Олон нийтийн сүлжээнд “Зүүнхараа дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэнийг зодож, тархины ясыг нь хугалжээ” гэсэн мэдээлэл энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр тавигдсаны дагуу ЦЕГ-аас албаны шалгалт явуулжээ.
Уг шалгалтаар Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны дөрөв дүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлсан тул шүүгчийн энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 994 дүгээр захирамжаар эрэн сурвалжлан, олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр А-г баривчилжээ.
Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгөхөд биед нь ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлтгүй байсан аж. Харин цахим сайтад тавигдсан гэрэл зурагт баруун нүдний хавдар нь түүний хуучин бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй бөгөөд нус нийх үйлдэл хийснээс богино хугацааны хавдар үүссэн нөхцөл байдлаас бий болсон гэдгийг хорих ангийн эмчийн дүгнэлт болон хяналтын камерын бичлэгүүд, анхан шатны шүүгчийн туслах, тухайн үед үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Э.АРИУН