хороогоор энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ирэх жил хэрэгжих боломжтой асуудлыг тусгаж, өгч нэлээд өөрчлөлт оруулсан байна.
Г.ДАРЬ